Сүүлийн өдрүүдэд хувийн атобуснууд ажил хаялт зарлан үйлчилгээнд яваагүй. Тэгвэл өнөө өглөөнөөс эхэлж үйлчилгээнд гарч эхэлсэн хэдий ч нийслэлийн удирдлагуудтай учраа ололцоогүй байна.

Нийслэлийн удирдлагын зөвлөл өчигдөр хуралдаж энэхүү асуудлыг хэлэлцээд удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, иргэдийг хохироож байгаа компаниудтай хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн юм.

Харин нийслэлээс явуулах цагдаа, мэргэжлийн хяналтын хамтарсан шалгалтаас айхгүй. Ил тодоор энэ салбарын орлого, зарлага, ачаалал, үйлчилгээ ямархуу хэмжээнд яваа гэдгийг тогтоолгож, хариуцлагатайгаар шалгалтаа өгөхөд бэлэн хэмээн хувийн компаниудын төлөөлөл мэдэгдлээ.

Энэ талаар Тэнүүн-Огоо компанийн захирал А.Ганхуяг "Бид нар тэр шалгалтыг айхгүйгээр явуулж, сэтгүүлчдийн нүдэн дээр дүнгээ тавиулмаар байна. Бид нар илүү санхүүжилт авах гээд мөнгөний араас явсан бол хариуцлагаа иргэдийнхээ өмнө хүлээхэд бэлэн байна" гэсэн юм.