“ГЭГЭЭН ЭГШИН” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн ирэх сарын 2-8-ны өдрүүдэд Занабазарын музейд үүдээ нээж өрхөө татах гэж байна. Гэрэл зурагчин Хоролсүрэнгийн СЭРГЭЛЭНБАТ гэх залуу уран бүтээлчийн анхны бие даасан уг үзэсгэлэнд 70 гаруй бүтээл дэлгэгдэх ажээ. Уг үзэсгэлэнгээрээ залуу уран бүтээлч маань Тусгай хамгаалалтай газар нутгийн байгалийн сайхан, тэнд нутагших ховор болон ховордсон ан амьтдын эгэл хирнээ гайхалтай мөчийг олон нийтэд харуулахыг мөн хүн өөрөө хамгаалж чадвал байгаль ямар сайхан онгон дагшин хэвээр үлддэгийг гэрэл зургаараа харуулахыг гол болгожээ. Түүний авсан олон мянган зурган дунд Төрийн тахилгат хайрханаас эхлээд, дөнгөж төрсөн нялх амьтдын өхөөрдөм зураг байх бөгөөд зургаар дамжуулан хүн бүрт эх орон, байгаль эх дэлхийгээ хайрлах сэтгэлийг төрүүлэх, гайхамшигтай, онгон байгалийн бүрэлдэхүүн болох газар ус, уул нуруу, ан амьтан жигүүртэн шувуудыг нүдээр үзэж, сэтгэлийн таашаал авах боломжгүй хүмүүст тэр бүхнийг мэдрүүлэх, хүүхэд залуучуудад эх орон, байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэхэд үзэсгэлэнгийн зорилго оршино.