УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл 2015 оны 08-р сарын 21-ны өдөр Монголбанкны тухай хуулийг өргөн барьсан. Уг хуулийн төслийг энэ долоо хоногт байнгын хороо болон УИХ-аар хэлэлцэж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн өргөн барьсан Монгол банкны тухай хуулийн төслийг танилцуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн Монгол Улсын эдийн засгийн өсөлт, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн секторийг хөгжүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр Монгол Улсын Төв Банк /Монгол Банк/-ны тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан болохыг төсөл санаачлагч хэлж байна.

Төсөлд Монголбанкны бие даасан байдлыг хангах талаар одоо мөрдөгдөж байгаа хуульд нэг заалт тусгасан боловч орчин үеийн төв банкуудын хөгжлийн хандлагыг харвал энэ нь хангалтгүй юм. Тиймээс тодорхой заалтыг олон улсын төв банкнуудын жишгийн дагуу төслийн 18 дугаар зүйлд нэмж оруулжээ. Тухайлбал, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн 27 дугаар зүйлийн 2-т “Монголбанк гадаад валюттай харилцах төгрөгийн ханшийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэхдээ ханш нь чөлөөтэй бөгөөд бодитой байх, төгрөгийн тогтвортой байдал болон үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийн зарчмыг /хуулийн төсөл санаачлагч/ баримтална” гэж заасныг ханшийн чөлөөтэй болон зохицуулалттай хөвөх дэглэмтэй улс орнуудын Төв банкны тухай хуульд ижил төстэй заалтууд бий гэхдээ энэ зарчмаа хэрэгжүүлэх валютын ханшийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх асуудлыг хуулиндаа тодорхой заагаад субъектуудыг нь тодорхойлоод өгчихсөн байдаг. Гэтэл манай хуульд энэ талаар тодорхой заалт байхгүй. Тиймээс хуулийн төсөлд үндсэн зорилт түүнтэй субординацид байдаг валютын ханшийн бодлогын хоорондын уялдааг хангах зорилгоор 22 дугаар зүйлд шинээр доорх хэсгийг нэмж тусгасан байна. Мөн Монголбанк энэ зүйлийн 2 дугаарт заасан зарчмыг валютын ханшийн бодлого, дэглэм, зорилт, хэрэгслүүдээр дамжуулан хэрэгжүүлнэ” гэж шинээр нэмснээр Валютын ханшийн бодлого, дэглэм тэдгээрийг тодорхойлох ба хэрэгжүүлэх субъектууд нь олон улсын жишгийн дагуу тодорхой болох төдийгүй Монгол улсын мөнгөний бодлогыг жил бүр хэлэлцэж, батлах үеэр хамгийн их маргаан, заримдаа улстөржилт дагуулдаг асуудлыг /инфляцийг онилсон зорилт болон ханшийн савлагаанд “буруутан хайдаг” субъектив хандлага/ олон улсын жишгийн дагуу тодорхой болгожээ.

“Монгол-банкны удирдлага” гэсэн 5 дугаар бүлэгт зарчмын хувьд шинээр олон улсын Төв банкуудын өнөөгийн практикт түгээмэл мөрдөгдөж буй доорх заалтуудыг шинээр нэмж тусгасан байна. Үүнд:

1. 5 дугаар бүлгийн нэгийг бүхэлд нь “Монгол банкны засаглал” /governance/ гэж олон улсад хэвшиж тогтсон засаглалын мөн чанарыг бүрэн илэрхийлдэг томьёололоор орууллаа. Энэ нь одоогийн мөрдөгдөж буй хуульд Монгол банкны Ерөнхийлөгч, гүйцэтгэх удирдлагын асуудал бус Төв банкны “зорилгын бие даасан байдал” /Goal independency/ төдийгүй, “үйл ажиллагааны бие даасан байдал” /operational independency/ гэсэн асуудлыг засаглалын бүтцэд оруулж өгсөн болно.

2. Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөлийг төсөлд шинээр нэмж тусгасан нь Төв банкны засаглалыг бие даасан хараат бус байдлыг хангах юм.

3.Төв банкны орчин үеийн бодлого, үйл ажиллагаанд санхүүгийн глобал хямралуудын улмаас хүчтэй яригдаж төв банкуудын тухай хууль тогтоомжид тусгагдах болсон санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, “spared responsibility” буюу “хариуцлагыг хуваалцах” зарчим хамтын шийдвэр гаргах үйл явц, зөвлөлөөр хэлэлцэх асуудлын хүрээ гэх мэтийг хуульчилж өгснөөр санхүүгийн тогтвортой байдлын менежментийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Одоо мөрдөгдөж буй хуульд 2003 онд нэмэлтээр оруулсан 28 дүгээр зүйл Монгол банкны Ерөнхий менежерийн бүрэн эрх гэсэн аль ч улсын төв банкны бүтцэд байдаггүй, байх ч шаардлагагүй зүйлийг бүхэлд нь хасахаар зохицуулав. Энэ нь Монгол банкны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарын хүрээнд шийдвэгдвэл зохих асуудал бөгөөд зарим төв банкуудын практикт эдгээр асуудлыг хяналтын зөвлөлд хариуцуулах байдлаар зохицуулалт хийжээ.Төв банкны тайлагналын /accountability/ асуудал одоо мөрдөгдөж буй хуульд тодорхой хэмжээгээр туссан ч энэ нь ихэвчлэн олон нийттэй харилцах харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн байна. Гэтэл төв банк ба Улсын Их Хурал, Төв банк ба Засгийн газар хоорондын харилцаанд мэдээллийн солилцоогоор үр дүнтэй тогтолцоо бүрэлдэж чадаагүйгээс мөнгөний болон төсвийн бодлого, мөнгөний болон макро эдийн засгийн бодлогын уялдаа хангагдахгүй байх, Төв банкны зүгээс мэдээллийн нууцлалын асуудлыг хэт их анхаарах зэрэг зохистой бус байдал үүсэхэд хүргэж байна. Тиймээс 34 дүгээр зүйлд Монгол банкны мэдээ, тайлагналын нууцлалын асуудлыг зохицуулах, макро эдийн засгийн асуудал хариуцсан Засгийн газрын холбогдох яамтай мэдээллийн солилцооны шуурхай, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэх талаар тусгаж өгсөн гэдгийг төсөл санаачлагч дурьдсан.

Дашрамд дурьдахад, \Монгол Улсын Төв Банк /Монгол Банк/-ны тухай хууль 1996 онд батлагдан хэрэгжиж эхэлсэнээс хойш түүнд 1998, 1999, 2001, 2003, 2010, 2011, 2013 онд нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулан мөрдөж байгаа юм.

Дээрх хуулийн төсөл батлагдсанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, Төв банкны тухай хууль болон Монголбанкнаас Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц байдал, үр өгөөж сайжирах давуу талтай Мөн Монгол Улсын санхүүгийн секторын шинэтгэл эрчимтэй хийгдэж ажлын уялдаа холбоо, эрх үүрэг, хариуцлагын тогтолцоонд эерэг үр дагаварууд гарч, банкны салбарт тогтвортой байдлыг бэхжүүлэх, тогтвортой санхүүжилт, сайн засаглалыг хөгжүүлэх зэрэг олон талын эерэг нөлөөтэй байх болно. Түүнчлэн санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй банкнуудын эрх тэгш, шударга өрсөлдөөнийг дэмжиж, тэдний үйл ажиллагааг эрсдэлээс сэргийлэх бодлогын нэг хэлбэр бүрэлдэн тогтоно. Улсын төсөвт нэмэлт зардал үүсгэхгүй юм байна.