Архивын ерөнхий газрын шинэ цогцолбор барилга ашиглалтад орж, үндэсний төв архивыг нүүлгэн шилжүүлэх болсонтой холбогдуулан Б.Эрдэнэбадрах, Л.Баасансүрэн, И.Саруул нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Ирэх арван хоёрдугаар сарын 1-ний өдрөөс ирэх оны хоёрдугаар сарын 29-нийг өдрийг хүртэл Архивын ерөнхий газраас иргэд, байгууллагад үзүүлэх мэргэжил, арга зүйн зөвлөгөө, сургалт болон ҮТА-ын лавлагаа, мэдээллийн үйлчилгээг явуулахгүй түр зогсолт хийхээр болсноо мэдэгдлээ.

Архивын ерөнхий газрын дарга И.Саруул "Дэлхий дахинд цахим архивт шилжиж байгаа. Үүний ашиг нь үр дүн нь их. Тухайлбал, Түүх соёлын баримт нь үрэгдэж, гэмтэхгүй нийтэд ашиглах бололцоотой болно. Нөгөө талаасаа үйл ажиллагаандаа их давуу тал гарч ирж байгаа. Цахим архиваар хайлт хийхэд түргэн шуурхай үйлчилнэ. Иргэний бүртгэл цахим бүртгэлд шилжсэн болохоор маш хурдан лавлагааг минутын дотор гаргаж өгдөг болсон. Манайх хуучин 2014 онд гаргаж өгч байсан. Одоо бол гурван хоногт гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл, эхний цахим архив ажиллагаанд орсонтой холбоотой. Энэ ажил цаашдаа өргөжих тусам хурд нэмэгдэж, үйлчлэх хугацаа богинохон болно гэсэн үг.

Бидний зүгээс үйл ажиллагаа хурдан өгөх болно. Арван хоёрдугаар сарын нэгнээс лавлагаа зогсоно. Эргээд шинэ байрандаа очиход хоёр сарын дундаас эхний лавлагаанууд өгөөд эхэлнэ. Хамгийн гол нь энэ гурван сард л хамтран ажилладаг байгууллага, иргэд маань хүлээцтэй хандаж биднийг ажлын хүндэтгэхийг л хүсч өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байгаа юм. Ер нь лавлагаа бусад үзүүлдэг байгууллагуудын хувьд хэвийн ажиллана. Тухайлбал, Нийслэлийн архив. Салбарууд нь дүргүүдэд байгаа" гэв.

 

 

Энэ үеэр Үндэсний төв архивын захирал Б.Эрдэнэбадрахаас цөөн асуултад хариулт авлаа.

-Архивыг цахимжуулах ажил хийгдэж байгаа юу?

-Цаасан суурьтай баримтыг цахимжуулж иргэдэд түргэн шуурхай үйлчлэх бололцоог нээхийн тулд энэ ажил эхлээд дөрвөн хувьтай явж байна. Үндэсний төв архив дээр энэ ажил түр зогссон. Ирэх оны гуравдугаар сараас эхэлж хийгдэнэ. Шинэ байртай холбогдуулж техник технологийг шинэчлэх асуудал бий. Үүнийг БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр тусдаа төсөл хэрэгжиж эхэлнэ. Шинэ барилга бол улсын төсвөөр баригдаж байгаа.

-Шинэ байр нь олон улсын стандартыг хангасан уу?

-Манай үндэсний төв архив гурван байранд үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр байруудын хоёр нь дуу авиа, кино зураг баримтын архив нь 1979 онд зориултын байртай байсан. Гэвч 1979 оноос тодорхой хэмжээний урсгал засвар хийгдээгүй улмаас нэлээн хуучирсан хоцрогдсон. Үндэсний төв архив гэж байгаа хоёрдугаар байрны хувьд 1959 онд ашиглалтад орсон. Тухайн үедээ мөн л архивын зориулалттай байр байсан ч цаг хугацааны хувьд элэгдэж, хуучирсан.

Харин шинэ байр нь олон улсын стандартыг хангасан. Манай гурван байранд явж байгаа архивын үйл ажиллагаа нэг дор явагдахад байгаа юм. Гамшгийн болон ослын эсрэг орчин үеийн техник технологийг хангасан системтэй. Мөн цахим архивыг иргэдэд илүү хүртээмжтэй хүргэхийн нээлттэй цогц байр болох юм. БНСУ-ын Нара-гийн архив гэж үндэсний архив байдаг. Энэ газраас бид туршлага авч барилга дээрээ санаа авсан зүйл бий. Аюулгүй байдлыг бүрэн хангасан. Цаашдаа 50 жилийн туршид нөхөн бүрдүүлэлт хийх бололцоотой байгаа. Фонд агууламжтай, өргөтгөл хийх талбайтай.

-Нөхөн бүрдүүлэлт гэдэг нь юу вэ?

-Гаднаас архив материалаа цуглуулахыг хэлнэ. Тухайлбал, төрийн байгууллагуудын материалыг авдаг гэтэл байр савны асуудал хэрэгтэй байдаг. Үүнийг л хэлээд байгаа юм. Архивын баримтууд улам бүр нэмэгддэг. Тэгэхээр байр бол зайлшгүй хэрэгтэй. Хөөрхий хуучин байрнууд маань 50-60 жил үүргээ гүйцэтгээд цаашдаа орох багтахгүй болсон. Ажлынхаа өрөөнүүдийг шинээр байгуулсан фондуудаараа дүүргээд ажилчид нь нэг дор чихэлдэн сууж байсан үе бий. Харин одоо бүхий л талаараа тэлж, нэлээдгүй ахиц гаргаж байгаа юм.

-Гурван архивын газар нэг дор байрлах юм байна. Ажилчдын орон тоон дээр ямар нэгэн асуудал гарах уу?

-Архив боловсон хүчнээ хасахгүй нэмэгдүүлэх тал руугаа явна. Боловсон хүчин программын өндөр мэдлэгтэй цахимын талын хүмүүс болно. Бодит байдал дээр маш их ачаалалтай хүн хүчин дутмагаар цөөхөн хүмүүс гол ажлуудаа хийдэг.

-Шинэ байр нь уншлагийн танхимтай гэж байна. Иргэд, оюутнууд үйлчлүүлэхэд нээлттэй юу?

-Нээлттэй. Хамгийн гол нь манай уншлагын танхимаар иргэд, оюутнууд үйлчлүүлдэг. Шинэ байранд болохоор иргэдэд үйлчлэх комьютер лобаротарийн асуудлыг цогцоор нь шийдсэн уншлага, кино үзвэрийн заал байгаа. Гэхдээ энэ нь шууд гурван сарын нэгнээс үйлчлээд эхлэхгүй гэдгийг анхаараарай. Одоо бол байр ашиглалтад орно. Ирэх жил техник технологийг БНСУ-ын хөнгөлттэй зээлд хамрагдаад түүний дагуу ирэх жилдээ багтааж хамгийн орчин үеийн техникийг суурилуулах юм. Үүний дараа эрдэмтэн судлаачид, иргэд, оюутнуудад хамгийн сайхан орчинд үйлчилнэ.

Ийнхүү Архивын Ерөнхий газрын шинэ цогцолбор барилга ашиглалтад орсноороо Монгол үндэсний онцлог, уламжлалт соёл, түүхийн өвөө сурталчлах, олон талын Монгол судлалыг хөгжүүлэхэд ач холбогдолтой юм. Нүүлгэн шилжүүлэлтэй холбоотойгоор Архивын ерөнхий газраас яам, агентлаг, хууль хяналтын байгууллагууд болон хамтран ажилладаг 60 гаруй байгууллагад архивын үйл ажиллагааг түр зогсоох тухайн албан бичиг хүргүүлжээ.