Сонгуулийн хуулиа баталсан ч мандатын хуваарилалт дээр санал зөрчилдсөн АН, МАН-ынхан эцсийн дүндээ 2012 оны тогтолцоогоо хэвээр үлдээж, зургаадугаар сарын 29-нд товлож, УИХ, нийслэл, аймгийн сонгуулийг хамтад нь явуулахаар тогтов.

Ингэснээр Монгол Улсыг бүхэлд нь 26 тойрогт хувааж, УИХ-ын 48 мандатын 34-ийг хөдөөд, 14-ийг хотод хуваарилахаар болж байна. Мандатын хуваарилалтын маргаанаас үүдэлтэйгээр сарниад байсан нэр дэвшигчдийн цуваа өмнөх тогтолцоог хэвээр хадгалах алх цохихтой зэрэгцэн намынхаа байраар ойр ойрхон эргэлдэх болжээ. Ингээд ирэх сонгуульд хэн, хаана нэр дэвшихээр горилж эхэлснийг харцгаая.

ТОЙРОГ ГОРИЛОГСОД

Мандатын хуваарилалтыг хөдөөд танаж, нийслэлд төвлөрүүлэхийг эсэргүүцсээр өөрсдийн талд алх цохиулсан сөрөг хүчин МАН дотор ирэх сонгуульд горилогсдын том сунгаа өрнөх нь. Нийслэлд гэхээсээ хөдөөд, дээрээс нь доогуураа буюу хэсгийн хороодоор хөл сайтай тус намын ирэх сонгуулийн гол найдвар нь орон нутаг. Тиймээс хоёр мандаттай тойрог болох Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан уул, Орхон зэрэг 13 аймгийн 26 мандатын төлөөх марафон МАН-ыг хөдөлгөөнд оруулж эхлээд байна.

Жишээ нь, Хэнтийд МАН-аас Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал, Н.Ганбямба, АН-аас Ж.Оюунбаатар, М.Хүдэрбаатар нар нэр дэвшихээр хэдийнэ бууриа сэлгээд байгаа. МАН-аас гурав, АН-аас хоёр хүн гэсэн үг. Аль аль нь намдаа өөрийн гэсэн нөлөөтэй, нэр дэвшихээ эртнээс зарласан эрхмүүд. Увсаас гэхэд Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын гишүүд хоёр удаа УИХ-д сонгогдсон. Хоёулаа дахин нэр дэвшихээр горилох нь мэдээж. Үүн дээр аймгийн Засаг дарга АН-ын автортой Д.Цэндсүрэн нэмэгдэнэ. Магадгүй Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ч нэр дэвшиж болох. Учир нь, Ерөнхий сайд болоод анхны томилолтоо баруун гурван аймгаас эхлүүлсний дараа Ховд, Увсын орон нутгийн сонгуульд АН олонх болж байлаа. Тэр тусмаа сүүлийн 20 жилийн турш цэнхэртэж үзээгүй увсад АН анх удаа ялсныг Ерөнхий сайд асантай холбож харах хүн олон. Тэгэхээр тэр нутгаасаа нэр дэвшихэд нэгээр гарч ирэх магадлал өндөр.

Олон ястны өлгий нутаг Ховдод МАН-аас Д.Загджав, АН-аас Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа, Д.Батцогт, Кёкүшюүзан Д.Батбаяр
нарын нэр дуулдаж эхэлсэн. Ш.Адьшаагийн хувьд 2012 оны сонгуулиар бие даан нэр дэвшсэн хэдий ч Д.Батцогтод дөрвөн зуун хүний саналаар ялагдаж байв. Харин энэ удаад АН-д элсэж намын нэрээр Ховдоос нэр дэвшихээр зэхэж буй нь энэ. Завхан аймагт одоогийн төлөөлөл Д.Оюунхорол, Я.Санжмятав нараас гадна Д.БалданОчир Ш.Сайхансамбуу, Ш.Батсамбуу гээд нэр дэвшигчдийн цуваа үргэлжилнэ. Д.Оюунхорол гишүүн МАН-д хоёр ч удаа суудал авчирсан болохоор энэ удаад Ш.Сайхансамбууд зайгаа тавьж өгөн өөрөө жагсаалтад орох сурагтай.

2012 оны сонгуулиар Ш.Сайхансамбуу Завханаас нэр дэвшихээр төлөвлөөд байсан ч намаас нь түүнд квот олгоогүй байдаг. Шалтгаан нь Засгийн эрхийг нийслэлтэй хамтад нь эрх барьж байсан МАН-ынхан “Нарантуул”-ын газрын гэрчилгээг 25 жилээр сунгаснаар Ш.Сайхансамбуу нэрээ татсан гэдэг. АН, МАН-ынхан эн тэнцүүхэн хуваалцсаар ирсэн Баянхонгор аймагт Х.Баттулга, Д.Ганбат, Г.Занданшатар нар дахин хүч үзэх нь тодорхой. Д.Ганбат гишүүний тухайд тойрогтоо ажиллах үеэрээ сонгогчдод бэлэг тараасан ч өөрөө “бидон” нэрийг зүүгээд буй. Зүүн хязгаар Дорнодод Н.Номтойбаяр, Х.Болорчулуун нарын гишүүд дахин нэр дэвшихээ илэрхийлж эхэлсэн бол тэдэнтэй хамт Д.Одбаяр, Ц.Шинэбаяр, П.Алтангэрэл нарын эрхмүүд өрсөлдөнө. Сүүлд Зам, тээврийн сайд М.Зоригт өрсөлдөхөө илэрхийлсэн. Харин Сүхбаатараас аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нэр дэвших нь тодорхой болоод буй. Өмнөговь аймагт “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Дундговьд Б.Наранхүү нарын гишүүд дахин өрсөлдөх бэлтгэлээ базааж тойрогтоо ажиллаж эхлээд байгаа. Энэ хоёр аймагт МАН-аас нэр дэвшигчээ явуулах хэдий ч ялах боломж хомс билээ.

МАН-аас 100 хувь ялна хэмээн тооцоолж байгаа нэг аймаг нь Сэлэнгэ. Хоёр мандаттай эл тойргоос өнгөрсөн сонгуулиар С.Баярцогт, Ж.Эрдэнэбат нар сонгогдсон. Энэ удаад Ж.Эрдэнэбат дахин нэр дэвших бол С.Баярцогт жагсаалтад орох магадлал өндөр. Аймагтай хамгийн рейтинг өндөртэй явсан тэрбээр оффшор дансны “ял”-д унаад буй. Тиймээс аймгийн Засаг дарга С.Бүрэнбатад томоохон боломж гарч ирээд байгаа юм. Хөвсгөл аймагт Л. Энх-Амгалан гишүүн улиран өрсөлдөх бол С.Даваасүрэн бие даах эсэх нь одоогоор эргэлзээтэй байна. Оны өмнөхөн түүний МАН-ын гишүүнчлэлийг нийслэлийн намын хорооноос сэргээсэн учир тэрбээр МАН-аас боломж олгосон тохиолдолд намаасаа нэр дэвших магадлал өндөртэй.

ЖАГСААЛТАД ХЭН ОРОХ БЭ
Зүй ёсоор жагсаалтын эхэнд намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, Бүлгийн даргыг эрэмбэлэх бичигдээгүй хуультай. Үүгээр АН-аас З.Энхболд, Л.Эрхэмбаяр, Б.Гарамгайбаатар, МАН-аас М.Энхболд, Ж.Мөнхбат, С.Бямбацогт нар эрэмбэлэгдэх учиртай. Гэхдээ намын дарга тойрогт нэр дэвших ёстой гэсэн байр суурь сонгогчдын дунд зонхилох болсон энэ үед З.Энхболд, М.Энхболд нар олон нийтийн жишгийг дагаж тойрогт өрсөлдөхийг үгүйсгэхгүй. Эх сурвалжийн хэлж буйгаар АН,МАН-ынхан жагсаалтад оруулах эрхмүүдээ түрүүчээс нь тодруулаад эхэлсэн гэх. Жишээ нь, АН-ын жагсаалтад Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны шинэ тэргүүн С.Одонтуяа, Байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг нарыг оруулахаар ярьж эхэлжээ. С.Одонтуяа гишүүн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн гэдгээрээ орж ирж байгаа бол Л.Эрдэнэчимэг гишүүний тухайд өөр шалтгаантай бололтой.

Нэг үгээр хэлбэл, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар Монгол, Хятад, Японы хамтарсан консорциумтай хийх гэрээ хэлэлцээг гацаасны шагналд нь түүнийг жагсаалтын дээгүүр эрэмбэлэхээр болсон сурагтай. Үүн дээр нэмээд ХХАА-н сайд Р.Бурмааг дахин жагсаалтад оруулах мэдээлэл байна. “Давхар дээл”-ийг хүчтэй эсэргүүцэгчдийн нэг байсан мөртлөө өөрөө аваад нөмөрчихсөн түүнд сонгогчид тийм ч таатай ханддаггүй. Мөн Халх гол 500 мянган га газрыг гаднынхан эзэмшүүлэх ажлыг гардан гүйцэтгэснээрээ сонгогчдын хандлагыг улам сэдрээгээд буй. Харин Сонгуулийн нэгдсэн хуулийг гардан боловсруулж, бас батлуулснаараа тэрбээр дахин жагсаалтад орох болзлоо хангасан бололтой. МАН-ын тухайд Д.Оюунхорол гишүүнийг жагсаалтын эхний тавд эрэмбэлэх мэдээлэл байна. Түүний араас Д.Хаянхярваа, Б.Бат-Эрдэнэ болон С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын аль нэгийг оруулахаа ярилцаж эхэлжээ. Гэхдээ С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёрын хувьд яриа төдий учир МАН-ынхан Бага хурлаараа эцэслэн шийдвэрлэх юм.

НИЙСЛЭЛ ДЭХ ӨРСӨЛДӨӨН
АН, МАН-ын хувьд ширүүхэн өрсөлдөөн өрнөх гол газар нь нийслэлийн зургаан тойрог бүхий 14 мандат. 2012 оны сонгуулиар Хан-Уул-Багахангай-Багануур, Баянзүрх-Налайх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол гэсэн таван дүүрэгт далаараа цэвэр тавиулсан МАН-ынхан энэ удаад мөчөөгөө өгөхгүй нь лав. Хан-Уул-Багахангай-Багануурын 21 тойрогт гэхэд хашир туршлагатай фигур болох Ц.Нямдоржийг өрсөлдүүлэхээр эртнээс бэлтгэж эхлээд буй. Тус дүүргээс сонгогдсон Ц.Оюунгэрэл гишүүн нэр дэвшихгүйгээ илэрхийлээд байгаа бол Л.Болд гишүүн хайчих нь тодорхойгүй байна.

Харин Баянзүрх-Налайх дүүрэгт МАН-аас Б.Батзориг, С.Амарсанаа, Б.Сарангэрэл, АН-аасЖ.Батзандан, Д.Пүрэвдаваа, Д.Ганхуяг нарын эрхмүүд өрсөлдөхөөр бэлтгэлээ эхлүүлээд байгаа юм. Чингэлтэйд Г.Уянга гишүүн бие даан нэр дэвших магадлалтай байгаа бол түүнтэй Г.Баярсайхан, Б.Батбаатар, Д.Зоригт, Д.Очирбат нарын нэр дуул-даж байна. Гэхдээ ирэх сонгуулиарсонгогчдынхоо тоогоор хоёрдугаарт бичигддэг Сонгинохайрхан дүүрэг хамгийн олон кандидаттай байж мэдэх нь. Энд МАН-аас Д.Сумъяабазар, “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, С.Түмэнгэрэл, Г.Тэнгэр, АН-аас О.Магнай, Д.Дагвадорж, М.Чинболд, Ө.Пүрэвбаатар гээд цуваа үргэлжилж байна. Сонгуульд өрсөлдөх кандидатуудыг дурдахад ийм байна. Ил болсон нь эдгээр эрхмүүд болохоос цаг нь болохоор нэрээ дэвшүүлж нам дотроо амбийцлах хүн олон бий нь мэдээж. Хамгийн гол нь, эдгээр эрхмийг албан ёсоор баталгаажуулах эсэхийг намын Удирдах зөвлөл, Гүйцэтгэх зөвлөх хийгээд Бага хурал, Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас эцэслэн гаргах учиртайг энд тодотгох хэрэгтэй.

 

С.ГАНДӨЛ

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/