Өнөөдрийн байдлаар манай улсад нийт хоёр сая гаруй интернэт хэрэглэгч байгаа гэсэн тооцоо байна. Үүний 86 орчим хувь нь гар утас, таблет буюу хөдөлгөөнт төхөөрөмжөөр интернэтэд холбогддог байна.

Тэгвэл эдгээр хүмүүсийн хэрэглээг шинэ түвшинд гаргах 4G интернэтийн сүлжээг Монгол Улсад нэвтрүүлэх бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан байна.

4G сүлжээг анх 2010 оноос баруун Европын орнууд ашиглаж эхэлсэн. Бид энэ технологийг зургаан жилийн дараа нэвтрүүлэх гэж байна. 3G сүлжээний дээд хурд нь секундэд найман мбайт файл татах чадалтай бол 4G сүлжээ 30 хүртэл мегабайт файлыг нэг секундын хугацаанд татах боломжийг хэрэглэгчдэд олгох юм байна. Бэлтгэл ажил, эрх зүйн баримт бичгүүд үндсэндээ бэлэн болсон гэж албаны эх сурвалж мэдээлж байна. 4G хөдөлгөөнт интернэтийн үйлчилгээг авснаар иргэд том хэмжээтэй файл татах видео контент үзэхэд хурдны ялгаа мэдрэгдэхгүй учир хэрэглээгээ хянаж чадахгүй өндөр төлбөр төлөх магадлалтай гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Сонирхуулахад, 2020 он гэхэд Япон улс 5G сүлжээг нэвтрүүлнэ гэж зарласан. Энэ сүлжээ нь секундэд 300 хүртэл мегабайтын хурдтайгаар интернэтэд орох боломжийг олгоно гэж тооцоолж байгаа гэсэн мэдээлэл байна.