Өчигдөр УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын Завхан аймаг дахь бие төлөөлөгч асан, Завханы МАН-ын гишүүн Э.Гүндсамбуу нарын долоон гишүүн МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж, намын батлахаа гардлаа. Тэд улс төрийн энэхүү сонголтоо, “МАН-ын бодлого шийдвэр ард түмэнд хүрэхээ байж, хөрснөөс тасарсан. Намаа шүүмжилж үг хэлсэн нэг нь гадуурхагдаж хүний тооноос хасагддаг болсон. Тэр бүү хэл морь, нохой мэт зүтгэсэн гишүүдээ зүгээр л ор тас мартчихдаг байдал гарсан. Тийм учраас энэхүү сонголтыг удаан бодсоны эцэст хийж байна” гэж тайлбарлалаа. Тэдний зарим нь намдаа, Завхан нутгаас МАН-аас удаа дараа сонгогдож төрийн өндөр албан тушаалд заларч буй гишүүндээ гомдсон нь ч энэхүү сонголтыг хийхэд нөлөөлсөн гэнэ.

Тухайлбал, МАХН-ын батлахаа сэргээж буй Э.Гүндсамбуу. Тэрээр УИХ-ын гишүүний бие төлөөлөгчөөр Завхан аймагт олон жил идэвхи зүтгэлтэй ажиллаж байжээ. Ажиллах хугацаандаа буюу 2011 онд албан үүргээ гүйцэтгэж яваад автын осолд орсон байна. Харин энэ үеэс УИХ-ын гишүүн Д.Оюунхорол олон жил өөрийн ухуулга сурталчилгаагаа хийлгэж, орон нутагт ажиллуулж байсан бие төлөөлөгч Э.Гүндсамбууг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хүнд үед нь орхисон гэнэ.

Монгол хүн уг нь зовсон нэгэндээ тусламжийн гараа сунгахад хэзээд бэлэн байдаг. Гэтэл төрийн эрхэм түшээ, хатагтай Д.Оюунхорол туслах нь битгий хэл төлөөлөгчөө түлхчихсэн хэрэг. Алтыг нь аваад авдрыг нь хаясан эрхэм түшээг жудаг зааж эргэж уулзах болов уу гэж удтал харсан бие төлөөлөгч нь ийнхүү удаах улс төрийн сонголтоо хийсэн нь энэ аж.

Э.Гүндсамбуугийн хувьд дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддагүй нэгэн аж. Намынхаа бодлого шийдвэрийн буруу талыг шүүмжилж, алдаа дутагдлын талаар хатуухан үг хэлчихдэг байсан гэнэ. Энэ шударга зан нь ослын дараагаар дайран дээр давс гэдэг шиг Д.Оюунхорол гишүүнд олз болсон бололтой.