Та, бид монгол улсын иргэн. Гурван сая хүн амтай болж олуулаа болж буйгаа бахдан тэмдэглэсэн цаг мөч саяхан. Төрсөн бол үхэх нь үнэн гэж үг бий. Хатуу ч гэлээ энэ үнэн үг. Гэсэн хэдий ч бид нэгнээ эрэмдэг, зэрэмдэг болгож бүүр цаашлаад амь насыг нь бүрэлгэсээр байх уу?

 

Ингээд хэлэхээр хутга мэсээр нэгнээ гэмтээж, амь насыг нь егүүтгэсэн байх нь гэж бодож байгаа бол үгүй. Дөрвөн дугуйтай төмөр хүлгээрээ та бяцхан үрсийг минь, ид хийж бүтээх насан дээрээ яваа залуучуудын минь амийг авч одсоор удлаа. Жолооны ард суусан хурд хэтрүүлэгчид, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан, замын хөдөлгөөний дүрмийг мөрдөөгүй зэрэг шалтгаанаас болж зам тээврийн осол гэдгийг үйлдэж байгаа нь өдгөө нуух асуудал биш.

Хүн хэлэхээс, цаас чичихээс нааш цоорохгүй гэдэг дээ энэ талаар дуугарахгүй байж чадахгүй нь. Өдөр болгон зам тээврийн осол гарсаар тоогоо алдлаа. Хамгийн харамсмаар нь хойч үеийг минь хайрлахгүй байгаа нь эмгэнэж байна. Оюун ухаанд хүн атлаа ганц хором хүлээх тэвчээр байдаггүй.

Зарлаагүй дайны улмаас мянга мянган хүн амиа алдаж, зуу зуун хүүхэд хорвоогийн мөнх бусыг үзүүлэв. Өнгөрсөн онд би гэж хүн замын хөдөлгөөний дүрмээ мөрддөггүй сагсуу нэгний гарт амиа алдах шахсан. Явган хүний зам дээр алхаж явахад хурдтай давхин ирж мөргөөд "залуухан жолооч хараалын үгээ урсган" хажуугаар салхи татуулан одсоныг тод санаж байна. Үгүй яаж ч бодсон миний зөв баймаар юм амийг минь таслах гэж байж хүнийг элдвээр дуудахад нь гомдол тээн хамаг бие минь салганан тайвширсныхаа дараа нэгэн танил цагдаа руугаа залган учир байдлаа хэлээд мөнөөх жолооч залууг ховлож гарав. Улсын дугаарыг нь хэлж, шалгаж өгөхийг аминчлан хэлээд өнгөрлөө. Хэд хоногийн дараа өнөөх танил маань залгаад "нөгөө жолоочийг мэдээллийн сандаа шүүтэл настай хүн байна лээ. Тэгэхээр нь дуудаж уулзаж чадсангүй" гэсэн хариуг өгөв. Тэр залуу бусдын машиныг унаж явсан нь тодорхой болсон. Би ч нэлээн хэд хоносон болохоор тайвшраад дуугүйхэн өнгөрөхөөр шийдэж тэгсхийгээд орхилоо.

Зам тээврийн ослоор өөд бологсдын тухай сонсох бүрд сэтгэл минь өвддөг. Учир нь багадаа хамтдаа тоглож өссөн найз минь миний нүдэн дээр амиа алдсан юм. Таван хүүхэдтэй айлын хамгийн сэргэлэн, ухаантай, юм дуулгахаар хүү гэж түүнийг томчуул байнга магтдаг байлаа. Тэр нэгэн бороотой өдөр бид урьдын адилаар гудамжиндаа тоглож байхад найзын маань том ах нь дугуйтай ирсэн юм. Хашааныхаа үүдэнд дугуйгаа орхиход нь өнөөх найзын маань хоёр дахь ах дугуй унах уу миний дүү гээд ардаа суулгаад тав алхам ч явалгүй хорвоог орхисон. Манай гудамжны голд "худаг" байдаг байсан юм. Усны тэрэг тэр өдөр гай нь даарч манай гудамжаар орж ирсэн нь тэр. Уг нь урд гудамжаар орж ирээд "худаг"-т усаа түгээдэг байлаа. Худаг руу эргэх тэр хэсэгт айлын гадаа хашааны үүдэнд морь уяатай байснаас бас энэхүү ослыг гарахад хамгийн их нөлөөлсөн. Хэрэг гардаг тэр гудамж нарийн, дунд хэсэгтээ уруу. Уруудаж явсан дугуйтай найз маань морийг дайруулахгүй гэсэндээ жолоогоо нөгөө тийш нь дарсан байдаг. Гэтэл өөдөөс нь ирж явсан усны машин амжиж зогсож чадаагүй. Тэдний гэрээс ээжийг нь дуудахдаа юу гэж хэлэн дагуулан гарч ирснээ одоо болтол бодоод олдоггүй юм. Усан бороо хувингаар цутгаж байхад ээж нь "миний хүүг яаж байгаа юм бэ" гэж хүүгийнхээ хөрсөн биеийг тэврэн уйлж байхыг хараад... Хэдэн өдөр найзынхаа машинд дайруулсан үеийг зүүдэлсээр хэдэнтээ эцэг, эхээ сандаргаад авсан аа одоо болтол мартдаггүй.

Хүмүүс намайг жолооны үнэмлэхтэй юу, жолоонд суугаа ч гэдэг. Би тэр болгонд "үгүй" гэж хариулдаг. Тийм зүйлийг нүдээрээ харсан надад жолооны ард суух зүрх, зориг байдаггүй юм. Гэтэл осол гаргачхаад шууд хэргийн газраа зугтдаг залуучуудыг хараад өмнөөс нь харамсан халагладаг. Тэд хээв нэг тэр үед би яах ухаанаа ололгүй зугтсан гэж биеэ өмөөрч байхыг хэдэнтээ сонсон удаатай. Өөрийгөө л бодсон болохоос тэрхүү гэмтээсэн хүнээ амьдруулахыг боддоггүй нь ухаант хүн мөн үү гэмээр.

 

 

Сүүлийн 14 жилийн дотор улсын хэмжээнд 70722 хүн зам тээврийн осолд өртөж, зам тээврийн гэмт хэрэгт 24037, 6155 хүн нас барж, 17882 хүн гэмтжээ. Харин нийслэл хотын хэмжээнд хүн зам тээврийн осолд өртөж 59175 хүн, зам тээврийн гэмт хэрэгт 12003 хүн, 1950 хүн амиа алдаж, 10053 хүн хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна. Дайн тулаангүй орон атлаа ийм тооны хүн амиа алдаж байгаа нь зарлаагүй дайныг эхлүүлсэн гэхээс өөр оновчтой нэр олдохгүй нь ээ.

Инээдээр цалгин, үеийнхээ хүүхдүүдтэй тоглон гүйх бяцхан үрс минь энэ зарлаагүй дайны золиос болсоор. Өнгөрсөн оны эхний есдүгээр сард 183 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн бол энэ оны эхний 10 сард 201 хүүхэд гэмтэж 9,8 хувиар өслөө. Мөн оны 10 сард 39 хүүхэд нас амиа алдаж 2015 оны эхний 10 сард 49 хүүхэд нас барж, 25,6 хувиар өссөн. 2015 оны эхний 10 сард улсын хэмжээнд 49 хүүхэд нас барж, 201 хүүхэд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл авсан байна. Энэ оны аравдугаар сарын эхний байдлаар Нийслэлд зам тээврийн осолд 862 хүүхэд өртөж, 14 нь нас барж, 848 нь гэмтэл авсан. Гэмтсэн хүүхдийн 120 нь хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байгааг гэдгийг жолооч та мэдэх хэрэгтэй.

Энэ тоог харж, уншаад өнгөрөлгүй зарлаагүй дайныг зогсооход оролцоно гэдэгт бат итгэж буйгаа уламжлав.

Х.Даваа