УИХ-ын нэгдсэн чуулганы 2015.11.27-ны өдрийн хуралдаанаар “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, олонхын саналаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ. Уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 31 гишүүн 2015.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүд Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойг тэмдэглэхийг дэмжиж байсан ч цагаатгах асуудлыг хамтатган хэлэлцэж байгааг буруутгаж байлаа. Тухайлбал, Ш.Түвдэндорж гишүүн “Энэ хүний алдаа, оноог ард түмэн мэднэ. Цагаатгах эсэх асуудлыг ард түмэн сэтгэл зүрхээрээ шийднэ биз. УИХ-аас гаргах гэж буй тогтоол, заалтууд нь хуульд нийцэхгүй байна. Иймд би хууль зөрчин батлах гэж буй тогтоолын төслийн санал хураалтад оролцохгүй” гэдгээ мэдэгдэн чуулганы танхимыг орхин гарсан бол УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Энэ асуудлыг улс төрийн хэлмэгдэл гэж үзэж байгаа бол үүнийг эхлээд шүүхээр тогтоох ёстой. Жишээлбэл, “ногоон нүдэн лам” иргэн Баасангийн хэрэг, Лоохууз гуайн хэргийг УИХ-аар хэлэлцээгүй. Гэхдээ шүүхийн шийдвэргүйгээр жалгаараа буудуулчихсан хүмүүс зөндөө байдаг. Тэр хүмүүс ингэж хэлмэгдэж, хохирсон гэдгийг үр хүүхэд нь нотлоод шүүхэд хандаж, тогтоол гаргуулж чадвал цагаатгах асуудлыг улсын комисс авч үздэг.” хэмээн дэмжихгүй байгаагаа тайлбарласан юм.

Түүнчлэн АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Үндэсний цөөнх буюу буриадуудын нэрийн өмнөөс энэ тогтоолын төслийг дэмжихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдье. Олон мянган буриад хэлмэгдсэн, тэдний асуудлыг шийдвэрлээгүй байж энэ хүнийг цагаатгах тухай ярих нь зохисгүй. Ардын нам Ю.Цэдэнбалыг хэлмэгдүүлсэн үйлдэлдээ түүний үр хүүхэд, төрөл садан, Монголын ард түмнээс албан ёсоор уучлалт гуйх ёстой. Өнөөдрийг хүртэл уучлалт гуйгаагүй байж, өнөөдөр энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа нь буруу.” гэсэн юм.

Чуулганы хуралдаанаар “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулсныг 80.4 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Анхны хэлэлцүүлэг дээр хэрүүлийн алимыг нэгэн рүүгээ гамгүй шидэлцсэн УИХ-ын гишүүд дараа дараагийн хэлэлцүүлэгт бүүр ч ихээр маргах төлөвтэй байна.

Ю.Цэдэнбал агсныг 1984 онд тодорхой үндэслэлгүй шалтгаанаар, Үндсэн хуулийн бус аргаар бүх албан тушаалаас нь зайлуулж, эх орондоо амьдрах хүний эрхийг зөрчин гадаадад “цөлж”, 1990 оны үед хууль зүйн үндэслэлгүй, хуулийн байгууллагаар тогтоогдоогүй, худал зохиомол, тойрон хүрээлэгчдийн хэрэг гэгчийг үүсгэж, янз бүрийн нэр хаяг зүүж, улс төрийн талаар хэлмэгдүүлсэн. Улмаар шүүхийн шийдвэргүйгээр, үндэслэл судалгаагүйгээр Ю.Цэдэнбалын хошой баатар, Маршал цолыг хураан хасаж, одон, тэмдэгийг хураах шийдвэр гаргасан байдаг.