Ойрын хэдэн жил ийм хүйтнийг үзээгүй монголчууд энэ өвөл барьц алдах шинжтэй. Арваннэгдүгээр сарын дунд арав хоногт Монгол орон даяар хүйтэрч, ихэнх нутгаар цас орсноор манай орны газрын зураг бүхэлдээ цалин цагаан цасаар хужигдсан.

Уг нь энэ цас, жавар хоёр хэлж ирсэн ч Хөвсгөлийн Хатгал тосгон, Баянхонгорын Шаргалжуут, Өмнөговийн Ноён сумынхан 60 гаруй малаа алдсан байна. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нийт нутгийн 80 хувь нь цасан бүрхүүл тогтжээ. Баян-Өлгийн аймгийн Улаанхус сумын хувьд уулархаг нутгаар 20-30 см, бусад газарт 10-15 см зузаан цастай байгаа юм. Цаашид цас нэмж орвол өвөлжилтийн байдал хүндэрч болзошгүй байгааг сумын удирдлагууд хэлэв.

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нийт нутгийн 80 хувь нь цасан бүрхүүл тогтжээ.

Энэ өвлийн цаг агаарын төлөв байдлаас харахад олон жилийн дунджаас илүү хүйтэн өвөл болж, мал аж ахуйн өвөлжилтөд хэт хүйтний нөлөөлөл их байх магадлалтай байгаа тул орон нутгийн түвшинд мал сүргийг хүйтнээс хамгаалах арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаадлагатай байгааг Шадар сайд анхааруулсан.

Учир нь энэ зун ихэнх нутгаар гантай байснаас ургац хураалт оройтож, төлөвлөж байсан хэмжээндээ ургац хураагүй. Иргэдийн хувьд бичин жилийн зуд гэх зүйл энэ жил тохиох вий дээ хэмээн эмзэглэж байгаа. Манай улсын олон жилийн цаг агаарын хандлагаас харахад бичин жил хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн өвөлжилтөд хүндрэл учруулж ирснийг ялангуяа арванхоёрдугаар сард нутгийн ихэнх хэсэгт олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна. Сүүлийн 30 гаруй жилийн байдлаар 1970, 1974, 1984, 2001, 2002, 2005 онуудад бүх нутгаар олон жилийн дунджаас 2-6 градус хүйтэй байжээ. Иймд Ус, цаг уурын хүрээлэнгээс нийт малчдад цас орж даваа гүвээний зам хаагдаж болзошгүй нөхцөл тулгарахаас өмнө отор нүүдлийг зохион байгуулах нь зүйтэй гэсэн сэрэмжлүүлэгийг гаргасан байна.

Энэ өвлийн цаг агаарын төлөв байдлаас харахад олон жилийн дунджаас илүү хүйтэн өвөл болж,

Жишээлбэл, Дундговь аймгийнхан дахин цас орвол төв замдаа цацах давсгүй болжээ. Байсан 200 кг давсаа саяны орсон хэдэн цаснаар цацаад дууссан бөгөөд авах гэхлээр мөнгөгүй гачланд нэрвэгдсэн байгаа юм.

Энэ жил улсын хэмжээнд 145 мянган малчин өрхөд 56.3 сая толгой мал өвөлжих юм. Засгийн газраас аймаг, сум, нийслэл, дүүргийн өвс тэжээлийн аюулгүй нөөцөд 29.4 мянган тонн өвс, 11.1 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгснөөс одоогийн байдлаар 23 мянган тонн өвс буюу 78.2 хувь, 3.3 мянган тонн тэжээл буюу 30.1 хувийн бэлтгэлийг хангаад байгаа нь хангалтгүй тоо үзүүлэлт харагдаж байгаа юм.

Энэ жил улсын хэмжээнд 145 мянган малчин өрхөд 56.3 сая толгой мал өвөлжих юм.

Т.Буянаа