Найман хувийн байранд орох сугалааны эзэн болоод хөөр хөөрцөг болж байсан иргэд өнөөдөр харуусал дагуулж байна.

Өнгөрсөн онд “Буянт-Ухаа-1” хороолол ашиглалтад орсон юм. Зах зээлийн үнээс бага үнэтэй, чанартай орон сууцтай иргэд хашаа, байшингаа зараад л уг байранд төвхнөсөн.

Гэтэл барилгын чанар, дулаан халаалт, агааржуулалтын систем, цонх хаалганы битүүмжлэл муугаас шалтгаалж дулаан алдалт /цонх, хаалганы сийгэлт/, мөөнгөнцөр үүсэх, чийг үнэртэх, цонхны хөлрөлтөөс үүсч ус гоожих, дулаан түгээлт хангалттай бус зэрэг олон асуудал үүссэн байна.

Өдгөө гадаа хүйтний эрч чангараад байгаа гэтэл цонхон дээр нь шөнөдөө хуримтлагдсан мөс нь өдрийн наранд хайлж уур болон дэгдэхдээ өрөөг тэр чигээр нь чийгтэй болгож, улмаар хананаасаа мөөгөнцөртөж эхэлжээ.

Энэ нь зөвхөн ганцхан айлд тохиолдож байгаа бус "Буянт-Ухаа" хорооллын ихэнхи өрх ийм нөхцөлд амьдарч байгаа аж. Ийм амьдрах нөхцөлгүй болсон талаараа холбогдох албаныхан болон төрийн удирдлагуудад хэлээд ч асуудал шийдэгдээгүй гэнэ.

Тус хорооллын 723, 724, 725 дугаар байрны оршин суугчдад бүгд ижил зовлонтой болсон байна. Гэртээ байгаа хүүхдүүд нь хатгаа тусч эмнэлгээр явах болж. Орон суугч О.Сувд "Байранд маань агааржуулагч байгаагүй. Хэл ам хийсээр байж цахилгаанаар ажилладаг хоёр агааржуулагч хийлгэсэн. Халаалт маш муу. Өдөр, шөнөгүй халаагч залгаад байхаар сар хүрэхгүй хугацаанд 100 вт гарчихлаа. Хамгийн их бэрхшээлтэй зүйл бол цонх маш муу. Шөнө нь цантаад өдөр ус нь хайлдаг" хэмээн учирлав.

Халуун, хүйтэн харшихаар хананыхаа буланд чийг дааж, эхнээсээ мөөгөнцөртөх гол үндэс нь болж өгч байгаа нь иргэдийн эрүүл мэндэд заналхийлж эхэлжээ.

Оршин суугч А.Буямаа "Энэ хорооллын өрөө бүрийн агааржуулалт, цонхны хийц загвар, чанар муутай материалаар хийсэн нь харагдаж байна. Хоол хийсэн ч, хийгээгүй ч цонх цантаад л шөнөдөө хөлддөг. Эзэнтэй байгаа дээр нь энэхүү асуудлыг шийдүүлмээр байна. 15-20 жил зээл төлж сая нэг юм өөрийн гэсэн байртай болно. Гэтэл ашиглалтад ороод удаагүй байж ийм асуудал үүсч байгаад гайхаж байна" гэв.

Нүүж орсон айлууд нь ийм зовлонд уначихаад байхад нэмэгдэж ирэх айлууд яана даа. "Буянт-Ухаа" орон сууцыг барихад шаардлага, хяналт тавиагүйн улмаас өнөөдөр ийм байдалд хүрч байгаа нь хэнд ч ойлгомжтой бололтой.

1700 гаруй айлын бүхэл бүтэн хорооллыг барьсан гэтэл өдгөө айлууд 15-20 жил зээлээ төлнө, дээр нь ийм зовлонтой яаж цаашаа амьдрах уу? Барьсан эздийн алга болохоос өмнө хариуцлага тооцмоор. Иргэдийн хэлж буйгаа байраа зарья гэхээр өртэй тэгээд одоо хүмүүс чанаргүй байр гэх төрхийг нь мэдсэн болохоор авахгүй байх гэж айж байна гэж байсныг энд сануулья. Удахгүй гадаа -30 нэлээд гарч хүйтрэх төлөвтэй байдаг. Цантаж, мөөгөнцөртсөн байранд яаж өвлийг өнтэй давах вэ.