Номингийнхон зар сурталчилгаагаар хэрэглэгчдийг хошууруулдаг гэдгээрээ аль хэзээнээс алдартай. Тэд энэ аргаар өндөр үнэтэй барааг бөөн бөөнөөр нь шахаж, амжилттай ажиллаад амташсан харагддаг.

 

Хамгийн эмгэнэлтэй нь тэдний маркетингийн нөлөөнд автаж, тархиа угаалгадаг хэрэглэгчдийн тоо цөөрөхгүй байгаа юм. “Номин”-гынхон ямар нэгэн баяр ёслолын үеэр болон бараа бүтээгдэхүүнийх нь борлуулалт буурсан хүнд хэцүү цагтаа рекламны аргаар бусдыг татаж, ядарсан иргэдийн халаасыг сэгсэрдэг.

 

 

Энэ төрлийн “сэгсрэлт” өчигдөр буюу энэ сарын 26-ны 22.00 цагт болжээ. Хямдралын үеэр “Номинг” зорих авто машины тоо замын түжрэлийг дээд цэгт нь тулгаж, үйлчлүүлэгчид хэдэн зуугаараа дэлгүүрт оочир үүсгэсэн аж. Гэвч худалдан авагчид дэлгүүр рүү оруутаа л тэнд очсондоо харамсч “тархиа шаасан” тухайгаа цахим ертөнцөд хүүрнэжээ. Тэгэхээр хямдрал гэдэг нь иргэдийн сайн сайхны төлөө ажиллаж, таны мөнгийг хэмнэдэггүй, тухайн байгууллагын өндөр орлого олох гэсэн шилдэг арга гэдгийг иргэд яс махандаа шингэтэл ойлгох цаг болжээ.

 

 

Номингийн ажилтнууд ярихдаа “Хямдрал гээч нь урьд зарж байсан үнээ буцаан тавьдаг заль” хэмээн тайлбарладаг юм билээ.

Үүнээс гадна манай улс хаанаас нь ч харсан яаж ч бодсон мөн бодит судалгаагаар ч тэр цалингийн хэмжээ маш багатай ядуу орны тоонд ордог, гэсэн атлаа дэлхийн хамгийн өртөг өндөр хотуудын жагсаалтад дээгүүрт бичигдэж байгаа. Ийм л эдийн засгийн тогтворгүй, хөлөө байтугай гараа олоогүй хот. Энэ өртөг өндөртэй хотын, өртөг өндөртэй дэлгүүр нь Номин. Тэгэхээр хичнээн хямдарсан ч өртөг өндөр л байж таарах гээд байгаа юм.

Дэлхийн тэрбумтнуудын зөвлөгөөнөөс харахад: Таны унаж буй машины үнэ гурваас, дөрвөн сарын цалинтай чинь тэнцэх ёстой. Харин амьдарч буй орон сууцаа хоёроос гурван жилийн цалинтайгаа тэнцэх үнээр худалдаж ав гэдэг юм билээ. Гэвч манайд ингэх боломж байхгүй байлаа гэхэд тэгэж тооцоотой байх хүн ховор.

 

 

 

Манай улсын иргэд угаас санхүүгийн тооцоо, зөв зарцуулалтын мэдлэггүй, энэ талаар мэдэхийг ч хүсдэггүй, ямар ч аргаар хамаагүй үнэтэй утас барихыг илүүд үздэг сэтгэхүйтэй. Үнэтэй зүйл хямдарч байвал хэрэгтэй, хэрэггүй юу ч байсан хамаагүй худалдаад авчихдаг хүн олон. Тиймээс л хүмүүсийн сул талыг ашигласан “Номин”-гийн бизнесийн цэцэглэлт ийнхүү тэдний сэтгэхүйгээр тоглон, үргэлжилсээр байна. Энэ байдал хаана хүрч хэзээ дуусахыг таашгүй ээ.

 

Н.Чимэг