Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн аав Ж.Төмөрсүхийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Баасандорж түүнийг өмгөөлөх ажлаа больж байгаа тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тэрбээр талийгаачийн нас барсны дараагаас эхлэн үнэ хөлсгүйгээр, сайн дураараа ийнхүү өмгөөлөл үзүүлж байсан аж. Харин ингэх болсон шалтгаан гэвэл сэтгүүлч болон зарим хүмүүсийн дарамт шахалтаас болсон гэжээ. Тодруулбал хэдхэн хоногийн өмнө сэтгүүлч Л.Мөнхбаясгалан түүний талаар ингэж бичсэн байдаг.

“Би лав энэ хүнийг өмгөөлж байгаа цагт хэрэг илрэхгүй гэж санадаг. Энэ хүн бол ёс зүйгүй худалч бас улстөртэй нэлээд хутгалдсан тэдний гар хөл болсон хүн. Мөнгө, эрх мэдэл хаана байна тэнд цохиж явдаг этгээд дээ.... Ганцхан жишээ хэлье. Сүмбээ агсны хэргийн талаар өгсөн ярилцлагадаа "Лхагвасүмбэрэл агсан алга болохынхоо маргааш гадаадад олон улсын хуралд явах гэж байсан" хэмээн худлаа хэлсэн байсан. Сүмбээ агсан Тосон бумбын нуруу руугаа л явах гэж байсан шүү дээ. Тэгээд манай нэвтрүүлгийг үзээд энэ гар ичээ болов уу. Хоёр сарын турш өмгөөлж байгаа хэргийнхээ амь үрэгдсэн хүнийг хаашаа явах гэж байсныг ч мэдэхгүй суудаг өмгөөлөгч гэж байх уу. Сүмбэээ агсаны аавыг хотод ирэхэд ганцхан удаа л уулзсан байх. Энэ нөхөр зүгээр л нэрд гарах гэж энэ хэргийг өмгөөлж байгаа юм. Жаахан ч гэсэн сэтгэл тавьж Сүмбээг алсан алуурчдыг олохын төлөө энэ нөхөр явж чадахгүй ээ.... Би энэ тухай ар гэрийнхэнд нь ч хэлсэн... Энэ нөхөр жирийн сэтгүүлч надаас ч муу ажиллаж байгаа шүү энэ хэрэг дээр..... Энэ өмгөөлөгчийн тухай улстөртэй холбоотой ноцтой мэдээлэл ч надад бий.... ичдэггүй... ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн Сүмбээ агсаны амь үрэгдсэн хэргийг чин сэтгэлээсээ өмгөөлөх хүнийг олохсон....Нээрээ энэ нөхрийг УИХ-ын гишүүн Оюунгэрэл олж өгсөн гэсэн шүү.... Би яагаад ингэж бичих боловоо гэвэл энэ этгээд намайг ор үндэсгүй гүтгэж байсан юм. Бүр таних ч үгүй байж шүү. Тийм учраас Сүмбээ агсаны хэргийг үнэн зөв илрээсэй гэж чин сэтэглээсээ хүсч бас энэ хэргийн баримтуудыг одоо ч цуглуулсаар яваа сэтгүүлчийн хувиар ийнхүү бичлээ.. Та бүхэн болгооно биз дээ” гэсэн байдаг.

Энэ үгний төлөө тэрбээр өмгөөлөл үзүүлэхээ больж байгаа учир Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хэлсэн үнэн болж таарч байна уу.

Ямартай ч талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн ар гэрийнхэн сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай санал нэг байгаа бөгөөд ингэхээр шийдэж, Ц.Баасандоржийг өмгөөлөгчөөр ажиллуулахаас татгалзсан юм байна.

УМБГ-аас ажлын хэсэг гарч талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хэргийг шалгаж байгаа билээ. Уг нь талийгаачийн машинд байсан архины шилэнд хоёр хүний гарын хээ гарсан, Хөвсгөл рүү гарахынх өмнөх өдөр утсаар ярьж, дарамтлан сүрдүүлсэн хүний яриа, гар утсандаа нууцаар бичиж үлдээсэн бичлэг зэрэг нэлээд хэдэн баримт байгаа боловч хэрэг одоогоор илрээгүй байгаа юм. Харин холбогдох сэжигтэй этгээд болон Тостын нуруунд лицензтэй уул уурхайн компаниудаас тайлбар мэдэгдэл авч байгаа ажээ. Хэрэг уг нь нэлээд нааштай болж байгаа гэдгийг эх сурвалж хэлж байна.

Талийгаачийн ар гэрийнхэн Тост, Тостын нуруунд лиценз эзэмшдэг компаниудыг сэжиглэж байгаа гэдгээ удаа дараа мэдэгдээд байгаа. Тодруулбал Тостын нуруунд лицензтэй компаниуд тэнд өрөм тавихаар явдаг байсан бөгөөд тухайн үед Гурван тэс сумын Тост багийн дарга хүртэл тэдэнтэй хамтарч ажилладаг бөгөөд талийгаачид нэлээд дургүй байжээ. Харин үүнийг Т.Лхагвасүмбэрэл эсэргүүцэж, өрөм тавиулахгүй хэмээн удаа дараа тэмцсэн юм билээ.

Иргэний нийгмийн байгууллагаас мэдээлэхдээ “ Ирвэс хамгаалах сангийн талбайд Хятад эзэнтэй 6 компани үйл ажиллагаагаа явуулдаг учир түүний үхэлд хятадын компаниудыг шалгах хэрэгтэй, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компанийг буруугүй хэмээн бодож байна гэж олон нийтэд мэдээлэл хийсэн. Харин үүнээс үзэхэд тэдний уг мэдээллийг Б.Чойжилсүрэн хийлгэсэн гэж хардахад хүргэж байгаа юм. Учир нь тэрбээр өөрийг нь буруутгасан хүмүүст учрыг тайлбарлахдаа уг иргэний нийгмийн байгууллагын ярьсаныг дахин дахин хэлж, манай компанид хамаагүй гэдэг ажээ.

Мөн “Б.Чойжилсүрэнгийн компанийг хүн амины хэрэгт сэжиглэж болохоор байна” гэх гарчигтай нийтлэлийг манай сайт бичсэн. Гэтэл тэрбээр төрийн ордонд мэдээлэл хийж, сайтуудын бичсэн худлаа хэмээн цагдаагийн байгууллагад хандахаа мэдэгдэн хэлэхдээ “Манай компанийнхан талийгаач болон орон нутгийн төрийн байгууллагуудтай ямар нэг зөрчилтэй зүйл байхгүй. Асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна" гэсэн юм.

Ямартай ч түүний ярьсан зөрчил байхгүй гэдэг үг худал болж таарч байгаа юм. Тодруулбал Б.Чойжилсүрэнгийн “Саус гоби коэл транс” компанийн нэр дээр Тостын нуруунд хоёр ашиглалтын лиценз байгаа бөгөөд ашиглалтын лицензээ авч үлдэхийн тулд хоёр ч удаа шүүхээр орж, ялалт байгуулсан байдаг. Харин Гурван тэс сумын ИТХ тэднээ компанид ялагдаж, ашиглалтын эрхийг нь түдгэлзүүлж чадаагүй гэсэн үг. Мөн Т.Лхагвасүмбэрэлийн амьд сэрүүндээ буюу гурав дахь удаагийн халдлагад өртөхийнхөө хэдхэн хоногийн өмнө бичиж байсан фэйсбүүкийн сэтгэгдэл нь түүнийг Б.Чойжилсүрэнгийн компанитай зөрчилтэй байсан гэдгийг илтгэж байгаа юм. Тодруулбал тэрээр 2015 оны 4-р сарын 18-нд ийн бичиж байжээ.

Түүнийг 2014 оны тавдугаар сард “Залуучууд” зочид буудлын ойролцоо явж байхад нь үл таних дөрвөн залуу хоолой болон шуунд нь хутгалсан байдаг. Мөн 2015 оны нэгдүгээр сарын 13-ны шөнө тавдугаар сургуулийн ойролцоо баг өмссөн хүмүүс хүчээр машинд суулган авч яваад “Хөдөө байхдаа том том юм ярьдаг бацаан байна лээ. Хотод, хөдөө ч бидний гараас мултрахгүй шүү” хэмээн дарамталсан аж. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагаас шалгасан ч “Хохирогчгүй” хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон түүхтэй.

Харин дараагийн халдлага нь 2015 оны дөрөвдүгээр сарын 30-нд Тостын нуруунд судалгаа хийж явахад нь баг өмссөн хоёр хүн толгой руу нь цохин ухаан алдуулж нөгөөх нь хэвлийн тус газар нь гурван удаа хутгалсан аж.

Түүний үхлийн шалтгаан нь өмнөх халдлагуудтай холбоотой гэж байгаа ч хэргийг хууль хяналтын байгууллагаас нэг мөр болгоогүй, одоогоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа юм байна.

Н.Ганаа

үргэлжлэл бий...

Эх сурвалж: cityinfo.mn