Энэ хоногт ямар үйл явдал болж өрнөснийг багцлан хүргэж байна.

Төрийн нэр хүнд унасан гэж Ц.Нямдорж гишүүн ихэд бухимдсан. Тодруулбал, Ард нийтийн санал асуулгын тухай болон Сонгуулийн тухай дөрвөн төслийг хэлэлцэх үеэр Төрийн нэр хүнд эвгүй байгаа үед төр улсыг бужигнуулсан, хугацаагаар шахсан юм хийж, хэрүүлийн голомт бадраах хэрэггүй л юм. Хуулийг өөрчилбөл Үндсэн хуулийн өөрчлөлтгүйгээр хэлэлц. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг адал балмад юмнаасаа татгалз. 2010 онд УИХ-аас баталсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд ард нийтийн санал асуулгыг яаж хийх вэ гэдгийг тодорхой заачихсан. Энэ хуулиа уншаагүй байгаа. Хоёрдугаар хэлэлцүүлгийн үед санал асуулгаа тодорхой болго гээд заачихсан. Төлөөллийн ардчилал чинь УИХ. Юм шийддэггүй УИХ-аар яадаг юм. Улс төрийн намын тухай хуулийг ард түмнээс асууна гэж юу байдаг юм бэ. Санал асуулга гэдэг юмаар, ард түмнээс асууна гэж жүжиг тавьдгаа боль. Миний цаад талд хэчнээн мянган сонгогчийн санал бий. Ингэж УИХ-ыг хүчгүйдүүлж, ард түмэндээ хайртай болж жүжиг тавих хэрэггүй. Үндсэн хууль батлалцсан гээд орон сууцаар өөрсдийгөө шагнуулсан хүмүүс буруу зүйл хийж байгаагаа ойлгоод, одоо өөрчлөх гээд байгаа юм уу. Та бүхэнд төсвөөс 87 тэрбум төгрөг гаргаж байгаад Үндсэн хуулийн ойг тохиолдуулан орон сууц авч өгсөн дөө. Та нар баримжаатай хадуураарай. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг чинь баталж чадахгүй. Энэ өөрчлөлтийг 57 гишүүн дэмжиж байж батална. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд Ард нийтийн санал асуулга явуулах хуулийг өөрчилж, хугацааг нь нааш татаж байна. Санал тоолох хоёр хоногийг нэг хоног, санал асуулга зарлах 30- аас доошгүй хоногийг 15 хоног болгон хугацааг нааш татаж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үүднээс биш бол бусад асуудлаар энэ хуулийн төслийг дэмжиж байна. Ард түмнээ сонсох сонгодог хэлбэр нь Ард нийтийн санал асуулга. Бүх нийтийн санал хэрэгтэй. Үүнийг Үндсэн хуулиар зохицуулсан байгаа хэмээн өөрийн байр сууриа хатуухан илэрхийлээд авлаа.

 

Гэтэл өчигдөр чуулган дээр Б.Гарамгайбаатар, Ч.Хүрэлбаатар нар "хэрэлдэв" .“Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэж байгаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын чуулганы танхимд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Ч.Хүрэлбаатар нар бие бие рүүгээ ширүүхэн үгс “чулуудав”. Хэрүүлийг Б.Гарамгайбаатар эхлүүлсэн юм. Б.Гарамгайбаатар гишүүний хэлсэн үгийг Ч.Хүрэлбаатар гишүүн дуугүй өнгөрөөсөнгүй.

 

Ю.Цэдэнбал агсныг 1984 онд тодорхой үндэслэлгүй шалтгаанаар, Үндсэн хуулийн бус аргаар бүх албан тушаалаас нь зайлуулж, эх орондоо амьдрах хүний эрхийг зөрчин гадаадад “цөлж”, 1990 оны үед хууль зүйн үндэслэлгүй, хуулийн байгууллагаар тогтоогдоогүй, худал зохиомол, тойрон хүрээлэгчдийн хэрэг гэгчийг үүсгэж, янз бүрийн нэр хаяг зүүж, улс төрийн талаар хэлмэгдүүлсэн. Улмаар шүүхийн шийдвэргүйгээр, үндэслэл судалгаагүйгээр Ю.Цэдэнбалын хошой баатар, Маршал цолыг хураан хасаж, одон, тэмдгийг хураах шийдвэр гаргасан байдаг. Харин өнөөдрийн УИХ-ын чуулганаар сэргээх асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Монгол Улсын иргэн Н.Золзаяа цаазын ялаас мултарлаа Малайзад хар тамхины хэрэгт холбогдон тус улсын шүүхээс цаазын ял сонсоод байсан. Харин тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан. Шүүх хурал энэ сарын 26-нд Малайзад болж, Н.Золзаяад оноосон цаазын ялыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Учир нь Н.Золзаяа хар тамхи хэрэглэсэн, борлуулсан баримт олдоогүй, хэрэг нь нотлогдоогүй байна. Тиймээс гэм буруугүйд тооцож ийнхүү хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.

 

Тосон бумбын нуруунд ашиглалтын лицензтэй нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Өмнөговь аймгийн Гурван тэс суманд ажилладаг байсан “Ирвэс хамгаалах нийгэмлэг”-ийн судлаач залуу Улаанбаатар хот дахь гэрээсээ гараад сураггүй алга болсон бөгөөд зургаа хоногийн дараа Хөвсгөл нууранд орж амиа алдсан байдалтай олдсон. Талийгаачийг гадны нөлөөтэй нас барьсан гэж үзэж байгаа бөгөөд Тосон бумбын ууланд байдаг ховор ан амьтан болон ирвэс хамгаалах, судлах ажлыг тэрбээр хийдэг байсан юм. Дээрх газарт байгаа лицензийг цуцлуулах талаар Ирвэс хамгаалах нийгэмлэгийн удирдлагууд болон Гурван тэс сумын удирдлага, малчид, нутгийн иргэд идэвхтэй хөөцөлдөж, хэл ам хийж, лиценз цуцлуулахын төлөө удаа дараа шүүхээр явж байсан юм байна. Ингэсний хүчинд тэд 22 лицензийг 18 болгож чадсан аж. Тосон бумбын нурууг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар болон Гурван тэс сумын удирдлагуудын шийдвэрээр хамгаалалтад авчихаад, одоогоор ашиглалт явуулах лицензтэй компаниудыг оруулахгүй байгаа юм байна. Харин Төрийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргуулахаар 2012 оноос хойш тасралтгүй хөөцөлдсөн боловч уг асуудал УИХ, Засгийн газарт ирээд л шийдэгдэхгүй байсаар өдий хүрчээ. Өнгөрсөн 10 сард гэхэд л нутгийн иргэд болон сумын удирдлагууд өргөдөл гомдлоо шийдүүлэхээр Улаанбаатар хотод ирээд, Өргөдлийн байнгын хорооны даргатай уулзах гэсэн боловч, чуулгантай завгүй гэдэг шалтгаанаар биечлэн уулзаагүй байна. Харин өөрийгөө төлөөлүүлж, өөр хүнийг тэдэнтэй уулзуулжээ.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай

Цахилгааны шөнийн хэрэглээг 38.55 төгрөгөөр буурууллаа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд цахилгааны шөнийн хэрэглээнд эрчим хүчний тарифын дэмжлэг үзүүлж гэр хорооллын айл өрхүүд цахилгаанаар орон гэрээ халаах боломжийг бүрдүүлэхийн тулд бодлогын хувьд дэмжих зайлшгүй шаардлага гарлаа.

Эрчим хүчний сайд Д.Зоригт "Цахилгааны хэрэглээний бүтцэд шөнө хэрэглэж байгаа цахилгаан 149 сая киловат цаг буюу нийт эрчим хүчний хэрэглээний 4 хувийг эзэлж байна. Төвийн бүсийн хэрэглэгчдийн нийт хэрэглээний 56.8 хувийг энгийн тоолуураар, 43.2 хувийг тарифт тоолуураар тооцож байгаа. Одоогийн мөрдөж байгаа тарифаар нэг киловатт цаг эрчим хүчийг 77.10 төгрөгөөр тооцож байгаа бол шөнийн цахилгааны хэрэглээнд 50 хувийн хөнгөлөлт үзүүлснээр 38.55 төгрөг болж буурах юм. Цахилгааны шөнийн тарифт 50 хувийн хөнгөлөлт үзүүлснээр эрчим хүчний салбарын хэмжээнд тарифын шууд бууралтаас 3.2 тэрбум, энгийн тоолууртай хэрэглэгчид тарифт тоолуурт шилжихэд 2 тэрбум, нийт 5.2 тэрбум төгрөгөөр салбарын орлого буурна. Эрчим хүчний салбарын алдагдлыг тэглэснээр гэр хорооллын хэрэглэгчдийн шөнийн тарифыг 50 хувь хөнгөлөх боломж бүрдэж байна" хэмээлээ.

Агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний системийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан халаагуур хэрэглэх тогтолцоог дэмжин ирэх сарын нэгнээс эхлэн гэр хорооллын хэрэглэгчдийн нэг киловат цаг эрчим хүчний шөнийн тарифыг 50 хувь хөнгөлж, 38.55 төгрөгт шилжүүлэхээр болсон юм.

Н.Түвшинбаяр олимпийн эрхийн тэмцээнээс алтан медаль хүртлээ БНХАУ-ын Чиндао хотод болсон олимпийн эрхийн оноо олгох уламжлалт Гранпри тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаяр алтан медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд барилдсан Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлж, БНХАУ-ын Шин Та, Израйлын П.Палтчик, Нидерландын М.Коррейл нарыг дараалан цэвэр ялж, хагас шигшээд үлдсэн. Улмаар энэ оны ДАШТ-ий мөнгөн медальт Германы Карл Ричард Фрайг юүко үнэлгээгээр буулган авснаар финалд Казахстаны Максим Раковг торгуулиар ялсан юм.

Тэмцээний эхний өдөр буюу өнгөрсөн баасан гаригт эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Д.Сумъяа алтан медаль хүртсэн бол Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр хоёр дахь түрүүг авч чадав. Манай баг тамирчид Чиндаогийн Гран при тэмцээнээс 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл, шагналт VII байрт 2 жүдоч орсноор Япон улсын араас хоёрдугаар байрт жагслаа.

Ч.Санжаадамба улс тунхагласны барилдаанд гурав дахиа түрүүллээ Улс тунхагласны ойн барилдаанд заан Ч.Санжаадамба гурав дахь удаагаа түрүүллээ. Ойр мөд барилдаагүй зааныгаа ирж барилдсанд, тэр тусмаа түрүүлсэнд олон олон дэмжигчид нь их л баяртай байв. Түрүү булаалдах барилдаанд арслан П.Бүрэнтөгс заан Ч.Санжаадамба нар ёстой л хүчээ шавхан, хөлсөө урсган барилдаж, хоёр хоёр удаа барьц сонгон алдсаны дараа П.Бүрэнтөгс барьц сонгон шахаж татаад хойш гишгэдэл алдах хоромд Ч.Санжаадамба түрж хөөн давсан юм. П.Бүрэнтөгс арслан ийнхүү энэ намар, өвлийн барилдаануудаас дөрөв дэх үзүүрээ авлаа. Үүнээс гадна гурав түрүүлснийг бүгд санаж буй биз ээ.

Харин их шөвөгт арслан Н.Батсуурь, гарьд Б.Гончигдамба нар шалгарав. Гончигдамба гарьд Бүрэнтөгсд амлуулан барилдсан агаад тогтуухан барилдаж байгаад гэнэт арсланг тэнцвэр алдуулж улмаар өөрөө барьцанд шунаж яваад арсланг ардаа алдан уначихав. Харин Батсуурь арслан Санжаадамбад барьц сонгуулан өвдөг шороодсон юм.

Б.Амарсайхан Азийн дэлхийн кино фестивалийн УЗ-ийн хүндэт гишүүнээр сонгогдлоо. Лос-Анжелес, Калифорниа (asianworldfilmfest.org) – Энэ сарын эхээр АНУ-ын Лос-Анжелес хотноо “Asian World Film Festival” амжилттай болж өнгөрлөө. Ази, Холливүүдийн кино уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Азийн шилдэг бүтээлүүдийг дэлхийн кино наадмуудад танилцуулах зорилготой тус наадам анх удаагаа зохион байгуулагдсан юм. Азийн 50 гаруй улсын кино уран бүтээлчид “Golden Globe”, Emmy”, “Oscar” зэрэг нэр хүнд бүхий дэлхийн томоохон кино наадмуудад нэр дэвшээд байгаа кинонуудаа түмний хүртээл болголоо.

Тус наадамд жүжигчин Б.Амарсайханы гол дүрд нь тоглож, продюсерээр ажилласан “Бодлын Хулгайч” киног наадмын гол гурван үзвэрийн нэгээр урьж, оролцуулсан. Нийт 30 кино бүтээл өрсөлдөж долоон бүтээл нь шагнал хүртсэн тус наадмаас “Бодлын хулгайч” кино шүүмжлэгч, уран бүтээлчид болон үзэгчдээс өндөр үнэлэлт авч, “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл” шагналыг хүртлээ.

Үүнтэй зэрэгцэн жүжигчин Б.Амарсайханыг тус кино наадмын Удирдах Зөвлөлийн Хүндэт гишүүнээрээ санал нэгтэй сонгож, батламж гардуулсан байна. “Oscar”-ын шагналт, нэрт продюсер Andre Morgan, “Hollywood Schoolhouse”-ийг үүсгэн байгуулагч Ferris Wehbe, Лос Анжелес хотын захирагч зэрэг олон улсад нэр хүндтэй уран бүтээлчид, нийгмийн зүтгэлтнүүд хүндэт гишүүнээр сонгогдож байжээ. Олон улсын хэмжээний, нэр хүнд бүхий энэхүү фестивалийн зөвлөлд монгол хүнд багтсанаар Монголын кино уран бүтээлчдийн бүтээлийг гадаад зах зээлд танилцуулах, бусад орны шилдэг бүтээлүүдтэй эн зэрэгцэн олон улсын нэр хүнд бүхий наадмуудад оролцох, өөрсдийн чадвар, чадамжийг шалгах томоохон боломж, үүд хаалгыг нээв.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа