Сая илүү гарсан хүн амтай нийслэл Улаанбаатарын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, түгжрэлийг багасгах зорилгоор 3.9 сая доллар гарлагадаж Хятадаас худалдаж авсан “Railbus”-ийг сурагласан хүмүүс сүүлийн үед их болжээ.

Уг нь Railbus Дархан-Улаанбаатарын чиглэлд явж байх ёстой. Э.Бат-Үүл дарга жилийн өмнө шийдвэр гаргаж, түүнийг Дархан-Улаанбаатарын хооронд зорчигч тээвэрлүүлэхээр болсноо зарласан. Гэтэл сүүлийн үед “Railbus” Дархан руу явах нь битгий хэл бараа, сураг нь ч дуулдахаа байсан гэж иргэд ярих боллоо. Үнэхээр Railbus хааччихав. “Railbus”-ийг хаана “нуусан”-ыг Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн ажилтнаас тодруулахад “Мэдэхгүй. Хаана байгааг нь мэдэхгүй байна” гэх хариултыг өгөв.

Ямартай ч Railbus хаачсан нь одоогоор тодорхойгүй байна. Э.Бат-Үүл даргыг Новосибирск хот дахь айлчлалаа дуусгаад ирэхээр нь энэ талаар тодруулж, асуухаас.

Нийслэлийн удирдлагууд 2013 оны тавдугаар сард “Railbus”-ийг худалдаж авах шийдвэрийг гаргаж байсан. Ингэхдээ “Railbus-ийг явуулснаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг эрс багасгаж, нийслэлийн иргэдийг дэлхийн бусад хотуудын адил түргэн шуурхай зорчуулна” гэж ярьж байлаа. Гэхдээ тэд ингэж ярихаасаа өмнө ямар нэгэн тооцоо судалгааг хийгээгүйгээс гадна бэлтгэл ажлыг дутуу зохион байгуулсан гэдэг нь хожмын үр дагавраас тодорхой болсон юм.

2013 оны зургадугаар сард “Railbus” Амгалан-Толгойт чиглэлд анхны тээвэрлэлтээ хийж, хотын удирдлагууд бүгдээрээ очин тэвэрч, үнсэх нь холгүй байв.

Тухайн үед хэвлэлийнхнийг бүгдийг нь дуудаж “Railbus авчирсны үр дүн эерэгээр гарна. Үүгээр Толгойтоос Амгалан хүртэл 40 минут л явна” гэж хэлж байсан хүмүүс өнөөдөр энэ талаар үг, дуугүй байна. 2013 онд хотын нэг захаас нөгөө рүү зорчигчдыг тээвэрлэж байсан Railbus удалгүй алдагдалтай ажиллаж эхэлсэн юм. Иргэд "Railbus"-аар явахгүй байсны шалтгаан нь үнэ тарифын асуудлаас үүдэлтэй. Тодруулбал, "Railbus"-ийн үнэ 3500 төгрөг байв. Мөн буудлууд нь төв замаас нэлээд хол, өдөрт цөөхөн явдаг гэх зэрэг шалтгаанаас болж иргэд үйлчлүүлэхгүй байсаар нэлээд хэдэн сарыг үдсэн. Өдрөөс өдөрт алдагдалтай ажиллаж, зардлаа ч нөхөж чадахаа байсан "Railbus"-ийг хотын удирдлагууд удалгүй Дархан руу явуулахаар болсон. Гэтэл Дархан-Улаанбаатарын чиглэлд ч яваад ч амжилт олсонгүй. Одоо бүр хаачсан нь тодорхойгүй байна.

"Railbus"-аар Улаанбаатар-Дарханы хооронд том хүн 20700, хүүхэд 8900 төгрөгийн, Улаанбаатар-Зүүнхараа хооронд том хүн 17300, хүүхэд 7300 төгрөгийн, Зүүнхараа-Дархан хооронд том хүн 15500, хүүхэд 6900 төгрөгийн үнэтэй тасалбараар зорчино гэж байв. Гэтэл энэ үнэ нь иргэдэд өндөр санагдсан уу лав л хүмүүс суусангүй.

РА-2 маркийн 136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой, нэг замтай үед өдөрт гурван удаа, хос замтай үед өдөрт зургаан удаа 100 км/цагийн хурдтай үйлчлэх уг автобусыг ганцхан ширхэгийг авсан нь өнөөдөр алдагдалтай ажиллахад хүргэсэн байх талтай. Нэгийг авахын оронд нэг мөр аваагүй байсан бол өнөөдөр ингэж их мөнгө гарлагадахгүй байж ч болох. Хэрвээ тус автобусыг явуулахаар шийдвэрлэсэн бол эхлээд зогсоол, буудлуудаа бэлтгэхээс эхлээд ойрхон цагт явуулах гэх зохион байгуулалтыг хийх ёстой байв. Гэтэл манай нийслэлийн удирдлагууд ямар ч тооцоо судалгаа хийлгүй сэтгэлийн хөөрлөөр "Railbus"-ийг авчирч, алдагдалд орохын хажуугаар хүмүүсээс нууж хаах зовлонтой боллоо. Хотын дарга энэ мэтээр төсвийн мөнгийг тооцоо, судалгаагүй зарцуулдаг мөртлөө жил бүрийн төсвийн тодотгол хийх үеэр “Мөнгө өгөхгүй байна” хэмээн гомдоллож Ерөнхий сайд, УИХ-ын дарга гишүүддээ хандан ил захидал явуулж буйд иргэд ихээхэн шүүмжилж байна.

Жил бүрийн төсвийн тодотголын үеэр аавдаа эрхэлдэг хүүхэд шиг Ерөнхий сайд, УИХ-ын даргад захидал бичиж мөнгө нэхэж суухын өөрсдөдөө оногдсон мөнгөө хэрэгтэй зүйлд нь зарцуулж, зардлуудаа танаж, Railbus гэх мэт зүйлд тооцоо судалгаагүйгээр хөрөнгө зардгаа л болих хэрэгтэй байгаа юм. Улс орон даяар бүсээ чангалаад эхэлчихлээ шүү дээ цаана чинь.

Нийслэлийн нийтийн тээврийнхэн ажил хаяад нийслэлчүүд явгарч байхад Railbus л хамгийн хэрэгтэй эд болж мэдэх юм. "Railbus"-аа үйлчилгээнд гаргавал яасан юм бэ хотын дарга нар аа.

Т.Энхэлээ

http://www.24tsag.mn