Хотын дарга Э.Бат-Үүлийг нийслэлд авто худалдаа эрхэлж буй хүмүүс эсэргүүцэж байгаа. Хотын төвд автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоож, авто захуудын газрыг албадан чөлөөлөх захирамжийг гаргасанд нь билээ.

Гэхдээ дээрх захирамж нь бизнесийн шударга өрсөлдөөн, иргэд худалдаа эрхлэх газраа сонгох зэрэг өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газраас дүгнэсэн.

Худалдаа эрхлэгчид нүүхийг хүсэхгүй байгаа бөгөөд энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гарган жагссан юм. Тэдний эсэргүүцлийг Хотын дарга Э.Бат-Үүл давж гарч, авто худалдааны цогцолбор руу нүүлгэж чадах болов уу.

Нийслэлийн авто тээврийн бүх худалдааг таван жилийн хугацаанд нэг дор төвлөрүүлэх зорилготойгоор Авто худалдааны цогцолборыг нийслэлээс байгуулахаар болсон. Мэдээж төвлөрсөн нэг газар байх нь иргэдэд болон худалдаа эрхлэгчдэд хэрэгтэй. Гэвч худалдаа эрхлэгчид өөр байр суурианаас хандаж байгаа юм. Тэдний үзэж буйгаар Авто худалдааны төв рүү нүүх юм бол таван шар орчмын зам түгжрэлд орж, харин ч замын ачаалал нэмэгдэх болно. Мөн бид нарыг өмхий ханхалсан хүйтэн газарт аваачих гэж байгаа хотын удирдлагуудтай нэхий дээлээ уралцахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Автомашин худалдаж амьдралаа залгуулдаг хуваариа бизнес эрхлэгчид ашиг орлого олж чадахгүйд хүрнэ гэж үзсэнээс Хотын даргатай “хонь, чоно” болоод байна.

Авто худалдааны цогцолбор нь сэлбэг хэрэгслийн 285 павильон 11324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбайтай байхаар төлөвлөгдсөн. Мөн авто экспо явуулах талбайг ч бий болгох аж. 4.4 га талбай гэхэд авто машины туршилтын талбай байхаар төлөвлөгджээ. Ийм бүхэл бүтэн цогцолбор байгуулахаар болчихоод байхад эсэргүүцэгчид гараад ирж. Тэд хол газар оччихоор үйлчлүүлэгчид ирэхгүй, биднийг хүчээр нүүлгэх гэж байна гэдэгт гомдолтой байгаа юм.

Тэдний эсэргүүцлийг Хотын дарга зогсоож чадах болов уу.

Т.Буянаа