Манай улсад хамгийн эрч хурдтай хөгжиж байгаа салбар нь мэдээлэл технологи гэдгийг бид хүлээн зөвшөөрдөг. Энэ хэрээр цахим ертөнц хүрээгээ тэлж, хүмүүс хоорондын харилцаа өргөжиж байгаа нь нэг талаар сайн боловч нөгөө өнцгөөс нь харвал тийм ч таатай биш санагдах боллоо.

Учир нь, сайт фейсбүүк, твиттер гээд олон нийтийн цахим сүлжээгээр сайшаалтай гэхээсээ саар мэдээлэл, явган хэрүүл, хараал зүхлээр хачирласан“тархи угаах” үйлдэл багагүй явж байна. Түүний хамгийн сүүлийн жишээ нь, П.Батбаяр гэгчтэй холбоотой мэдээлэл юм. Харгис хэрцгий үйлдлээрээ нэг гэр бүлийн хоёр хүний аминд хүрч, хоёрыг нь хүнд гэмтээсэн дээрх этгээдийг нийгэм тэр аяараа жигшин зэвүүцэж байхад бас хамгаалж өмгөөлөх хүн байгаа нь хачирхалтай. Төрийн яаманд багагүй хариуцлагатай алба хашдаг нэгэн, гэмт этгээдийг илрүүлэн баривчлахаас өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгч, “Тийм юм хийх хүн биш” гэхчлэн өмөөрсөн төдийгүй хэн болохыг нь мэдээгүй байж миний найзыг буруутгалаа гэж олон нийтийг зэмлэсэн байгаа юм. Үүнээс болж “Хөөрхий залууг яалт ч үгүй байдалд оруулсан байх”, “Сэтгэл нийлсэн залуус яагаад амьдарч болдоггүй юм бэ” гэсэн дуу хоолой ч сонсогдож, нийгмийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөх үйлдэл хийж байгааг юу гэж ойлгохоо ч мэдэхгүй юм. Залуу насны ааг омог, гоморхол цөхрөл байлаа ч2-3 хүний аминд хүрэх сэтгэлийн хямрал гэж байж болох уу. Чухамдаа “тархи угаана” гэж үүнийг л хэлдэг юм байна. Гэвч яаж ч “угаалгадаг” байсан хүн амины хүнд ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өмөөрөхдөө тултал тийм өрөвчхөн болох гэж баймгүй. Эсвэл монголчууд хүний амь бүрэлгэхийг мал муулахаас ч дор үздэг болчихсон хэрэг үү. Ямартай ч монгол хүний ухамсар доройтож, цөөн боловч хэсэг нь араатнаас дор араншинтай болж байгааг өдөр бүр уншиж, сонсож буй аймшигт мэдээллээс үзэж хардаг боллоо. Бидэнд амьд явах баталгаа алга, яахав, Ерөнхийлөгч өө. Таны өргөн мэдүүлж, хуулийн заалтаас хасуулсан“цаазаар авах ял” үгүйлэгдээд байгаа юм биш үү.

 

Д.Мөнх