Төрийн байгуулалтын байнгын хороо Төрийн ордны “А” танхимд хуралдаж байна. Дөнгөж сая Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Н.Батбаяр гишүүний санаачилсан уг хуулийн төсөлд ард нийтийн саналыг машинаар тоолох асуудлыг тусгасан байгаа. Гэтэл Су.Батболд гишүүн уг хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, тэр ч бүү хэл 2012 оны сонгуулийн саналыг тоолсон “хар машин”-ыг худалдах хэрэгтэй гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Тооны машин гарсан үед сампингаараа дахиж тоолдог гэсэн онигоо гарсан байсан даа. Түүн шиг машинаар тоолсон саналыг дахиж гараар тоолно гэдэг буцаж ухарсан хэрэг.” гэсэн юм.

Сонгуулийн автоматжуулсан тоолллогын тухай хуулийг 2011 онд батлахдаа нэлээд олон орны хуулийг судалж байж боловсруулсан. Ихэнх улс орон сонгууль явуулахдаа автомат тооллого хийдэг болсон. Одоогийн байдлаар ОХУ гараар тоолж байгаа, тодорхой тойргууд дээр автомат тооллого хийдэг. Маш өргөн уудам нутагтай, хүн ам ихтэй учраас бүрэн автоматжуулаахд их хөрөнгө хүч шаардагдаж байгаа тул бага багаар автомат системд шилжээд явж байгаа гэдгийг ажлын хэсгийнхэн тайлбарлаж байлаа.