-Монгол Улсад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрөө баталж, улс төр дэх хээл хахуультай тууштай тэмцэхийг зөвлөлөө-

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас Монгол Улс авлигатай хэрхэн тэмцэж байгаа талаар судалж, тайлан гаргажээ. Тайланд манай улсыг авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрөө батлахыг зөвлөжээ. Мөн улс төр дэх авлигатай тууштай тэмцэх шаардлагатайг онцолсон байна. Улс төрийн намын санхүүжилтийн хууль тогтоомжийг яаралтай шинэчилж, санхүүжилтэд тавих хяналтыг чангаруулах нь зөв гэжээ. Мөн шүүх засаглалын шинэчлэлийг үргэлжлүүлж улс төрийн нөлөөнөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөжээ.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг уг тайланд сайшаан бичсэн байна. Гэхдээ уг тайланд өргөн цар хүрээг хамарсан чиг үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлэхэд АТГ-т шаардлагатай чадавхийг нь сайжруулах чиглэлээр хангалттай арга хэмжээ авахгүй байгаад харамсч буйгаа дурджээ. Үнэлгээний тайланд авлигын гэмт хэрэгт ял хүлээхээс чөлөөлөгдөх хамгаалалт болж, АТГ-т шалгагдаж байгаа гэмт хэргийг хэрэгсэхгүй болгоход хүргэхүйц аливаа Өршөөлийн хуулийг батлахаас татгалзахыг Монгол Улсад уриалсан байлаа.

Нийтийн алба, ялангуяа Төрийн албаны зөвлөлийг улс төрөөс ангид байлгах нөхцөлийг хангах, ашиг сонирхлын зөрчлийн хууль тогтоомжоо шинэчлэхийг олон улсын байгууллагаас зөвлөжээ. Мөн Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийг олон улсын стандартын дагуу шинэчилж, хуулийн хэрэгжилтийг хангахуйц хяналтын механизмыг бий болгох ёстой гэжээ. Мэдээлэл авах эрхийг хаасан этгээдэд хүлээлгэх шийтгэлийг нэмэгдүүлэхийг ч зөвлөмждөө тусгажээ. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэхийн тулд гүтгэх, доромжлох хэргийг гэмт хэрэгт тооцохгүй байхыг мөн зөвлөсөн байна. Одоо мөрдөж байгаа хуулиар гүтгэх, доромжлох хэргийг Эрүүгийн хуулиар зохицуулсан бөгөөд хорих ял оноох санкцтай билээ.

Шилэн дансны тухай болон Захиргааны ерөнхий хууль батлагдсан, Үндэсний аудитын газрын үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангасан, бүх яамдад дотоод аудит байгуулсан зэрэг ололт амжилт байгааг ч тайланд онцолсон байна. Өчигдөр танилцуулсан уг тайланг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Хээл хахуультай тэмцэх ажлын хэсгийн соён гэгээрүүлэх ажлын хүрээнд Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээн дор 2003 онд байгуулагдсан Истанбулын авлигатай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу бэлтгэсэн аж.