“Авъяаслаг Монголчууд” шоунд үзэгчдийн саналаар үлдсэн ч, шүүгчдийн шийдвэрээр хасагдсан “Нарны охид” хамтлагийн талаарх олон нийтийн санал сэтгэгдэл хүчтэй өрнөсөөр байна.

Тодруулбал, тэмцээний шалгаруулалт болох өдөр оролцогч Сэлэнгэ халуун ус алдаж асгаснаас хамгийн бяцхан есөн настай нугараач нуруундаа түлэгдсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тухайн үед тэмцээнийг зохион байгуулагчид охиныг ГССҮТ-д хүргэсэн бөгөөд түлэгдсэн хэсгийн арьс хууларч усжсан, цэврүү үүссэн тул нугарахгүй байхыг мэргэжлийн эмч анхааруулсан байна. Гэвч бяцхан охин тэвчээр заан хоёр эгчээ нуруун дээрээ гарган нугарч, тэмцээнийг үргэлжлүүлсэн юм.

Зохион байгуулагчид “Нарны охин хамтлагийнхан Сэлэнгэ рүүгээ буцсан” хэмээн мэдээлсэн ч түлэгдсэн нугараач ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ талаар охины ээжээс тодруулахад “Түлэнхий гэдэг аймшигтай, өвдөлт ихтэй. Тэмцээнээс хасагдсан нь гол биш, есхөн настай охин минь ийм болчхоод хоёр эгчээ түлэнхий нуруун дээрээ гаргаад, тэмцээнийг үргэлжлүүлсэн нь маш их тэвчээр шүү” хэмээн ярьсан юм.