Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын нэр төрийг сэргээх, мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг дэмжсэн юм.

Ингээд тус тогтоолын төсөл болоод Ю.Цэдэнбал агсны талаарх 24 баримтыг хүргэж байна.

 

Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг ирэх онд тэмдэглэнэ

 

1. “Юмжаагийн Цэдэнбалын нэр төрийг сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 24 гишүүн санаачлав.

 

2. Энэ оны 7 дугаар сарын 2-нд УИХ-д өргөн барьсан энэхүү тогтоолын төслийг өнгөрсөн баасан гарагт баталж, Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр болов.

 

3. Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойг 2016 онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлнэ.

 

4. Энэ ажлын хүрээнд 1946-1990 он хүртэл амьдарч байсан байрыг “Ю.Цэдэнбалын гэр музей” болгох, түүний улс төрийн талаар хэлмэгдсэн нэр төрийг сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх, амьдрал, бүтээлийнх нь талаарх түүхэн үнэнийг ард түмэн, залуу үедээ таниулан сурталчлах, өвлүүлж үлдээх ажлыг зохион байгуулах аж.

 

5. Ю.Цэдэнбал нь Монголын төрийн зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын баатар, БНМАУ-ын маршал байсан юм.

 

6. Тэрбээр 1940 оноос эхлэн Монголын төрийг 44 жил удирджээ.

 

7. Түүнийг 1984 онд тухайн үеийн төрийн шийдвэрээр ОХУ-д цөлж, үүнээс хойш эх орондоо ирээгүй аж.

 

8. Түүний хэлмэгдлийг цагаатгах асуудлыг өмнө нь 1990-ээд оноос аймаг орон нутаг, иргэд олон нийт, төр, нийгэм, цэргийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагууд удаа дараа хөндөж, төрийн дээд шатны байгууллагуудад хүсэлт тавьж байсан ч өнөөг хүртэл шийдэгдээгүй юм.

 

9. Юмжаагийн Цэдэнбалын гэргий А.И.Цэдэнбал-Филатовад олгосон БНМАУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны одон, Алтан гадас одонг тус тус зохих журмын дагуу буцаан олгохоор болжээ.

 

Ю.Цэдэнбал нас барах хүртлээ Москвад бараг гэрийн хорионд амьдарчээ

10. Юмжаагийн Цэдэнбал нь Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуу буюу одоогийн Увс аймгийн Давст суманд төржээ.

 

11. Ю.Цэдэнбал нь 11 хүүхэдтэй айлд тав дахь нь болж мэндэлжээ.

 

12. Тэрбээр 1925 онд Улаангомын шинээр байгуулсан сургуульд элсэж 1929 онд төгссөн байна. Мөн онд Ю.Цэдэнбал боловсролоо үргэлжлүүлэхээр Эрхүү рүү явжээ.

 

13. Монгол төрийн нэрт удирдагч байсан тэрээр 9 жилийн турш Эрхүү, Улаан-Үдийн хооронд аялж Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ.

 

14. 1938 онд Улаанбаатар руу буцаж Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны 3-р сараас Сангийн яамны дэд сайд, 7-р сараас 1940 оны 4-р сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэжээ.

 

15. 1940 оны МАХН-ын Х Их Хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны 8-р сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Мөн энэхүү 44 жилийн хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв.

 

16. 1945-1952 онд Ерөнхий сайд Х.Чойбалсангийн орлогч, улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952 онд ерөнхий сайд болж 1974 оны 6 сарын 11-нд төрийн тэргүүн болох хүртлээ энэ албыг хашсан байна.

 

17. 1974-1984 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүнээр ажилласан юм.

 

18. Зарим түүхийг гуйвуулагчид Ю.Цэдэнбалыг өөрийн төрсөн Давст уулыг Оросод худалдсан,Оросод дагаар орохоор санаархаж байсан хэмээн ярьж бичдэг ч түүх нэгэнт няцаалт өгсөн.

 

 

19. 1984 оны 8 сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтгаанаар Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргажээ.

 

20. Ю.Цэдэнбал нас барах хүртлээ Москвад бараг гэрийн хорионд амьдарсан байна.

 

21. 1991 онд 75 насандаа Москва хотноо таалал төгссөн юм.

 

22. Нас барахад цогцсыг нь Улаанбаатарт авч ирж, Алтан өлгийд нутаглуулжээ.

 

23. Түүнийг нутаглуулахад нь төрийн зүтгэлтэн бус цэргийн алба хаагчийн адилаар дэслэгч генерал хэмээн цоллож, Батлан хамгаалах яамнаас гаргаж байсан түүхтэй.

 

24. Нас барсных нь дараа Улаанбаатар хотод УДЭТ-ын өмнөх талбайг Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ. Мөн Улаанбаатар хотын Эрэл дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд тус тус хөшөөг нь босгожээ.

Эх сурвалж: http://www.24tsag.mn/