Өнгөрөгч намраас эхлэн, нийтийн тээврийн үйлчилгээнд өөрчлөлт оруулснаас хойш автобусаар үйлчүүлнэ гэдэг нь “Зовлон” болж хувирсан. Өмнө нь арай ч ийм байгаагүй гэдэгтэй олон хүн санал нийлнэ биз ээ.Сүүлийн өдрүүдэд гараад байгаа осол аваараас ч харагдаж байгаа байх. Тэгвэл нийтийн тээврээр зорчигчдоос өөр хэн ч мэдэхгүй олон асуудал бий. Тухайлбал автобусанд багтаж сууна гэдэг нь нэлээд аз сорьсон зүйл болсон. Энэ нь бүх чиглэлд явж буй зорчигчдод хамаатай. Азтай өдөр байж тааараад багтаж, орлоо гэхэд асуудал их. Суусан автобус бүрийн жолооч нар зан харилцааны асар их доголдолтой. Хаалгаа хаамаар байна, буугаач, суугаач, холдооч, дараагийн автобусанд суу П- нүүдээ гэх зэрэг хараалын үгийг урсгаж өгнө. Хүний цүнх, хүүхдийн хөл, гар, хормойг хавчуулаад давхих нь бол байнгын үзэгдэл.

Мөн сүүлд орж ирсэн урт автобусны жолооч нар гэнэт тоормоз гишгэж, хоёр буудлын зай тутамд нэг удаа зорчигчдийг ташраар нь унагах нь энүүхэнд. Үүнээс гадна Нэгдүгээр хорооллоос Халдварт чиглэл рүү хорооллын дунд зам, Бөмбөгөр, Тэнгис, МУИС чиглэлд явдаг автобусууд бүгд эвдэрчээ.Тодруулбал энэ чиглэлд явж буй автобуснуудын хаалга онгойдоггүй, эвдрэл ихтэй учир хаймар үнэртэж, халтирч, олон удаа зогсож, зорчигчдын цагийг алдуулахаас гадна халаалт муутай байгаа юм. Эвдрэлтэй автобустай, ёс суртахуунгүй жолооч нар ингэж салганаж яваад хүн алах тохиолдол их байна.

Тодруулбал өнгөрсөн амралтын өдөр “Сутайн буянт” компанийн автобус буудал дээр зогсож байсан 9 хүнийг дайрч, нэг хүний аминд хүрсэн хэрэг гарсан бол Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, 21 дүгээр хорооллын орчимд нийтийн тээврийн хоёр автобус мөргөлдсөн осол өнөө өглөө гарсан байна. Мөн өнөө өглөө Өнөр хорооллын урд талын төв замд, Хархорин захын орчимд нийтийн тээврийн автобус хүн мөргөж аминд нь хүрсэн байгаа юм.

Н.Чимэг