УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын “Намын дарга ба сэтгүүлч” уулзалт нэвтрүүлэг, ярилцлагыг үзээд хэд хэдэн дүгнэлтэд хүрснээ уншигч Та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо. Энэ удаагийн ярилцлага урьд урьдын ярилцлагуудаасаа жин дарсан, даацтай ярилцлага болсныг онцлох нь зүйтэй. Мөнхүү өнөөдрийн нийгэм, монголчуудын амьдрал яагаад муудах болсон, эдийн засаг юуны учир хямарсан зэргийг улс төрийн тогооны гүнд нь байгаа тэрбээр тун ч ойлгомжтой тайлбарлан ярьжээ. Түүний ярианаас өнөөгийн эрх баригчдын алдаатай бодлого, арчаагүй байдлаас болж бид ийм байдалд хүрчээ гэдгийг ойлгож авлаа. Ялангуяа өнөөдрийн эрх барьж байгаа Ардчилсан нам дотроо учраа олж чадахгүй байж яаж төр барих юм бэ? гэдэг асуултыг өөрөөсөө асууж үзэв. Ингээд олон зүйлийг нуршилгүй түүний ярилцлагаас олж харсан зүйлүүдээ толилуулъя.

Нэг. Монгол Ардын Нам бол ХХ зууны түүхийг бүтээсэн улс төрийн хүчин. 1921-1990 оны хооронд болсон үйл явдлыг аль болох бүдгэрүүлэхээр оролдож байна.

МАН-ын дарга ийн өгүүлжээ. Үнэхээр ч өнөөдрийн өрнөж байгаа, хотын дарга, эрх баригчдын явуулж байгаа бодлого, ярьж байгаа бүхэн бүхэл бүтэн Монгол Улсын 90 жилийн түүхийг бүдгэрүүлэх зорилготой байгаа нь үнэхээр харамсалтай. Хүссэн ч эс хүссэн ч МАН-ын туулж, явж ирсэн 95 жилийн түүх бол Монгол Улсын түүх. Тэр тусмаа тусгаар тогтнол, эрх чөлөөтэй шууд холбогддог түүх юм. Гэвч АН-ынхан их эзэн Чингис хаанаар далайлган тусгаар тогтнолын түүхийг бүдгэрүүлэх гэж оролдож байгаа нь монгол хүнээс гарамгүй сэдэл, сэтгэгдэл билээ.

Хоёр. Биднийг өнгөрсөн арваннэгдүгээр сард Засгийн газарт хамтарч ажиллахыг урьж залж, Ерөнхий сайд манай бүлгийн хуралдаанд сууж “Та нарын мэдлэг, туршлага бидэнд хэрэгтэй” гэж тав, зургаан цаг ярьсан.

Үнэн хэрэгтээ Шинэчлэлийн Засгийн газрын тарьсан балгийг цэвэрлэх зорилгоор хүний нөөц муутай АН-ынхан МАН-ыг царай алдсан явдал болсныг монголчууд мэднэ. МАН засагт хамтарснаар эдийн засгийн уналт арай нааштайгаар эргэж байлаа. Харамсалтай нь монголчуудыг ядуу, оюуны чадавхигүй байлгах зорилготой эрх баригчид энэхүү сэргэлтийг хүлээн зөвшөөрч чадаагүй. Үүнээсээ улбаалан жижигхэн шалтгаанаар МАН-ыг засгаасаа хөөчихсөн юм. Өнөөдөр Ч.Сайханбилэгийн Засгийн газар дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Түүний эл өрөвдөлтэй байдал МАН-ыг засгаас гарснаар эхэлсэн билээ.

Гурав. Эдийн засаг 17.6 хувьд хүрсэн нь манай улсын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн өсөлт. Олон улсын хэмжээний аль ч судалгаанаас харахад 17.6 хувийг хэлээд өгнө. Өнөөдөр эдийн засгийн өсөлт гурван хувь болчихоод байгаа нь ч үнэн.

УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд МҮОНТ-ээр “Монгол Улсын эдийн засаг 17.6 хувь хүртэл өссөн гэдэг нь худлаа” хэмээн төрийн хүнд баймааргүй царай гаргаж ярьсан юм даг. 2012 онд Сү.Батболдын Засгийн газар 17.6 хувийн өсөлттэй эдийн засгийг Н.Алтанхуягийн Засгийн газарт хүлээлгэж өгснийг тухайн үеийн олон улсын ямар ч судалгаанаас олоод үзчихэж болно. Харамсалтай нь УИХ-ын даргын зөвлөхүүд англи хэл мэддэггүй юу, мэддэг ч хэлж өгсөнгүй юу. Нөхөр дарга бүхэл бүтэн үндэсний сувгаар тоосон шинжгүй худлаа бурж суух юм. Тэгвэл 17.6 хувийн өсөлттэй байсан эдийн засаг юуны учир гурван хувь болтлоо буурсан талаар яагаад ярьсангүй вэ. Ер нь АН-ынхан төрийн эрхэнд гарахаараа ямар нэгэн тоон үзүүлэлтийг өөрчилж ярихдаа гарамгай улс юм. Харин УИХ-ын даргын эл төөрөгдлийг МАН-ын дарга М.Энхболд ярилцлагадаа тов тодорхой залруулчихжээ. УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд урьд урьдынхаасаа арай л өөр өнцгөөс ярьсан нь тун чиг анхаарал татлаа. Юутай ч түүний ярилцлагаас эх орон, газар шороо, ард түмнээ гэсэн чин сэтгэл харагдаж байна. Албархсан шинжгүй, товхийсэн хариулттай ярилцлагын бодол цааш үргэлжлэх болно.

Чингэлтэй дүүргийн иргэн,

ахмад сэтгүүлч Д.Жунай