Энэ долоо хоногт дотооддоо болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

 

Улстөрд сонгуулийн сурталчилгаа хуулиа зөрчин хэдийнээ эхэлсэн. Нэр дэвших арга замаа хайн нэг нэгэндээ хайр зарлан, эвлэлдэн нэгдэх үзэгдэл өнөө жил моодноос гараагүй байна. АН, ИЗНН нэгдлээ. Хоёр талын төлөөлөл Төрийн ордны "Их Эзэн Чингис хаан танхим"-д нэгдэх санамж бичигт гарын үсэг зурав.

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл мягмар гарагт хуралдаж ИЗНН болон МҮАН-ыг намдаа нэгтгэх асуудлыг шийдвэрлэж намуудыг нэгтгэх ажлын хэсгийг байгуулсан юм. Ахлагчаар нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг томилов. Энэ асуудлаар ажлын хэсэг хоёр удаа хуралдсан бөгөөд хоёр намын төлөөлөл тохиролцоонд хүрч чаджээ. ИЗНН-аас байгуулагдсан ажлын хэсгийг тус намын дарга С.Оюун удирдаж, Р.Булгамаа нарийн бичгийн даргаар нь ажилласан юм.

Сонгуулийн чмээгээр гадаадад тухлан сууж байсан нэг хэсэг нь эх орондоо ирж нэр дэвшихээр улайрч байхад нөгөө хэсэг нь эх орноосоо зугтах гэж буй талаар чих дэлсэв. С.Баярцогт гадаад руу зугтах уу? Сангийн сайд байхдаа хамгийн их мөнгө төгрөг идсэн хэмээн чичлүүлдэг түүнийг "Оюутолгойн гэрээнээс хамгийн их хувь хүртсэн хүн” хэмээн улстөрийн хүрээнд саяхныг хүртэл ярьдаг байсан. Нөгөө талаас С.Баярцогт Сангийн сайд байхдаа "Оюутолгойн ордын ашгийн 59 хувийг монголчууд хүртэхгүй бол би хариуцлага хүлээнэ” гэж их л сүржин мэдэгдэл хийж байсан. Харамсалтай нь, С.Баярцогтын боловсруулсан энэ муу гэрээг түүний дотнын анд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болонгуутаа дур мэдэн өөрчилж, улам дордуулсан ба үүний улмаас Монгол Улс, Монголын ард түмэн Оюутолгойгоос 2037 он хүртэл ашиг хүртэхгүй болох нь тэр. Түүнд Оюутолгой дээр нэмэгдээд оффшор дансны асуудал сонгуулийн дараа сөхөгдөх нь гарцаагүй ба АН ялагдаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг явцгүй болбол С.Баярцогт хаяагаа манаж гадагшаа зугтаахаар төлөвлөж буй бололтой. С.Баярцогт АНУ-д суралцах нэрээр гадаад уруу зугтах ажээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Нийгэмд зам тээврийн ослын тоог бууруулахаар олон ажил хийгдэж байгаа. Гэтэл жолооч нарын хариуцлагагүй байдлын улмаас олон хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирч үлдсээр байгаа билээ. Иймд тэдэнд хатуу дэмжихээр шийдэж замын хөдөлгөөний байдлын тухай хуулийг чангатгасан. Гэсэн хэдий ч үүнийг гаргаад ч нэмэр болохгүй байгаа бололтой. Зөрчлийн онооны системийг нэвтрүүллээ. Энэхүү онооны системийг зарим хэсэг нь буруу хэмээн үзэж бухимдаж байгаа бол нөгөө хэсэг нь дүрмээ барьж замын хөдөлгөөнд оролцохгүй байгаа болохоор зөв гэв. Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмын дагуу 18 зөрчилд 1, 2, 3, 5 оноог тус бүр хасахаас гадна торгууль ногдуулна.

 

НЭГ ОНОО ХАСАХ ТОХИОЛДЛУУД БА ТОРГУУЛИЙН ХЭМЖЭЭ

1.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоог шилжүүлсэн жолооч – 192.000 төгрөг

2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолооч – 48.000, 19200 төгрөг

3.Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй жолооч – 9.600 төгрөг

4.Замын хөдөлгөөнд оролцохдоо зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолооч – 9.600 төгрөг

5.Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолооч – 19.200 төгрөг

6.Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолооч – 19.200 төгрөг

7.Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолооч – 96.000, 192.000 төгрөг

ХОЁР ОНОО ХАСАХ ТОХИОЛДЛУУД БА ТОРГУУЛИЙН ХЭМЖЭЭ

8.Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч – 192.000 төгрөг 9.Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн этгээдэд жолоог шилжүүлсэн жолооч – 96.000 төгрөг

10.Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолооч – 96.000 төгрөг

11.Зам тээврийн осолд холбогдсон жолоод Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй жолооч – 96.000 төгрөг 12.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолооч – 19.200 төгрөг

13.Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн жолооч – 19.200 төгрөг

14.Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолооч – 9.600 төгрөг

15.Механикжсан тээврийн хэрэгслийн ажлын тоормозны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч – 48.000 төгрөг

ГУРВАН ОНОО ХАСАХ ТОХИОЛДЛУУД БА ТОРГУУЛИЙН ХЭМЖЭЭ

16.Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолооч – 48.000 төгрөг

17.Тээврийн хэрэгслийн дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой хууль тогтоомж зөрчсөн жолооч – 96.000 төгрөг

ТАВАН ОНОО ХАСАХ ТОХИОЛДЛУУД БОЛОН ТОРГУУЛИЙН ХЭМЖЭЭ

18.Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчсөнөөс зам тээврийн осол үйлдсэн болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд буруутай жолоочоос хасна. Зөрчлийн оноо хассанаас хойш нэг жилийн хугацаанд дахин зөрчил гаргаагүй жолоочийн хамгийн сүүлийн хассан оноог сэргээж, зөрчил гаргалгүй хоёр жил болвол 10 оноог сэргээн урамшуулахаар журамд заажээ.

Эдийн засагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Мөн ам.доллар чангарав. Өнөөдрийн байдлаар 2018 төгрөгөөр нэг ам.долларыг зарлажээ. Харин арилжааны банкууд 2013-2016-р авч, 2019-2024 төгрөгөөр зарж байна.

Иргэдийн хамгийн ихээр хүлээж байгаа Ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох шийдвэр билээ. Үүнийг хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ гэдгийг чих тавин хүлээж суугаа. Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар “Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон бууруулахаар 16 журам, гэрээнд өөрчлөлт оруулахаар Засгийн газар болон банкуудтай хамтран ажиллаж байна. Энэ ажлыг ойрын хугацаанд дуусгаснаар таван хувиар зээл олгоно. Мөн өмнө нь олгосон зээлийн хүүг таван хувьд шилжүүлэх ажлыг ирэх дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэх боломжтой юм. Урьдчилгаа төлбөрийн хувьд анх хөтөлбөрийг эхлүүлэх үед баримталж байсан 30 хувийн урьдчилгаатай байна гэсэн бодлого хэвээр байгаа. Энэ нь нэг талаас иргэдийг орон сууцтай болохын тулд илүү их хөдөлмөрлөж, хуримтлал бий болгох, нөгөө талаас зээлийн эрсдэлийг бууруулан банкны системийн тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой. Харин Засгийн газраас ипотекийн зээлийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг харгалзан үзэж, урьдчилгаа төлбөрийн тодорхой хувьд татаас өгөх нь тусдаа асуудал юм. Тухайлбал, Засгийн газраас олон жил, үр бүтээлтэй ажиллаж нийгэмдээ хувь нэмрээ оруулсан, татвар хураамж, нийгмийн даатгалын санд шимтгэлээ тогтмол төлж ирсэн иргэдэд орон сууц худалдан авахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлого бусад улс орнуудад байдаг. Энэ талаар ямар бодлого, зарчим баримталж байгааг Засгийн газраас тодруулах нь зүйтэй болов уу. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн хүүг бууруулах нь мөнгөний бодлогын, урьдчилгаа төлбөрт хөнгөлөлт үзүүлэх эсэх нь төсвийн халамжийн бодлогын асуудал юм” хэмээсэн.

Спорт Модон хонь жилийн шилдэг найман бөхөө МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООноос тодруулав. Хэдхэн хоногийн дараа Монголчууд бид уламжлалт сар шинийн баяраа тэмдэглэж, модон хонь жилээ үдэж, гал бичин жилтэйгээ угтан золгох гэж байна.

Хонь жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанаас эхлэн хэдхэн хоногийн өмнө болсон Харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан хүртэл Монгол бөхийн өргөөнд улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн 25 барилдаан болсон агаад тус барилдаануудад оролцсон бөхчүүдийн чансааг бодож МҮБХ-ноос албан ёсоор зарлаж байна.

Үүнд: Монгол улсын залуу арслан Э.Оюунболд 27579 чансаагаар тэргүүлсэн бол
Улсын арслан П.Бүрэнтөгс 25625 чансаагаар удаалж,
Улсын арслан Н.Батсуурь 22054 чансаагаар гуравт,
Улсын харцага Ц.Содномдорж 18929 чансаагаар дөрөвт,
Улсын гарьд Б.Гончигдамба 16639 чансаагаар тавд,
Улсын харцага Ө.Бат-Орших 15575 чансаагаар зургаад,
Улсын заан Ч.Санжаадамба 15155 чансаагаар долоод,
Улсын харцага Б.Пүрэвсайхан 14254 чансаагаар наймд шалгарлаа.

Харин уг чансаанд дээгүүр бичигдсэн аймгийн цолтнуудаас чансаа өндөр найман бөхийг тодруулвал:
Аймгийн арслан О.Хангай 11819 чансаагаар тэргүүлж,
Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар 11140 чансаагаар удаалж,
Аймгийн арслан Б.Эрдэнэхүү 8793 чансаагаар гуравт,
Аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр 8632 чансаагаар дөрөвт,
Аймгийн арслан Д.Анар 8295 чансаагаар тавд,
Аймгийн арслан М.Бадарч 8070 чансаагаар зургаад,
Аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр 6860 чансаагаар долоод,
Аймгийн хурц арслан О.Гантулга 6362 чансаагаар наймд тус тус шалгарч байна.
Мөн улсын цолтнуудын барилдаанд амжилттай барилдсан аймгийн арслангаас доош цолтой чансаа өндөр 8 бөхийг тодруулвал:
Аймгийн харцага У.Береке 4095 чансаагаар тэргүүлж,
Аймгийн начин Д.Аззаяа 3160 чансаагаар удаалж,
Аймгийн харцага Д.Пүрэвдорж 2955 чансаагаар гуравт,
Аймгийн харцага Н.Хүрэлсүх 2935 чансаагаар дөрөвт,
Аймгийн начин О.Батжаргал 2825 чансаагаар тавд,
Аймгийн харцага Э.Энх-Амгалан 2680 чансаагаар зургаад,
Аймгийн заан М.Даваасүрэн 2655 чансаагаар долоод,
Аймгийн харцага Г.Энхбилэг 2390 чансаагаар наймд тус тус шалгарч байна.

 

Урлагийнхан хайрын баярын өдрөөр нэлээдгүй олон тоглолтыг зарлаад байгаа билээ. Гэгээн хайрын баяраар рок попын хос дуучид хамтарна.

Дурлалт хосуудын баяр гэгээн хайрын өдөр тун удахгүй тохиох гэж байна. Энэхүү гэгээн хайрын өдрөөр Монголын бүх хосууддаа зориулж дуучин Баярцэнгэл & Улаанцэцэг болон Анхаа & Халиун, Амархүү & Ариунзул, BХ & Эгшиглэн, Зоригт & Хишигдалай нар хамтран "Хайрын дуу" шоу тоглолтоороо 500 хос залууст бэлэг барих нь ээ.

Шоу тоглолт 2-р дугаар сарын 14-ны өдөр 20:00 цагаас Монголын №1 "Castle" клубт болох юм. Залуус маань 20:00-23:00 цагийн хооронд хайрын дуунд уярч хайртай хүнтэйгээ хамтдаа нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүлэх бол 23:00 цагаас үүрийн 04:00 цаг хүртэл ОХУ-ын секси бүжигчид болон "Castle клуб"-ын шилдэг DJ нарын "set"- ийг мэдрэх боломжтой ажээ.

"Хайрын дуу" шоу тоглолт болоод 23:00 цагаас 04 цаг хүртэлх партинд та нэг тасалбараар үйлчлүүлэх боломжтой гэдгийг дуулгая. Тасалбар 24700 төгрөгөөр худалдаалагдах бөгөөд хайрын өдрөөр хайртай хүнээ хэрхэн баярлуулахаа төлөвлөөгүй бол "Сastle" клубыг зориход болох нь ээ.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа