Цагдаагийн алба хаагч эмэгтэйн гэр бүлийнхэнд халдаж, хоёр хүний амь насыг бүрэлгэж, хоёр хүнийг хүнд гэмтээсэн онц ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч, хошууч Ц-г өнгөрсөн шөнө 02.00 цагийн үед аавтай нь хамт гэрт нь хутгалж, амийг нь хөнөөсөн билээ.

Гэмт этгээд хохирогчийн ээж, ахыг нь бас хутгалсан бөгөөд тэдний биеийн байдал нь хүнд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэхүү хэрэгт хохирогчийн төрсөн дүүгийнх нь найз залуу Б-г гэгчийг сэжиглэж байгаа юм байна.

Учир нь, хохирогч түүнийг дүүтэйгээ гэрлүүлэхгүй гэсэн тул ийнхүү харгис гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж тэд үзэж байгаа аж.

Уг хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад, “Ийм хэрэг гарсан нь үнэн. Хэрэг үйлдсэн этгээдийг баривчилсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ” гэсэн хариултыг өгсөн юм