Э.Бат-Үүл дарга бяцхан иргэдийн эрхийг уландаа гишгэж байна

Хүүхдийн цэцэрлэгтэй хаяа дэрлүүлэн автобусны буудал байгуулах нь эрүүл сэтгэлгээ, зөв шийдвэр мөн гэж үү. Хэтэрхий эрсдэлтэй, аюул дагуулах энэхүү шийдвэрийг мөнөөх хотын дарга Э.Бат-Үүл гаргажээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэгийн үүдэнд автобусны буудал байгуулах шийдвэрийг Хот төлөвлөлтийн газар гаргаж, хотын дарга зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан гэх сэтгэл эмзэглүүлж, айдас төрүүлэм мэдээлэл манай сайтад ирэв.

Энэхүү мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах 56 дугаар цэцэрлэгийг зорилоо. Олны нэрлэж заншсанаар 17 дугаар сургуулийн автобусны буудлын урдхан талд орших 56 дугаар цэцэрлэгийн дэргэд ирвэл цэцэрлэгийн хашаатай тулгаж автобусны буудал байгуулахаар хэдийнэ ажлаа эхлүүлсэн бололтой газрыг ухаж, сэндийчсэн байлаа.

Ийнхүү ухаж автобусны буудал байгуулах гэж буй газар нь 56 дугаар цэцэрлэгийн хашааны хаалганаас хоёр ч хүрэхгүй метрын зайтай байсныг хараад бяцхан үрсийн маань амь нас, эрүүл мэнд ингэтлээ үнэ цэнэгүй болсон юм уу даа гэх бодол өөрийн эрхгүй төрж байсныг нуух юун.

Цэцэрлэгийн хүүхдээ хүлээж авах цагтаа зэрэгцэн очсон бид төв хаалгаар орох гэсэн боловч цоожтой байв. Учрыг хүүхдээ дагуулсан эцэг эхчүүдээс тодруулж, цэцэрлэг рүү орох хаалгыг заалгав. Цэцэрлэгийн үүдэн хэсэгт автобусны буудал байгуулахаар газрыг эвдсэн тул арын хаалгаараа хүүхдүүдээ хүлээн авч байлаа.

Мэдээлэл өгсөн эцэг эхчүүдийн төлөөлөл ч биднийг очих сургаар тэнд цугласан байв. Тэднээс хэзээнээс эхлэн тус цэцэрлэгийн үүдэнд автобусны буудал байгуулах ажил эхэлсэн болоод буудал байгуулах шийдвэр нь цаасаараа байгаа эсэхийг тодруулахад нэрээ хэлж, зургаа авахуулахыг хүсээгүй эцэг эхчүүд “Хичээлийн шинэ жил эхлэхээс тав хоногийн өмнө буюу 8 дугаар сарын 25-ны орой цэцэрлэгийн урд техник хэрэгсэлтэй хүмүүс ирж замыг хуулж автобусны буудлын хармай хийж эхэлсэн.

Тиймээс ч бид цэцэрлэгийн удирдлагуудтай хамт ямар учраас хэний шийдвэрээр автобусны буудал байгуулах гэж байгааг гүйцэтгэгч гэх компанийнханаас тодруулахад “Хот төлөвлөлтийн газраас гаргасан шийдвэр Хотын дарга зөвшөөрсөн гээд Э.Бат-Үүл даргын гарын үсэгтэй албан бичиг харуулсан. Харин цэцэрлэгийн удирдлагуудад тэр бичгээ албан ёсоор өгөөгүй харуулсан болоод л авчихсан. Тэглээ гээд бид энэхүү хууль бус шийдвэрийг нь зөвшөөрөөгүй эсэргүүцэж, дүүргийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарт мэдэгдэж эхний удаа ажлыг нь зогсоосон. Гэтэл сар гаруйн хугацаанд байдал хэвээрээ буюу ухсан нүх сэндийчсэн замаа янзлахгүй өнөөдрийг хүрлээ. Тэр ч байтугай сүүлийн хоёр хоногт дахин ажлаа бага багаар явуулах боллоо.

Хотын дарга үнэхээр энэхүү шийдвэрийг цуцалж, хүүхдийн цэцэрлэгийн урд автобусны буудал байгуулах ажлыг зогсоохгүй бол бид тэмцлээ үргэлжлүүлэх болно. Хэрэв энэ эмх замбараагүй замаа засч, хуучин хэвэнд нь оруулахгүй байснаас ямар нэгэн харамсалтай хэрэг гарвал түүний хариуцлагыг бид Хотын даргаас нэхэх болно” хэмээн эцэг эхчүүд мэдэгдэн бухимдаж байв.

Үнэндээ ч Үндсэн хуулиндаа эрүүл аюулгүй орчинд сурч, хүмүүжих эрхтэй хэмээн хар дээр цагаанаар бичсэн байдаг атлаа хэтэрхий эрсдэлтэй, аюул дагуулах шийдвэрийг холбогдох албаныхан гаргаж, хотын дарга зөвшөөрсөн нь үнэхээр хачирхалтай.

Ийнхүү өгүүлэхийн учир ухаан сууж хувь хүн болж төлөвшөөгүй бяцхан иргэд маань цэцэрлэгтээ ирж, буцахдаа автобусны буудал дээр үл тасрах нийтийн тээврийн хэрэгсэлийн өмнө хойгуур орж эрүүл мэнд, амь насаараа хохирохгүй гэх баталгаа байхгүй юм. Мөн нийтийн тээврээр үйлчлүүлдэг хүн бүхний мэдэх автобусны буудал дээрх эмх замбараагүй, бохир заваан орчин тэнд бүрдэх нь хэнд ч ойлгомжтой. Түүнчлэн автобусны буудлын нөр их дуу чимээ тэнд ноёрхох болно.

Ийм атал 56 дугаар цэцэрлэгийн урд автобусны буудал байгуулах шийдвэрийг гаргаж зүрхэлсэн хүмүүс бяцхан иргэдийн эрхийг уландаа гишгэж байгаагаас өөрцгүй юм. Хэрэв энэхүү шийдвэх хэрэгжиж, 56 дугаар цэцэрлэгийн урд автобусны буудал байгуулснаас бяцхан иргэдэд маань ямар нэгэн золгүй явдал тохиолдвол хариуцлагыг нь хэн үүрэх вэ гэдэг ч мөн сонирхол татаж байна.

Ямартай Хотын дарга Э.Бат-Үүл энэхүү шийдвэрийг эргэн харж, 56 дугаар цэцэрлэгт хүмүүждэг 300 гаруй хүүхдийн эрүүл мэнд амь насаар дэнжин тавьж, автобусны буудал байгуулах үгүйг цаг хугацаа л харуулах биз ээ.

Эх сурвалж: http://www.24tsag.mn/