Хэчнээн ч нууж, дарж "багасгаж бууруулж” байгаа ч гэсэн өнөөдөр Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, "Дэлхийн №1 агаарын бохирдолттой нийслэл хот” болсон нь үнэн. Үүнд Улаанбаатар хотын "Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот” болон 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрийнхээ ердөө 0.3-хан хувь болсон газарт хүн амын тал нь шамбааралдсан байдал багагүй хувь нэмрээ оруулсан.

Гэхдээ үүнээс илүүтэйгээр 3-хан сая хүнийг гэр хороололд амьдруулахгүй байх ухаан хүрээгүй төр засаг, 300 тэрбумыг зарцуулсан ч агаарын бохирдлоос салгах сэтгэл дутах улстөрчдийн үйлдэл хамгийн их нөлөөлжээ. Агаарын бохирдолд аль хэдийнэ 100 гаруй тэрбумыг зарцуулаад байгаа ч ахиц ердөө ч гарсангүй, харин ч нэмэгдэв. Үлдсэнээс хэдэн утаагүй зуух.

Авлига авсан, мөнгө төгрөг идэж уусан нөхдүүд нь Н.Алтахуяг Ерөнхий сайд асны охиноор чимээ алдарлаа. Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаасаа хойш утаагүй гал түлэх аргыг олоогүй байхад утаагүй зуух үйлдвэрлэчихсэн манайхан утааг бууруулах бус харин ч "утаа гарга” хэмээн хэдэн зуун мянган сайжруулсан тодотголтой зуухыг 68 тэрбум төгрөгөөр шахаж, бизнес хийв. Жилийн жилд л агаарын бохирдлыг бууруулахад зориулагдсан асар их мөнгө авлигачдад хамгийн ихээр өртөж байсан бөгөөд энэ жил агаарын бохирдлыг бууруулахад хөрөнгө төсөвлөөгүйд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг ихэд гомдонгуй явдаг. Тиймдээ орон гаран зүйл ярьж, агаарын бохирдлыг нэг болохоор буурсан, нэг болохоор өссөн хэмээн ярьж явна. Агаарын бохирдолтой тэмцэх мөнгө байхгүй учраас агаарын бохирдлыг бууруулж чадахгүй байна гэсэн атлаа агаарын бохирдол буурсан гээд яриад явах нь ямар ч логиктой юм.

Түүний хэлснээр, Монгол Улс улсын хэмжээнд агаарын бохирдолгүй улс байж болно. Гэхдээ Улаанбаатар хотын хэмжээнд гамшгийн хэмжээнд хүрчихээд байгааг ухахгүй л байгаа бололтой. Ямар сайндаа, Д.Тэрбишдагва гишүүн олон улсад агаарын бохирдлын дээд хэмжээг 500 хэмээн тодорхойлж, түүнээс дээш тоо байхгүй байхад Монгол Улсад 2000, 3000-д хүрч байна гэж үнэнийг хэлж байхав. Үүнтэй холбогдуулан нэгэн тайлбар хүргэхэд, олон улсад агаарын бохирдлыг 1 шоо метр агаарт ноогдох тоосонцрын хэмжээгээр тооцдог бөгөөд хэвийн хэмжээ нь 1 шоо метрт 50 микрограмм тоосонцор ноогдох явдал юм. Харин дээд хязгаар нь 500 микрограмм бөгөөд 600-гаас давахад уушиг, тархи, зүрх судасны хавдар, хатуурал, бөглөрөл зэрэг янз бүрийн өвчин тусах эхлэл болдог байна. Тэгвэл Монгол Улсад идэр есийн хүйтнээр өглөө, оройдоо хотын төв хэсэгт 1 шоо метр агаарт 2685 микрограмм тоосонцор буюу хатуу биет бүртгэгдэж байсан баримт гаднын хэвлэлд гарсан юм.

Гэхдээ олон улсын шинжээчид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс 25 дахин их байна хэмээн мэдэгдсэн юм. Энэ нь 50x25=1250 буюу 1 шоо метрт 1250 микрограмм тоосонцор гэсэн үг бөгөөд энэ үзүүлэлтээрээ аюулгүйн хэмжээнээс 21 дахин их Хятадын Бээжин, 24 дахин их Энэтхэгийн Дели хотыг тэргүүлж явна. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрснийг гаднынхан "Mongolian Airpocalypse” хэмээн шоглож, шинэ нэр томьёо дэлгэрүүлэв. Ямартай ч, apocalypse-г airpocalypseболгож чадлаа.

 

 

Улаанбаатарын утаанаас болж олон улсын онгоцууд газардаж чадахгүй байна

 

 

 

 

 

Улаанбаатарын утаа заримдаа харагдах нөхцөлгүй болгодог бөгөөд үүний улмаас олон улсын онгоцууд "Чингис Хаан” нисэх буудалд газардаж чадахгүй, Улаанбаатар хотын дээгүүр 2 цаг гаруй хий дэмий эргэлдэж, хүмүүсийн ажил амьдрал, цаг завийг үрсэн асуудал гарсныг бид мэдээлсэн билээ. Энэ асуудалтай холбоотойгоор өмнө нь бас иймэрхүү асуудал нэг бус удаа гарч байсан нь тодорхой болсон юм. Тэгвэл хамгийн сүүлд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Иран Улсад айлчлаад буцахдаа Улаанбаатарын утаанаас болж долоон цаг саатсан байна. Л.Пүрэвсүрэн сайд өнгөрөгч 12 дугаар сарын 23-24-нд Иран Улсад айлчилсан бөгөөд түүнийг болон бусад зорчигчдыг тээвэрлэсэн Туркийн "Туркиш Эйрлайнс” компанийн онгоц Улаанбаатарын утаанаас болж газардаж чадахгүй, ОХУ-ын Иркутскт газарджээ. Гэсэн ч тус нислэгийн компани зорчигчдоо долоон цагийн турш хоолгүй, "00”-гүйгээр онгоцонд хорьж, олон улсын хууль тогтоомжийг зөрчжээ.

Энэ асуудлыг одоо шалгаж байгаа бөгөөд Орос, Туркийн харилцаанд ан цав үүссэн, онгоцноос буулгалгүй буцаагаад аваад ниссэн нь англиар ярьж чадахгүй байсанд зэрэг шалтгаанууд байжээ. Уг нь Олон улсын нисэхийн дүрмээр ослын буулт хийх үед онгоцны зорчигчдын ая тухыг хангаж хоол хүнсээр хангах ёстой гэж заасан байдаг аж. Гэсэн ч Гадаад хэргийн сайд нь ингүүлж, чимээгүй байхад олон улсын хууль дүрэм гэж яриад ч яахав дээ. Нөгөө талаас агаарын бохирдол, ард түмний амьдралаас илүүтэй албан тушаал, амбиц байгаад л байх юм.

 

 

 

 

 

Нинж