Чиний үтрээнээс өмнө нь эвгүй үнэртэй, цагаан юм гарч, загатнаж байсан тохиолдол бий юу? Хэрвээ байгаа бол үтрээний бактержилийн талаар мэдэж авах цаг чинь болжээ.

 

Мөөгөнцөр биш ч юм билүү?  Үтрээний бактержилийн талаар 5 баримт

 

Үтрээний бактержил буюу “bacterial vaginosis” нь олон эмэгтэйчүүдийн мөөгөнцөр хэмээн андуурдаг, үтрээний орчны түгээмэл өөрчлөлт юм. Мөөгөнцөрийн шинж тэмдэг илрээд байгаа мөртлөө шинжилгээгээр илэрдэггүй бол чи өөрийгөө буруу оношилж байжээ гэсэн үг.

1. Эвгүй үнэрээр нь ялгаж болно
Бактержилийн шинж тэмдгүүдэд:
-Үтрээ орчмоор загатнах, хорсох
-Сааралтсан, булингартай ялгадас гарах
-Бага зэрэг эвгүй, муудсан загас шиг үнэр үнэртэх
-Шээхэд болон секс хийхэд хорсох
Эдгээр шинж тэмдгээс илэрч эхэлмэгц бид өөрсөддөө онош тавин мөөгөнцөрийн эсрэг лаа авч хийдэг боловч хийсний дараа ч арилахгүй байх үед нь яахаа мэдэхээ больдог. Үнэндээ анхнаасаа мөөгөнцөр биш байсан юм шүү дээ. Бактержил, мөөгөнцөр хоёрын ижил шинж чанар нь загатнах мөн боловч мөөгөнцөрийн ялгадас аарц шиг бутрамтгай бөгөөд үнэргүй байдаг бол нөгөө нь үнэртэй, шингэн байдгаараа ялгаатай.

2. Энэ бол БЗХӨ биш
Өмнө нь “bacterial vaginosis”-ийг “gardnerella vaginitis” буюу бэлгийн замаар халдаж дамждаг бактерийн өвчин хэмээн үздэг байсан бол орчин үед нэр нь ч, онош нь ч өөрчлөгдөж хэзээ ч секс хийж байгаагүй хүнд ч илэрч болох, эмэгтэй хүний биед байгалиас заяагдсан бактериудын тэнцвэр алдагдахтай холбоотой өөрчлөлт хэмээн хүлээн зөвшөөрдөг болсон.

Ихэнх эмэгтэйчүүд хэн нэгэнтэй анх удаа унтсаны дараа эсвэл шинэ хамтрагчтай болсны дараа мөн нөхөртэйгөө хүртэл унтсаны дараа дээрх шинж тэмдгүүд ихсэх хандлага гардаг учраас халдвар авчихжээ гэж эндүү ойлгох хандлагатай байдаг. Гэхдээ секс нь эрсдлийг нэмэгдүүлдэг хүчин зүйл мөн-Учир нь үрийн шингэн, бэлгэвч зэрэг нь үтрээний хүчил шүлтийн харьцааг алдагдуулж, ашиггүй бактер үржих нөхцлийг бий болгодог. Түүнээс биш, эрэгтэйгээсээ халдаж аваагүй гэсэн үг юм.

Мөн стресс, өвдөх, антибиотикийн хэрэглээ, ханиад хүрэх зэрэг янз бүрийн вирусын гаралтай өвчин туссан үед, жирэмсний үед үтрээний хэвийн орчин алдагдаж, бактержил бий болдог.

3. Орал секс их хийлгэдэг бүсгүйчүүд илүү өндөр эрсдэлтэй
Амны хөндийн микрофлор буюу бичил биетний орчин үтрээнийхээс өөр учраас шүлсээр дамжин үтрээний орчин маш хурдан өөрчлөгддөг. Тиймээс ч лесби эмэгтэйчүүд болон орал секс хийлгэх дуртай бүсгүйчүүдэд эрсдэл илүү өндөртэй байдаг юм.

4. “Bacterial vaginosis” бол цагаан юмны гарц өөрчлөгддөг хамгийн түгээмэл шалтгаан
15-аас дээш насны эмэгтэйчүүдийн 50 хувь нь амьдралдаа нэг болон түүнээс дээш удаа үтрээний бактержилд өртсөн байдаг.

5. Антибиотикоор эмчлэгддэг
Үтрээний бактержилийг эмчлэх хоёр зам бий-Амаар хэд хоног антибиотик уух, 5 хоног үтрээнд лаа хийх. Антибиотик нь өөрөө дархлаа сулруулдаг учраас давхар мөөгөнцөрийн эсрэг эм уух хэрэгтэй болдог. Тиймээс орчин үед голцуу үтрээний лаа хийх, давхар дархлаагаа сайжруулах аргыг сонгож байна. Эмчилгээгээ таслалгүй бүрэн хийсэн тохиолдолд сэдрэх магадлал нь бага, сэдэрлээ гэхэд давтамж нь цөөн байдаг. Харин шинж тэмдэг арилмагц лаагаа хийхээ больчихвол төд удалгүй буцаад сэдэрч, хорсох нь бий. Мөн зөвхөн эмчлэх, ашиггүй бактерийг устгах эмчилгээг хийлгэхээс гадна пробиотик буюу ашигтай бактерийг нэмэгдүүлэх эмчилгээг давхар хийлгэвэл илүү үр дүнтэй. Үүнд бифидо бактертай тараг уух, бифидо бактертай лаа хэрэглэх болон бифидо тарган угаалга зэрэг багтдаг. Гэхдээ энэ бүхнийг эмчийн заавраар хийх хэрэгтэй шүү.

Хэрвээ үе үе, магадгүй сексийн дараа эсвэл ядарсны дараа шээхэд хорсох, дотоожин дээр цагаан саарал өнгөтэй зүйл гарсан байх, эвгүй үнэр үнэртэх шинж тэмдгүүд илэрвэл мөөгөнцөрийн эсрэг эм авч уулгүйгээр мазокын шинжилгээ өгөөд үзээрэй. Мөөгөнцөр сөрөг, харин өөр төрлийн бактер эерэг үзүүлэлттэй гарч болох юм. Энэ үед эмчтэйгээ зөвлөлдөн тохирох эмчилгээг хийлгэх хэрэгтэй шүү.

 

Эх сурвалж: www.Goolingoo.mn