"The Mongolian Mining Journal" сэтгүүлийг Үүсгэн байгуулагч, Эрхлэгч Лунтангийн БОЛОРМАА 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зуурдаар таалал төгсөж Монголын сэтгүүл зүйн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Талийгаачийг бусдын гарт амиа алдсан гэж шуугиж байгаа ч шүүх шинжилгээний эхний дүгнэлтээр гадны нөлөөгүй гэж гарсан талаар албаны эх сурвалж мэдээллээд байна. Гэвч задлан шинжилгээний эцсийн дүгнэлт хараахан гараагүй байгаа билээ.

 

Тэрбээр baabar.mn дэх өөрийн хуудсаар дамжуулан хамгийн сүүлд “Ядарсан ба задарсан бүх хүнд зориулав”, “Эрдэнийн өргөөд ба нэг урилга”, “Эрдэнийн өргөөнөөс хийсэн жижигхэн сурвалжлага” , “Чингисийн гэзэгний найр” зэрэг нийтлэлийг бичсэн юм.

 

"Эрдэнийн өргөөнөөс хийсэн жижигхэн сурвалжлага" нийтлэлд нь "Нийслэлийн төвийн газар нэг иймэрхүү байдлаар анх олгогдож, нэр хаяг өөрчлөгдсөөр өндөр үнэтэй оффисийн бизнес болсоор байна. Янз бүрийн аргаар газрыг анх авдаг биз. Эрдэнэ сайдын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэр барьж газар аваад, нидэр дээрээ түрээсийн бизнес хийж суугаа нь жаахан жудаггүй юм даа. Бодвол мань эр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвийг Хятадын тусламжаар ирэх жил барина, Баянголын хүүхдүүдийг Найрамдал зусланд зуу зуугаар нь амраадаг, “Монголын залуучуудын эвсэл” гэдгийг идэвхтэй ажилладаг болгосон гээд хэлэх үг, хийсэн зүйл бий л байлгүй. Гагцхүү нийтийн төлөө хийгээд байна уу, бизнес, сонгууль фракцийн ажил нь шуудраад явна уу гэдэг ялгаа заагтай болохгүй бол горьгүй" хэмээсэн байдаг. Өөрөөр хэлбэл, талийгаач маань энэхүү нийтлэлээрээ дамжуулж Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөж, салбарынх нь сайд хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэрийг барьж өөрөө ашиг олж байна хэмээжээ.

http://bolormaa.niitlelch.mn/content/7338.shtml

 

Юутай ч талийгаачийн нас барсан шалтгааныг тодруулахаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна. Харин олон нийтийн зүгээс үнэн мөн нь тогтоох болтугай хэмээн залбирч суугаа юм.

 

Д.Дуулим

www.24tsag.mn