Өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Ц.Нямдорж гишүүн танхимд орж ирээгүй хоёр гишүүний картыг хийж, ирцэд бүртгүүлэхийг санаархсан. Энэ үйлдэл өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр давтагдав.

Үүнээс гадна Төрийн байгуулалтын байнгын хороон дээр “үзүүштэй” нэг зүйл гарсан нь Ж.Дашдорж, А.Бакей гишүүд хуулийн мэдлэгээрээ бараг л ном хаялцсан юм. Тодруулбал, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураах гэтэл УИХ-ын гишүүн Ж.Дашдорж хуралдааны танхимаас түр гараад байсан Л.Цог гишүүний картыг сугалаад авав. Байнгын хороны дарга А.Бакей түүнд хууль зөрчиж буйг нь сануулахад Ж.Дашдорж гишүүн “Чи өөрөө ирц дутуу байхад санал хурааж хууль зөрчиж байна” гэлээ. Үндсэн хуулийн 4.11.Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, хүндэтгэн үзэх болон энэ хуулийн 4.10-т заасан эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан, эсхүл бүртгэлээс гарсан /картаа сугалсан/ бол түүнийг хуралдааны ирцэд тооцон тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно гэж заасан байна. 4.10 гэсэн заалт нь Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар гишүүн, нам, эвслийн бүлэг хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглосон аж.