1. Бяслаг:

Ариутгаагүй сүү, бяслаг идэж болохгүй. Бяслаг худалдаж авахдаа ариутгасан сүүгээр хийгдсэнийг шалгах шаардлагатай. Учир нь жирэмсэн үед дархлал суларсан байдаг тул сүүнд агуулагддаг Listeria нян бусад хүнтэй харьцуулахад 20 дахин илүү үржих магадлалтай байдаг. Listeria нянгийн халдвар нь ураг зулбах, дутуу төрөх, амьгүй төрөх, төрөх үеийн хүндрэлд хүргэх аюултай. Иймд хөгцтэй бяслаг, ямааны сүүнээс гаралтай бяслагийг хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.

2. Өндөг:

Түүхий болон дутуу болгосон өндөг идэж болохгүй. Мөн гар аргаар зуурсан майонез болон бялууны зуурмаг идэхээс зайлсхийх хэрэгтэй. Түүхий өндгөнд агуулагдах Salmonella нян нь хоолны хордлого үүсэх эрсдэлийг ихэсгэдэг, хоолны хордлого жирэмсэн үед хүндрэлтэй явагддаг аюултай.

3. Загас, далайн гаралтай бүтээгдэхүүн:

Жирэмсэн болон хөхөөр хооллох үед загас, далайн гаралтай бүтээгдэхүүнийг болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Далайн гаралтай дун, хясаа, хавч, наймаалж болон акул, марлин гэх мэт загасанд мөнгөн усны агууламж өндөр байдаг учир ургийн тархи, мэдрэлийн системд нөлөөлөх эрсдэлтэй.

Хэтрүүлэн хэрэглэх (7 хоногт 140-170 граммаас илүүгүй: 2 ширхэг лаазалсан туна идэхэд хангалттай хэмжээний амин дэм, омега-3 авна) –ээс татгалзах хэрэгтэй.

4. Түүхий мах:

Дутуу чанасан болон түүхий мах идэж болохгүй. Бүх төрлийн махыг сайтар болгож идэх ба шүүрхий, цус шүүрсэн үед идэхээс зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа хиам, татсан махыг хэрэглэж болохгүй. Учир нь хоолны хордлого үүсгэх нян, шимэгч хорхой ихээр агуулагдаж байх эрсдэлтэй байдаг.

5. Кофе, зөөлөн ундаа:

Хийжүүлсэн ундаа болон кофений хэрэглээг хязгаарлах шаардлагатай.

Өдөрт 200 мг кофейнаас илүүгээр хэрэглэхгүй. Учир нь кофейний хэрэглээ өндөр түвшинд хүрэх үед нярай бага жинтэй төрөх, зулбах эрсдэлд хүргэдэг. Мөн хийжүүлсэн ундаа болон чихэртэй ундааг хязгаарлах шаардлагатай. Жирэмсэн үед кальцийн дутагдалд орох эрсдэл нь бусад хүнээс илүү байдаг ба энэ үед тослог багатай ариутгасан сүү болон тараг уух нь ясны сийрэгжилтээс хамгаална. Цайг давстай уухгүй, хоолны давсыг ихдүүлж хэрэглэхгүй байх хэрэгтэй. Давсыг хоногт 5 граммаас илүү хэрэглэхгүй байх хэрэгтэй. Давсны хэрэглээ их байгаа тохиолдолд ам цангах, хавагнах шинж илэрнэ.

6. Амин дэм А-ийн хэрэглээ ба элэг, элэгнийн нухаш:

Элэгэнд А амин дэм ихээр агуулагддаг тул өдөр бүр хэрэглэхээс татгалзах шаардлагатай. А амин дэмийн илүүдлээс ураг хараагүй болох, арьсны эмгэгтэй төрөх эрсдэлтэй байдаг. Ерөнхийдөө А амин дэмийг өдөр бүр биш долоо хоногт 4-5 удаа хэрэглэх нь зүйтэй.

Өдрийн хэрэгцээ:

· 19 нас болон түүнээс дээш насны жирэмсэн эмэгтэйчүүд 770 микрограмм А амин дэм ( 2565 IU олон улсын стандарт нэгж)

· 18-аас доош насны залуу жирэмсэн эмэгтэйчүүд 750 микрограмм А амин дэм

( 2500 IU олон улсын стандарт нэгж)

· 19-өөс дээш насны болон хөхүүл эмэгтэйчүүд 1300 микрограмм А амин дэм ( 4 330 IU олон улсын стандарт нэгж)

· 18-аас доош насны хөхүүл эмэгтэйчүүд 1 200 микрограмм А амин дэм

(4 000 IU олон улсын стандарт нэгж)

7. Архи, согтууруулах ундааны хэрэглээ:

Жирэмсэн болон жирэмсэн болохоор төлөвлөж байгаа тохиолдолд архи, шар айраг болон дарс, согтууруулах ундааг хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай. Учир нь архи болон согтууруулах ундааг жирэмсний хугацаанд хэрэглэсэн тохиолдолд ургийн гаж хөгжил, архины хамааралтай хүүхэд төрөх, ой тогтоолт, оюун ухаан муутай хүүхэд төрөх, эхний 3 сард хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд зулбах, амьгүй төрөх өндөр эрсдэлтэй.