Нийслэл ирэх оны төсвөө он гарахаас өмнө батлах хэрэгтэй. Арван хоёрдугаар сарын 05-ны дотор төсвөө хэлэлцэж дуусгах журамтай. Тэгвэл өчигдөр Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаар нийслэлийн 2016 оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Ирэх онд нийслэлийн төсвийн орлогыг 698.9 тэрбум төгрөг байна хэмээв. Үүнээс 570 тэрбумыг хот өөрөө бүрдүүлнэ гэж тооцжээ. Тэгвэл 45,8 тэрбумыг татвараас бүрдүүлэх гэнэ. Татварын орлогод, цалин түүнтэй адилтгах 318.8 тэрбум харин үл хөдлөх, эд хөрөнгийн 37.6 тэрбум газар ашиглуулсан төлбөр 89.8 тэрбум, ашиг ашиглалт 3.5 тэрбум, хотын албан татвараас тус тус бүрдүүлнэ гэж тооцсон байна.

Түүнчлэн татварын бус орлого буюу хууль, журам зөрчсөн хүмүүсийг торгож 23 тэрбумын орлого олно гэж онцлов. Хотын эзэмшил зам ашигласан хэмээн 11.5 сая төгрөгийн орлого олж ирэх оны төсөвтөө тусгажээ. Үүнээс харахад ард иргэдийн халааснаа дахин торгуулийн мөнгө гэж нэлээд сэгсэрэх нь дээ. Хууль, дүрмээ зөрчихгүй байвал иргэн та энэхүү нийслэлийн 23 тэрбумыг босгоход гар бие оролцохгүй юм гэдгээ бодох хэрэгтэй байх.

Зарлагыг 578.2 тэрбум төгрөг байх аж. Ингэснээр 116 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв болох юм. Тэд тэвчиж болох бүх зардлыг тэвчиж, урсгал зардлыг 30 орчим хувиар бууруулсан юм. Харин нийслэлийн төсвийн орлогыг энэ оныхоос 135 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, орлого төвлөрүүлэх бүх эх үүсвэрээ бүрэн дайчилсан гэдгийг Нийслэлийн удирдлагууд онцолж байлаа.

Хотын төсвийн 67.3 хувийг Нийслэлийн Татварын газар, 23.4 хувийг Өмчийн Харилцааны газар төвлөрүүлэхээр болсон байна. Харин зардлын 20 орчим хувь буюу 101.2 тэрбум төгрөгийг нийгмийн халамжид, 57.3 тэрбум төгрөгийг дүүргүүдийн хот тохижуулах зардалд зарцуулах юм байна.