Зөвлөлт Холбоот Улсад мафи буюу зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн үндсийг "Монгол" тавьжээ. Хамгийн аймшигтай, хамгийн харгис, өршөөл энэрэлгүй "Монгол" мафийн тухай Оросын мөрдөн байцаагчид дурсч байна.

"Монгол" хэмээх нэртэй мафийг 1960-аад оны сүүлээр Геннадий Карьков байгуулжээ. Москвагийн унаган иргэн Геннадий Александрович Карьков (1930—1994) анх хулгайн хэргээр өргөст торны цаана суужээ, тэр ази буюу монголжуу төрхтэй болохоор "монгол" гэсэн хочтой болсон байна. Г.Карьков 3 жил шоронд суухдаа гэмт хэргийн дээд сургууль төгсөх шиг болов. Тэр энд ороод Оросын цуутай гэмт хэрэгтэн Вася Бриллианттай нэг камерт хоригджээ. Тэр богинохон хугацаанд Бриллиантын итгэлийг хүлээж чадав. Монгол суллагдах үедээ архагуудаас тусгай захиа авч очсон тул эрх чөлөөтэй болмогцоо хүндтэй угтуулж, дайлуулж, хувцаслажээ.

Тансаг зоогийн газарт цаг өнгөрүүлэх дуртай Монгол энд наргидаг хүмүүсийн ихэнх нь худалдааны байгууллагын ажилтнууд байгааг анзаарчээ. Тэгээд худалдааны мафийг сэгсрэхээр шийдэж, хэрэгжүүлж гарсан. Бүх юм хомсдолтой үед зөвхөн худалдааныхан тансаг амьдарч байв, тэд мафид дээрэмдүүлсэн ч цагдаад очдоггүй байсан. Яагаад гэвэл өөрсдөө хулгайлсан учраас. Иймээс Геннадий Карьковыг рэкетийн загалмайлсан эцэг гэж тооцдог юм байна.

Геннадий Карьков төрөлхийн алуурчин, садист байсан гэж мөрдөгчид нотолж байна. Түүнд шизофрени гэсэн онош тавьж, нэг бус удаа сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж байжээ. Геннадий өөрийн зохион байгуулах чадвар, алсын хараа, заль мэхийн ачаар удалгүй өөрийн мафитай болсон. Анх 30-аад хүнтэй байсан "Монгол" гэмт бүлэглэл сүүлдээ 50-60 гишүүнтэй болжээ. Толгойлогч Монголын итгэлт гар хөл нь Япончик хочит Иваньков Вячеслав Кириллович, Балда хочит Быков Владимир Васильевич нар байв. Дээр нь Битумщик (тэр баривчилсан хүмүүсийн ам руу улайссан, час халуун битум цутгадаг байв), Алуурчин (мафийн гол тамлагч, алуурчин) нэмэгдэнэ. Энэ дөрөв бол Монголын итгэлт дээрэмчин байв.

1971 оноос эхэлж "Монгол" мафи өндөр албан тушаалтнуудын орон гэрт халдаж эхэллээ. Тэд ч бас цагдаад ханддаггүй, яагаад ийм тансаг, сайхан амьдарч байгаагаа Зөвлөлтийн сэргийлэхэд тайлбарлах хэрэг гарна шүү дээ. "Монгол" мафийн овоо хараанд дамын наймаачид, ховор эд цуглуулагчид, хууль бус оёдлын цех, үйлчилгээний салбарынхан зэрэг нууц саятнууд оржээ.

"Монгол" мафийн уриа нь "Хулгайлсныг хулгайлах" гэж болно. Гэхдээ Монгол бол орчин үеийн Робин Гуд биш, тэд зөвхөн өөрсдөө баяжих гэж гэмт хэрэг үйлддэг байв. Тэд анх улайссан индүүгээр тамлахыг санаачилж, мөнгөөсөө салах дургүй хүмүүсийг ойд аваачиж тамлаж байсан. Модонд дүүжлэх, өлгөсөн мөчрөө цавчих, авсанд хийж хөрөөгөөр хөрөөдөх гэх мэт. Мөн "Монгол" мафийнхан баривчилсан баячуудыг шууд хөнөөхгүй харин байнга "саах" бодлогыг баримталдаг байжээ.

Дараа нь Монгол өөрийнхнөө дээрэмдэж гарав, өөрөөр хэлбэл гэмт хэргийн ертөнцийнхнөө. "Общак" буюу дээрэмчдийн буруу аргаар олсон мөнгийг бөөнд нь хадгалдаг толгойлогчдыг ч Монгол сэгсэрч гарчээ. Өмнө нь оросууд нэрд гарсан рецидив гэмт хэрэгтнүүдээ хүндэтгэдэггүй юмаа гэхэд айж, огт гар хүрдэггүй байсан. Харин Монгол хүссэнээ хийж байлаа. Баячуудаас мөнгө салгахын тулд ойд аваачиж өөрөөр нь булшны нүх ухуулах нь "Монгол" бүлэглэлийн нэрийн хуудас болсон байна.

Монгол хочит баригдашгүй Геннадий ба түүний "Монгол" мафийг маш олон жил мөрдөж судалсны эцэст оросууд арай гэж баривчилж, суулгасан. Энэ ажиллагаа Оросын мөрдөгчдийн сургуулийн сурах бичигт орсон байдаг. Монголыг баривчилсан ч ердөө 14 жилийн ял өгчээ, яагаад гэвэл тэр хэзээ ч амьд гэрч, ул мөр үлдээдэггүй байсан юм.

Монгол хэдэн жил шоронд суугаад гарч ирэхэд дэлхий өөрчлөгдсөн байлаа. Оросын мафиуд эх нутагтаа төдийгүй дэлхий даяар хүчээ авчээ. Хэн ч хөгшин Монголыг тоосонгүй. Гэхдээ тэр Францад худалдаж авсан тансаг байрандаа амьдарч чадалгүй хорт хавдраар өнгөрсөн юм.

 

 

http://www.mnews.mn