Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “А” танхимд үргэлжилж байна. Хурал эхлэхийн өмнө ирц хараахан бүрдээгүй байх үед Ц.Нямдорж гишүүн “сахилгагүйтэж”, танхимд орж ирээгүй хоёр гишүүний картыг хийж, ирцэд бүртгүүлэхийг санаархав. Үүнийг нь анзаарсан Р.Гончигдорж гишүүн түүнээс дэгээ мөрдөхийг шаардсан ч парламентын хамгийн туршлагатай бас зөрүүд эрхэм “үгүй” хэмээн гөжүүдлэв. Го дарга УИХ-ын тамгын газрын ажилтнуудад үүрэг өгсөн ч тэд эс хөдөлсөн тул арга буюу өөрөө очиж, эзэнгүй картуудыг сугалж авлаа.

Ирц бүрдэхийг хүлээнгээ гишүүд хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал солилцож байв. Энэ үеэр МАН-ын бүлгийн гишүүд уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах, тэр ч бүү хэл хэлэлцүүлгээс хасах санал цухалзуулж, энэ нь Нямка, Го нарын хооронд дахин маргаан дэгдээсэн юм.

Р.Гончигдорж “Таныг Хуульзүйн сайд байх үед санаачлан баталсан хууль өнөөгийн амьдралд нийцэхгүй, зарим талаар хоцрогдсон, засч залруулах шаардлагатай зүйл их бий. Наад зах нь, гэм буруу нь тогтоогдоогүй байхад хэн нэгнийг хорьж цагдах нь ердийн үзэгдэл болоод байгаа” гэсэн бол Х.Тэмүүжин гишүүн “Одоо үйлчилж буй Эрүүгийн хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Хэрэв шинэчилсэн найруулгын төсөл батлагдвал энэ салбар дор хаяж 10 алхам урагшилна” гэлээ. Мөн З.Баянсэлэнгэ гишүүн “Одоо мөрдөж буй хуулийн төслийг шинээр боловсруулаад буй хуулийн төсөлтэй зэрэгцүүлж байгаад ярьцгаая л даа. Би хувьдаа шинэчилсэн найруулгын төсөлд маш олон дэвшилтэт саналууд туссан байна гэж үзэж байгаа. Бүгдээрээ хэлэлцээд, болж байгааг нь аваад, болохгүйг нь засаад явъя л даа” хэмээн уриалав. Харин байнгын хорооны дарга Д.Ганбат “Ц.Нямдорж гуай 2002 онд Хуульзүйн сайдаар ажиллаж байхдаа одоо бидний мөрдөж буй Эрүүгийн хуулийг санаачлан батлуулсан хүн. Ямар ч хүн өөрийнхөө төрүүлсэн үр хүүхдэд хайртай байдаг болохоор энэ хүнийг ойлгож болох юм” хэмээн Нямка гишүүнийг “өмөөрөв”.