Орчин үеийн залуу гэр бүл гэлтгүй нийслэлийн тогтмол ажил эрхэлдэг иргэд орон сууцанд амьдрах хүсэл сонирхол их байдаг. Гэвч нөхцөл бололцоо бүрддэггүйгээс, иргэд 30 хувийн урьдчилгаа шууд төлж чаддаггүйгээс үүдээд найз нөхөд, хамаатан саднаараа байр түрээслэн амьдрах тохиолдол цөөнгүй.

Тэгвэл Засгийн газраас орон сууц авахаар төлөвлөж буй иргэдэд боломж олгон орон сууцны найман хувийн хүүтэй урьдчилгаа төлбөр 30 хувь байсныг 10 болгож, 20 хувийг Засгийн газар Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргах шийдвэр гаргалаа гэсэн зарлаад багагүй хугацаа өнгөрч байна.


Ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнд орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэлх хувь /урьдчилгаа төлбөр/-д 200 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг арилжааны банкуудад гэрээний үндсэн дээр Хөгжлийн банкнаас гаргах бөгөөд цаашид тус банкинд үүсч болзошгүй эрсдлийг хаах зорилгоор Засгийн газрын баталгаа гаргаж, 2016 оноос эхлэн жил бүрийн Төсвийн тухай хууль болон Засгийн газраас гаргах өрийн баталгааны дээд хэмжээнд тусган, санхүүжүүлэхээр болсон гэх.

Өрхүүдийг амьжиргааны түвшингээр нь 20 бүлэгт хуваадаг бөгөөд 7-15-р бүлгийн иргэд хамрагдах уг зээлд хамрагдах боломжтой аж. Орон сууны Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох саналыг Д.Цогтбаатар сайдын үед гаргаж Засгийн газраар батлуулж, журам нь хүртэл батлагдсан гэж мэдэгдсэн билээ. Гэтэл өнөөг хүртэл уг асуудал удааширч, хэрэгжиж эхлээгүй байна. Үүнээс үүдээд иргэдийн дунд орон сууцны зээлийн урьдчилгааг яах бол гэсэн эргэлзээ, хүлээлт үүсч байгаа юм.

Үүнтэй холбогдуулан Барилга хот, байгуулалтын сайд З.Баянсэлэнгээс тодрууллаа.

Ипотикийн зээлийн урьдчилгаа 10 хувь болгох ажил хэрэгжих үү?

"Орон сууцын ипотикийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох ажлыг хэрэгжүүлнэ. Өмнөх сайдын 10 хувь болгосон асуудлыг цаашид үргэлжлүүлээд аваад явна. Үүн дээр иргэд яах бол гэж гайхаад, хэрэгжүүлэхээ больчих вий гэж сандарч, тэвдэх шаардлагагүй. Гагцхүү албан бичиг боловсруулалт болон гэрээн дээр гарын үсэг зурах асуудлууд байгаа.

Таван талт гэрээ хийгдэнэ. Энэ гэрээтэй холбоотой Техникийн ажилууд явагдаж байна. Арилжааны банкууд зээлийг олгох учраас арилжааны банкуудтай эцсийн түвшинд ярилцаж шийдвэрлэх асуудлууд байна. Тиймээс бид энэ асуудлыг нэлээн урагш нь явуулахуйц хэмжээнд ярилцаж, шийдвэр гаргаж байна. Одоо гэрээнд гарын үсэг зурах талууд л саналаа өгвөл хэрэгжээд эхэлнэ" гэлээ.

Л.Ариун




Эх сурвалж: TIMES.MN