Тавиад оны үед буурал Дашийн Сундуйжав гэж Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын бага сургуулийн багш байлаа. Надад А үсэг таниулсан энэ ачит багшийнхаа тухай болон сургуульд анх орсон миний бага насны дурсамж өнөөг хүртэл санаанаас минь ер гардаггүй юм. Сундуйжав багш бол хөдөө нутгийн эгэл жирийн олон багш нарын л нэг л дээ. Иймээс түүний тухай өгүүлэгч миний бие энэ дурсамжаа “Хөдөөгийн багш” хэмээн гарчигласан болно.

Багш маань багадаа даншгийн начин эцгийгээ дуурайсан бядруун биетэй тул сайн бөх болно гэцгээж байсан ч тэрээр бөх болохгүй, “Булуу ногооны” жолооч болно гэдэг байжээ. Тэр үед эх орны дайнаас эхлэн орос оронд хэрэглэж байсан ачааны полуторка хэмээх 1,5 тоннын даацтай ГАЗ-АА маркийн автомашин манайд орж ирсэн тул монголчууд мэддэг байв. Модон бүхээг, хаалгатай, нүүр хажуудаа цонхны шил мэт хавтгай шилэн салхивчтай модон суудалтай ч хөдөөний бидэнд бол маш чамин эд байлаа. Манайхан “Булуу тэрэг” гээд байдаг учир нь полуторка |1,5 тонн гэсэн утгаар| гэдэг орос үгээс л полу-г нь авч тэр нь булуу болж монголжоод “Булуу ногоон тэргээр Булган аймаг поехал” гээд л хөгжилдөж байсан цаг л даа. Гэсэнч багш маань “Булуу ногооны” жолооч ч болсонгүй, бөх болж ч тэгтлээ барилдсангүй Баруунбүрэнгийн бага сургуулийн бөөрнөөс салахгүй явсаар багш болох ийм л учир, ерөөлтөй Бургалтайн үрсийг бичиг номд сурган, гарыг нь ганзагад, хөлийг дөрөөнд хүргэж өгөх өртөй юм шиг төрсөн хүн байсан юм.

Миний бие 1952 онд сумынхаа бага сургуульд анх орж билээ. Тэр үед хүүхдүүд найман настай сургуульд ордог байсан ч зарим нь бүр ес, арав хүрсэн хойноо л орж байсиймаа. Миний өмнөх ах, эгч нар маань сумын төвд сургуульд орсон тухайгаа их сонин юм ярьж, адууны хомоол, алаг чулуунаас өөр тоглоом үзээгүй би гэдэг хүн тэр тэвэг, маатаг тоглох, жартай харайх гээд л их чамин нэртэй гоё тоглоом тоглодог, цана, чаргаар явдаг, бас бичиг зааж “Үүлэн бор” гэдэг гайхамшигт морины тухай ном байдаг тэр газар очиж үзэхийг л ихэд сонирхож байсан хэрэг. Нэг удаа надтай хамт тоглож өссөн аминдай найз Бадарчийнхаа хамт сумын төвд ирээд тэр гоё сургуулийг нэг үзчихмээр санагдаад тунчиг болдоггүй. Тэгээд очтол өндөр сургааган хашааны гаднаас нь олигтой харагдах юм үгүй, зөвхөн сургуулийн байшингийн ногоон орой нь л цухуйж харагдав. Хоёул морьтойгоо хашаан дотор нь ороод явцгааж байтал хойд талын том цагаан гэрээс нэг хүн гарч ирээд

-Тэр морьёо унахан хөвгүүд нааш ирэгтий гэж байнаа. Бид ч нөгөөх хүнээс айгаад буцаад л давхичихсан. Гэртээ ирээд байж байгаад намар нь ээж нар маань сайн морьдоо шилж, сайхан эмээлээ тохоод, саалийн дээлээ сольж, саатай алчуураа зангидаад миний эгч Надмид, анд Бадарч биднийг дагуулан сургуульд оруулахаар мордлоо. Бадарчийн ээж Цэнд гуай бол Сундуйжав багшийн аав буурал Даш гуайн өргөмөл охин бөлгөө. Сургууль дээр очтол гадаа үүдээ улаан туг, лоозонгоор чимсэн сургуулийн довжооны өмнө олон хүүхэд, тэдний эцэг эхчүүд цугларчээ. Баруунбүрэнгийн бага сургуулийн 1952-1953 хичээлийн шинэ жилийн нээлт эхлэн багш нар довжоон дээрээс үг хэлж нэгдүгээр ангид орж буй хүүхдүүдэд баяр хүргэж байлаа. Нэгдүгээр ангид орох охин Тасрангийн Цэцэг, ахлах ангийн сурагч Осорын Бүрэнжаргал нар улаан тууз бүхий хонх жингэнүүлэн бид бүгд дагалдан дотор нь ортол том цэлгэр өрөөнүүдийн хаалга цөм нээлттэй, дотроос нь шинэхэн будгийн үнэр ханхалж байв. Биднийг хүргэж ирсэн ээж нарыг маань үлдээгээд нэгдүгээр ангид орох хүүхдүүдийг хамгийн эхний өрөөнд оруулж эгнээ олон модон ширээнд хос хосоор нь суулгав.

Би аминдайнхаа хамт нэг ширээн дээр сууж байтал багш бололтой нэг хүн орж ирлээ. Гэтэл тэр хүн бол биднийг “нааш ирэгтий” гэж дуудаж байсан нөгөөх хүн яах аргагүй мөөн. Бид дуудахад нь зугадсан дээрх явдлаа санаад ихэд айж байв шүү. Энэ хүн бол тэр үеийн сургуулийн захирал Тасран байсан юм билээ. Тасран багшийн араас хоёр танихгүй багш, мөн хэзээний таних Сундуйжав багш маань орж ирлээ. Тэр танихгүй багш нар бол сүүлд бидэнд багшилж байсан ах, дүү Баянсангийн Рэнцэн, Дамдиндорж нар Бургалтайн сургуульд олон жил ажилласан эдгээр сурган хүмүүжүүлэгчид, авъяаслаг уран сайханчид, сумын концертод оролцдог дуучид, жүжигчид, хөгжимчид байсиймаа. Тэд цөм даалинжин дээлтэй, цагаан ултай шевро гуталтай, дээлийнхээ энгэрт нь авторучка хэмээх гоё үзэг зүүдэг, нудрага тавьдаггүй байсан. Сундуйжав багш маань бид хоёрыг хараад

-Аа, манай хоёр аварга хүрээд ирээ юу гэж байлаа.

Багшийн маань өвөг дээдэс бол Түшээт хан аймгийн Ахай гүний хошуу буюу өнөөгийн Бургалтай нутгаас гаралтай, түүний аав буурал хэмээх Дамдинжавын Даш |ахаараа овоглосон байж| гуай бол Бургалтай, Урт, Шувуутын голоор нутаглан идэр залуу насандаа даншиг наадамд барилдаж начин болж байсан нутаг орондоо нэр хүндтэй малчин хүн юм. Сундуйжав багшийн ах дүүс бол мөн л Бургалтай, Урт, Шувуутын голоор нутагладаг хуучны наймдугаар багийн унаган хүмүүс, Даш гуайн анхны эхнэр Дашжид, удаах эхнэр Сосор нар дараалан өвчний улмаас насан өөд болсон тул тэд миний мэдэхийн л гурвуулаа л амьдардаг байсан шиг санагдана. Даш гуай ах Дамдинжаваасаа охин Цэндийг үрчилж авсан ч Цэнд, Даш гуайн төрсөн охин Цэвэлмаа бага дүү Жамьяндоржоо дагуулаад өрх тусгаарласан тул хоёр хүү Дагва, Сундуйжав нар нь гэртээ үлджээ. Дашийн Дагва гуай бол Сундуйжав багшийн маань төрсөн ах нь юм. Тэрээр багадаа нуруугаа гэмтээснээс бөгтөр болж бүхий л амьдралдаа хөдөлгөөний бэрхшээлтэй болсон юм. Гэсэн ч тэрээр бичиг үсгийн чамгүй боловсролтой болж шинэ, хуучин монгол бичгээр маш сайхан бичдэг, нягтлан, агент зэргийг өлхөн хийчихдэг, сампинд гарамгай тэр үеийн лут сэхээтэн хүн байв. Дагва гуай өөрөө их нямбай хүн тул дүү Сундуйжавыгаа бүр багаас нь зааж, чиглүүлж, сургадаг, буруу юм хийвэл загнадаг бүр цохиод авдаг, дүү нь ч ахаасаа их айдаг, үгнээс нь ер гардаггүй байсан гэдэг. Нэг удаа багш маань түлээнд яваад гэртээ ядарсан байдалтай орж ирж гэнэ. Дагва ах нь дүүгийнхээ өмссөн дээл нь урагдаж, үс сахал нь ургачихсан, царай зүс муутай ирснийг хараад дотроо ихэд өрөвдсөн ч эл бодлоо ил болгосонгүй.

-Өдийд чиний насан дээр өөдтөй хүн бол эхнэр, хүүхэдтэй болж өөрийгөө ч, өрх гэрээ ч өөд нь татаад авч явж байх учиртай юм. Өөдгүй хар золиг чи наад дээл хувцасаа, байж байгаа царайгаа хар гэж загнасан юм байх. Хариуд нь багш маань

- Энэ Давагхий гэж. |Дагва ах гэж буй. Багш ахыгаа ингэж авгайлдаг байв| Эхнэр авна гэдэг чинь ямар адуу мал шиг очоод хөтлөөд ирдэг тийм амар ажил юм уу. Ядарч байхад ядаж Та элдэв долоон юм яриад үглээ чавганц шиг гэсэн юм байх. Дагва ах нь

-Юу гэнээ чи. Манай энэ, үг авахгүй дураараа дургисаар бүр хүнээ байх нь ээ. Одоо бүр үг хэлүүлэхгүй өмнөөс загнадаг болж гэм. Чи надаас үг сонсохгүй их том хүн болсон гэж бодож байна уу. Тэгнэ байхаа чи, намайг амьд байхад… гээд цохих гээд далайтал багш маань зайлчихсэн тул ах нь хий гишгээд харуулдаад уначихаж гэнэ. Булиадүү том биетэй, бүл чадалтай багш маань мэгдэн сандарч ахыгаа өргөөд орон дээр нь хэвтүүлчихээд аав, ээждээ зэмлүүлсэн балчир хүүхэд шиг дээлийнхээ уранхай цоорхойг гараараа эвлүүлж илээд ихэд гэмшсэн байдалтай өмнө нь дуугүй л суугаад байсан гэдэг. Түүнээс хойш ах нь зодох гээд далайхад хөдлөхгүй байрандаа л сууж байдаг болсон гэдэг юм. Сүүлд Дагва ахынх нь бие муудаж эхлэхэд багш маань өдөр болгон үүрээд л сумын эмнэлэгт очиж үзүүлж, тариулдаг байсан даа. Дагва гуайн нурууны гэмтэл нь улам хүндэрсэн учраас ажил удаан эрхлээгүй, гэрлэж ч чадаагүй явсаар өвчний улмаас дүү Сундуйжавынхаа гар дээр насан өөд болсон юм.

Намайг анх сургуульд ордог тэр намрын дунд сар дуустал хүүхдүүд бид хөдөө гэрээсээ мориор сургуульдаа явлаа. Мориор сургуульд ирж очих бол жинхэнэ наадмын хурдан морьдын уралдаан шиг өнгөрнө. Ингэсээр хүйтрэхэд манайх Даш гуайнхтай сургуулийн зүүн өмнөх дэнжид айл саахалт буусан юмдаг. Тэд мөн л гурвуулаа амьдарч байсан шиг санагдана. Намайг багш маань “Найдан гуайн |миний аав Найдансүрэнг хэлж байна| энэ халиун толгойт уу, эрх нь дэндчихгүй бол ч юм сурна шүү” гэдэг байлаа. Би багадаа халиун үстэй, айлын ганц эрх хүүхэд байв. Ингээд Сундуйжав багшаараа А үсэг заалгасан юм даа. Үсгээ бараг л дуусгаад уншиж эхэлж байсан үе юмдаг. Ишчээ |Щ| гэдэг нэг үсэг гарч ирж билээ. Багш маань монгол үгэнд ордоггүй, Щорс гэдэг орос үгэнд ордог гэж байнаа. Бид “Иш чээ орос” гэнэ үү, ямар сонин нэр вэ. Иш чааваас.. гээд л инээлдэж байлаа. Щорс гэж дэлхийн дайн болон Октябрийн хувьсгалд гавьяа байгуулсан баатар жанжин гэж бид яаж мэдэхэв дээ.

Манай ангид миний эгч Паламдоржийн Надмид, Сэрээнэнгийн Бадарч, Ламзавын Нарангэрэл, Дагвын |хөндлөн| охин Өлзийбат, Чойжилжавын Хайнзансамбуу, Содномын Балчин, Жамбын Дуламсүрэн,Нумчингийн Өнөр, Тасрангийн Цэцэг, Чойсүрэнгийн Баасанжав нарын зэрэг сурагчид байлаа. Би сургуульд явж байтал аавын маань бие гэнэт муудаж Улаанбаатарт шилжин сууснаар Сундуйжав багштайгаа дахин удаан хугацаанд тааралдсангүй.

Жараад оны эхээр нутагтаа очиход багш маань гэрлэж олон хүүхэдтэй өнөр өтгөн сайхан айл болчихсон байсан. Гэр бүлтэй үр хүүхэдтэй болохыг үргэлж мөрөөдөж байсан Дагва ах нь л харин түүнийг нь үзэж чадаагүй дээ зайлуул. Манай наймдугаар багийхан олон айл Монстойд Майхан толгойн араар Бургалтайн голынхоо эргээр айл саахалт зусцгааж байлаа. Тэр зун мөн ч тогтуун сайхан зун байж билээ. Хүүхдүүд бид наадамд уралдаж, ууланд жимсэнд явж, голд усанд умбаж, зуны даалгавар болох арван зурамны арьс авчрах ажлаа амжуулах гээд нүхэнд нь ус цутган гүйлдэж байсансан. Багшийн хүүхдүүд Хандсүрэн, Доржпалам нар нь том болчихсон Өлзийбүрэн дөнгөж гарч байсан юм уу даа. Тэгэхэд би арван тав хүрч байсан юмдаг. Аав маань бүр өмнө 1954 онд өвчний улмаас хотод очоод насан өөд болж, би аавын хайраар аргагүй л дутаж явсан үе. Сундуйжав багштайгаа олон жилийн дараа айл саахалт бууж анх уулзахад намайг духан дээр минь яг л аав шиг минь үнэрлэн үнсээд “манай Бадарч том сайхан залуу болжээ” гэж байсан нь санаанд тодхон үлдсэн байна. Тэр зунаас хойш бид дахиж тааралдсангүй. Сүүлд гэргий Даваасүрэн гуай нэгдлийн үнээ сааж тэргүүний саальчин, багш маань өөрөө мал маллан тэд аймаг сумандаа алдаршин аварга сайн малчид болж байсан шүү. Багшийн маань удам угсаа, хүү Доржпалам Бургалтайд үр хүүхдүүдийн хамт мал маллан, охин Өлзийбүрэн нарын олон үрс нь Эрдэнэтийн үйлдвэрт ажиллаж амьдарцгааж байна. Би хөдөө бага ангид байхдаа манай сургуулийн онц сурлагатнууд Осорын Бүрэнжаргал, Гэрлийн Цэгмид, Дагвын Буянхишиг, Паламдоржийн Надмид, Чойжилжавын Хайнзансамбуу, Жалбуугийн Чойнхор нарын дэргэд бол сурлагаар төдийлөн гавидаггүй нэгэн байсан, харин хотод ирээд ангидаа хамгийн хурдан уншиж, хамгийн цэвэр бичдэг, шүлэг сайн уншдаг, биеийн тамираар бол ангидаа бүү хэл бүр сургуульдаа тэргүүлсэн гэж байгаа. Сагсан бөмбөг сайн тоглож “Барилгачин” нийгэмлэг болон Монголын залуучуудын анхны шигшээ багийг тэргүүлж улсад хүрэл медаль авч байсан юмдаг. Энэ бол Сундуйжав багшийн маань миний өвч бяцхан бие, өчүүхэн ой ухаанд минь шингээж үлдээсэн өв хэмээн өнөөг хүртэл шүтэж явдаг юм даа.

Сундуйжав багш гаднаас нь харахад уул овоо шиг булиа том бие бялдар, бяр чадалтай, гэрэл цацарсан цайвар шар царайтай, ердийн амьдралд хаа шаагүй, эр хүний хувьд бол гүндүүгүй, их цэвэр цайлган сэтгэлтэй, бал цул мэт боловч уг хүн нь их ажилсаг, зарчимч, сургууль дээрээ бол маш нямбай, багш, сурган хүмүүжүүлэгч байсан юм. Шинэ, хуучин монгол бичиг, тоо бодлогын мэдлэгтэй, түгээмэл мэдлэгийн хувьд өөрийгөө чамбай боловсруулсан, хөдөөгийн амьдралд нухлуулж хал үзсэн тэр үеийн хөдөөгийн сэхээтэн хүн байсан юм. Шинэ, хуучин монгол бичгээр маш цэвэрхэн сайхан бичдэг, түүний бичгийн хэлбэр бол маш уран калиграф л гэсэн үг.
Хүүхдүүд бидэнд ном дэвтэрээ цэвэр сайхан эдэлж, нямбай сайхан бичиж бай. Цэвэр сайхан ярьж сур. Үг бүхэн өөрийн үүрэгтэй, гагцхүү үгээ зөв сонгож, зөв байранд нь тавьж цэвэр сайхан хэлж чадвал яриа чинь хүн ойлгоход хялбар эмх цэгцтэй болно. Аль болох товч, цөөн үгээр санаагаа хүнд ойлгуулахын тулд үгээ тод хэлж, амьсгаагаа зөв авч тайван ярь, хэтэрхий хурдан ярьж үгээ бүү залги гэдэг байлаа. Би “үгээ бүү залги” хэмээхийг ойлгохгүй үгээ залгина гэж яадаг юм болдоо гэж боддог байв шүү. Цэвэр нямбай эдэлж гоё бичсэн хүүхдүүдийн дэвтрийг бусдад нь үзүүлэнэ дээ. Ахлах ангиас .Бүрэнжаргал, манай ангийн Хайнзансамбуу бага ангиас Чойнхор нарын дэвтэрийг бидэнд үзүүлж та нар хичээвээс ингэж гоё бичиж сурна гэдэг байв. Тэр үед бид бэхээ шилэн саванд хийж авч явдаг, 11|номер| билүү зөөлөн үзэг, “шумуулан” гэж хатуувтар үзгээр бичиж парампаашиг |промокашка| гэж зөөлөн цаас дэвтрийн завсар хавчуулж бэхээ дэвтэртээ нялахгүйн тулд хэрэглэнэ. Номер буюу дугаар, промокать буюу ус чийг уусгах гэсэн утгатай орос үгс монголжин энд явж буй хэрэг л дээ.

Багшийн маань бүх юм цээжинд нь байдаг, их ойтой хүн байлаа. Мэдээж хичээлд ашиглах тэмдэглэл |конспект| гэж байсан л даа. Ахаараа, заримдаа ахлах ангийнхнаар номноос хуулж нэмж бичүүлж авдаг гэдэгч, хэзээ ч түүнийгээ харж байгаагүй, зөвхөн дээд газраас шалгахад л үзүүлдэг байсан байх. Аливаа юмны учир утгыг маш чадамгай бөгөөд энгийн жишээн дээр уйгагүй тайлбарлана. Уужим сэтгэлтэй, ажилдаа үнэнч энэ орчлонд ирэхдээ А үсэг ой тойндоо шингээж ирээд, буцахдаа хөдөөгийн багачуул бидэнд өвөрлүүлж өгөөд явсан хүндээ. Биднийг хэзээ ч загнаж, уурлаж байсангүй. Хүүхэд бүрийн сайн талыг олж харж түүнийг нь дэмждэг байлаа. Нэг удаа бид багшийнхаа хамт ууланд мод гүүплэхээр явсан юмдаг. Орос куб гэдгээс гаралтай “гүүп” гэдэг энэ үг бүр монголжиж монгол хэлний үйл үгэнд хувирахдаа гүүплэх болж хураах гэсэн утга агуулдаг. Өдгөө ч манай нутагт ингэж ярьдаг хэвээрээ. Сундуйжав багш цавьдар халзан морио унаж хүүхдүүдээ хайнагийн шар тэргэнүүд дээрээ суулган Тоончийн нуруунд очсон санагдана. Багшийн ах бөгтөр Дагвын цавьдар халзан гэж гайхалтай сайхан морь байсныг санаж байна. Би тэр морьтой Дашцэрэн ахынхаа хамт зургаа авахуулсан нь одоо ч надад бий. Сүүлд сумын заан Тогоо гэдэг хүн авч унаж байсан санагдана. Багш маань аяны богцондоо жаахан мах сах хийж бидэнд хоол хийхээр бэлдсэн юм байж л дээ. Ойд ирээд эрэгтэй хүүхдүүдийн хамт мод унаган цагаалж хайнагнуудаараа булхайлж хураан гүүплэх ажилд орцгоов. Ард үлдсэн охид хүүхдүүд хоол хийхээр бэлдэж байлаа. Нэг том мод хөрөөдөхөд бид дөрвөн хүүхэд зогсоо зайгүй ээлжлэн багштай хөрөөдөж арай чамай дуустал өтгөн ширэнгэн дунд уначихлаа. Хайнагаар татах зай байсангүй тул багш маань ганцаараа татаад гарч өгдөггүй бид араас нь түлхэж туслахаар төвдөж байтал өөрөө суга татаад гаргачихсан юмдаг. Тэгээд биднийг араас нь түлхсэн гэж бодсон бололтой

- Эрчүүд гэсэндээ бяртай байна шүү гэж билээ. Түлхэж амжаагүй байсан бидний бяр гэж юу байхав дээ. Яг үнэндээ бол багш өөрөө ганцаараа татаад гаргачихсан хэрэг. Нөгөө моднуудаа цагаалж хураагаад байж байтал хоолны үнэр гарч байнаа. Иртэл тос нь дааварласан сайхан бантан бэлэн болчихсон уур нь савсаж, үнэр нь хамар гижигдэж байлаа. Хүүхдүүд бид л болсон хойно доо ноцолдож гүйлдэж байгаад нөгөө тогоотой бантангаа дөнгөж гал дээрээс авч модон дээр тавьж байхдаа дайраад асгачихсан юмдаг. Бид багшид загнуулахаас ихэд айж дуугаа хурааж гуниг зарлан чимээгүй болов. Харин багш маань ер уурласангүй
-За хүүхдүүд минь хангай дэлхий ой модоо харамгүй өгсөн юм чинь, бид хоолноосоо жаахан хайрлачихлаа гээд асгасан бантанг өтгөн цастай нь хутган авч дахин буцалгасан боловч багш өөрөө идсэнгүй нөгөө сайхан бантан маань ус голдуу болж хүүхэд бүрт нэг аяга л оногдсон юмдаг. Гэхдээ л ойн цасанд хутгасан бантан сайхан амттай байсаан.

Сургууль тарах үеэр майн баяр, цэрэг татлага гээд сумын төвд малчид цугларч олон баярт үйл явдлууд давхцан бэсрэг наадам болно. Тэр жилийн майн баярын бөхийн барилдаанд Сундуйжав багш маань түрүүлж байд нь нэг боодол дүнсэн тамхи, нэг цай, хөнгөн цагаан данх авч байсан санагдана. Цай, тамхи ховор аль аль нь төлгөн хонины үнэтэй байсан тэр үед энэ бол хөдөөгийнхний хувьд их том шагнал байлаа. Багш маань өөрөө тамхи татдаггүй байсан тул нөгөөх дүнсэн тамхиа задлан ороох сонингоо тосоод очсон хүн бүрд чимх тамхи тавьж өгч байсан юмдаг.

Нутаг усаа хайрлах, эцэг өвгөдөө хүндлэх, хүний итгэлийг даах, хэлсэн үгэндээ эзэн болох гэх мэт өсвөр үеэ амьдралд дөрөөлөхөд зайлшгүй хэрэгтэй бүхнийг суулгаж тэднээсээ юуны өмнө монгол ёс жудагтай хүн гаргаж авахыг багш маань зорьж байжээ. Энэ бол эрдэм мэдлэгийн дээр ёс жудаг, хүмүүжил бүхий зөв хүн бий болгох хуучны философи юм. “Хүний эхлэл хүүхдээсээ” гэж одоо л бодож ээ байхад бидэнд багаас нь ёс суртахуун, сэтгэхүй ухааны боловсрол олгож байж дээ. Иймээс бидэнд байнга найдвар хүлээлгэж, аливааг бие даан давж гарах тэсвэр хатуужилд бэлдэн, зан төлөв, хүнлэг, шудрага, бүтээлч амьдралын хандлага ба эцэг эх, ахмад хүмүүсийг хүндлэх тухай үргэлж номлодог байлаа. Энэ бүгд “Хайр нь дотроо хал нь гаднаа” хэмээх үгийн амин сүнс агаад хүмүүжил гэдэг нэг том агуулга дор багтана. Эдгээр энгийн боловч маш чухал зүйлийг бид ухаарч анзааралгүй явсаар өнөөг хүрч заримдаа харамсах үе ч хааяа тохиодог тал бий.

Багш маань өглөө үүр хаяарах төдий л босч тугал бяруугаа усалж, ахдаа цай ундыг нь бэлдчихээд хичээлдээ явдаг байсан. Хичээлийнхээ дараа үлдэж сургуулийн түлээ мод, засвар гээд л хүнд хүчир ажлыг нугалдаг гэртээ ирээд мөн л түлээ мод, ус цас гээд л гэрийнхээ бүх ажлыг хийдэг тул даалинжин дээлийнх нь ханцуй үргэлж салбархай явдаг байв. Тэр үед хөдөөгийн багш нар зөвхөн хичээл зааснаар ажлаа хязгаарладаггүй байлаа. Тэд хичээлээ заачихаад л сургуулиа орхичихоод гэртээ харьж байсангүй, сурагчдынхаа амьдрал, сурлага, хүмүүжил, эрүүл мэндээс авахуулаад дотуур байр, бүх аж ахуй, санхүүг цаг улирлын ариншинд зохицуулан авч явдаг байв. Өнөөгийнхтэй адил жил бүр цалин нэмэх, засвар үйлчилгээ, энээ тэрээд гээд л улсын төсвөөс үргэлж мөнгө гаргана гэж байсан биш. Бүгдийг багш нар өөрсдөө зохицуулана. Дотуур байрны хоол хүнсийг хүүхдүүдийн эцэг эхчүүд дааж, ус, түлээ, байрны засвараа багш нар өөрсдөө хийдэг, төсөв мөнгөгүй гэж дээш харж суудаггүй байж дээ. Тэр үеийн хөдөөгийн багш, сэхээтнүүд ийм л хүмүүс байсан даа.
Манай ахмад үеийнхний бүтээсэн |Б.Балжинням,Р.Доржпалам| “Говийн зэрэглээ” |1980| кинонд хотын залуу шинэхэн багш алс бөглүү говийн сургуульд очоод тэр сургуулийг яаж өөд нь татаж зорьсондоо хүрч буйг харуулдаг. Одоо манай залуу багш нар хөдөөд очиж орон нутагтаа эзэн болж дэвжин дээшлэх боломж дүүрэн байна. Энэ бол өсч төрсөн хөдөө нутгаа хөгжүүлэх орчин үеийн залуусын ухаарал хандлага юм..
Миний бие гадаад улсад суралцах болсноор багштайгаа дахин уулзах боломж олдсонгүй. Энэ хооронд Сундуйжав багш маань мал маллан амьдарч байгаад Бургалтай нутагтаа насан өөд болжээ. Бурхан болсон багш Таныхаа хойноос хүүхэд биднийхээ төлөө хийсэн ариун үйлс нь тэнгэрийн оронд хүрэх замд нь сүүн цагаан цацал болтугай хэмээн залбирнам.

Өдгөө эрэгцүүлжээ байхад эгэл жирийн хөдөөгийн багш энэ хүн, малчин ардын хүүхдүүд бидэнд А үсгийн агуулгыг сэтгэхүйд нь суулгаж, бичиг номд боловсорсон өсвөр хойч үеэ мөнөө л хөдөөгийн амьдралд сургаж, өсч төрсөн нутагтаа эзэн нь болон амьдрахад бэлдэж байж дээ. Хэрэв бид багшийнхаа үгийг сайн ухаарсан бол баталгаат амьдралын маань эх үүүсвэр болсон үржил шимт мал сүрэг, үр тарианы орон, хөдөө нутгаа орхиод төв суурин газар руу хошуурахгүй байсан ч байж болох юм.

Анх эсгий гэрээс эрдмийн ажлаа эхлүүлж байсан хот, хөдөөгийн бага сургуулиуд өдгөө орчин үеийн сургалт, цахим хэрэгслэл бүхий бүрэн дунд сургууль болтлоо хөгжин анхны багш нарын маань залгамж халаа нь багш гэдэг энэ ариун нэрийг өндөрт өргөн манай нийгмийн хамгийн хүндтэй мэргэжил болгосон юм.
Монгол орны өнцөг бүрт ажиллаж амьдарч буй эрдэмт мэргэн сурган хүмүүжүүлэгч багш нартаа Багш нарын өдрийн баяр хүргэн, залгамж хойч үеэ өндөр боловсрол, хүмүүжил, ёс жудагтай монгол иргэн болгох нөр их хариуцлагатай бөгөөд ариун үйлсэд тань амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Н.Бадарч. Арлингтон, Виржиния. АНУ. 2015.

Эх сурвалж: www.duuren.mn