Парламент бүрэн эрхийн хугацааныхаа сүүлийн намрын чуулганыг ардаа орхиж хаалтаа хийснээр түшээд сонгуулийн хувийн бэлтгэлдээ гарцгаах гэж байна. Уламжлал ёсоор сүүлийн өдөр 20-30 хууль бөөндөөд ч төлөвлөсөн хуулиуд амжихгүй тул ээлжит бус чуулган товлох бололтой.

 

Дөрвөн жилийн найман чуулганы 7-д нь Ерөнхий сайдыг огцруулах талаар ямар нэг байдлаар хэлэлцсэн. Энэ үедээ ирц нь үлгэр жишээ байсан гэж байгаа. Хаврын чуулганы хувьд ердийн хуулиуд гүйж ороод хурдан гардгаараа болсон. Харин тусгай ангилалд орчихоод байгаа Тавантолгойн төслийн талаар дуугарсан ч үгүй тойроод өнгөрлөө. Дансыг нь шилэн болгох улс төрийн намын тухай хуулийг хойд хармаандаа хийсээр үлдэж байгаа бол сонгуулийн хуулиа эв найртай тохирч яриад баталчихсан.

 

Тууз хайчлах дээрээ тулаад гацсан Тавантолгойн дуулиант төсөл дараагийн чуулганд хаяглагдаад байгаа. Ирэх сонгуулийн санхүүжилтийн том цэнэг болгохоор үлдээсэн байж ч магадгүй. Мөн цөөнгүй тогтоол шийдвэрүүддээ өөрчлөлт оруулж эргэж буцлаа. Хамтын тэтгэврийн хуулийн эдийн засгийн дарамтыг дараагийн сонгуулиар бүрдэх парламент түүнээс бүрэлдэх засагт үүрүүлээд бултлаа. Хүүхдийн 20 мянгыг эдийн засгаа бодоод танахаар болсон ч сонгуулиа бодоод буцаагаад засварлалаа.

 

Эрүүгийн хуулийн шинэчлэл, Эрүүл хууль, Аж үйлдвэрийн хуулиуд зэрэг жирийн иргэдэд хэрэгтэй хууль баталж ямар ч байсан амьдралд мөрдүүлэхээр боллоо. За тэгээд бусад үндсэн ажил нь бүлэг намын байр сууриа илэрхийлэх, хамгаалах завсарлага авах, уул уурхайн төслүүдийг тохирох, мултлах ажил байлаа даа. Энд иргэдийн зүгээс онцолж хэлээд байгаа нэг үзүүлэлт бол энэ чуулган Ноён уулыг Сентерра Гоулдад өгөх талаар 4 удаа хуралдсан байгаа юм. Сүүлийн хэлэлцүүлгээрээ Ноён уулын оройг нь тусгай хамгаалалтад авч энгэр бэл, хөндий хэвлийг нь Центерра Гоулдад өглөө. Үндсэндээ нөөцөллөө шүү гэж атга жимс үзүүлээд ургуулдаг бутыг нь хөрөөд гээд хүнд өгчихлөө.

 

Их хурлын хаврын чуулган олонхийн хувьд манааны тойрог маягаар өнгөрлөө гэж болохоор. АН-ынхан хоймор ширээндээ залсан “Засгийн газар” гэдэг гоё бялуугаа хүний өөрийн эвгүй гарууд хазчихаас хамгаалсан манааны байдалтай. Нөгөө хэсэг нь сиймхий гарвал ширээнийх нь хөлийг нь хөрөөдөж хазайлгаад бялуунаас нь хазчих санаатай олилзсон байдалтай. Томоохон эрх ашиг хөндсөн хуулийн төслүүд гараас гарахдаа энэ л хөрөөтэй ба бээлийтэй талынхны дунд болох тохироогоор нэг тийш болж байгаа дүр зурагтай өнгөрлөө.

 

Энэ нь аль нэг намдаа гэхээсээ 2012 оны сонгуулийн үр дүнгээр бий болсон нөхцөл байдал юм даа. Хаврын чуулганы явцыг бүхэлд нь сайн муу гэж хэлэхийн өмнө доторх бие даасан субьект болох намын бүлгүүдийн үйл ажиллгаанд үнэлт өгөх нь зөв болох байх.

Гуравдагч нөхөрт юм амлаж яам өгч байж л олонхийн засгаа бүрдүүлэх гарцаагүй байдалд АН орчихсон. Гэхдээ ард түмний сонголтыг шүүхгүй. Сонгогчид хоёр том намын алийг нь ч үнэмлэхүй олонх болгоогүй. Н.Энхбаярын оройлсон эвсэлд зохих суудлыг оноосон буюу энэ хүнийг улс төрд эргээд хөл тавих замыг засч өгсөн. Гэвч хэрэг дээрээ Н.Энхбаяр гэдэг хувь хүнийг улс төр хийлгэхгүйн төлөө башир улс төрийг байнга явуулсаар ирсэн. Энэ нь эргээд Засгийн тайван байдалд нь байнга сөргөөр нөлөөлж ирэв.

 

Харин “Шударга ёс”-ынхон хууль санаачлах батлуулах зэрэг үндсэн ажлаа хангалтгүй хийсэн үнэлгээтэй гэж болно. АН-ын намын “засаг” гэдэг эмзэг юмаар оролдон дав дув хийлгэсээр дөрөв дэх оныг ардаа хийгээд авлаа. МАН ч тэдний улс төр дээр нэр цэвэр тоглолт хийсээр бүүр сурчихлаа. Хаврын чуулганы Шударга ёс бүлгийн гишүүд сайдын суудлаар оргил булаацалдсан бол Өршөөлийн хууль дээр үнэн сайн хичээсэн гэсэн үнэлгээг авахаар ажилласан. Гацууртын төсөлд дээрх Г.Уянга нарын гуниглалыг эс тооцвол тийм ийм хууль батлуулах гээд санаачлаад гаргаад ингээд тэгээд гээд тайлагначих юм “Шударга ёс” эвслийнхэнд үнэндээ л байхгүйтэй адил байна.

 

Бүр үгүйсгэх гээгүй. Бие даагчид болоод “Шударга ёс” эвслийн дуу хоолой зарим тохиолдолд сөрөг хүчний дайтай чанга сонсогдож байсныг хэлэхгүй өнгөрч болохгүй. МАНАН дунд бас тэд гэрэл гаргах гэж оролдож байсныг тэмдэглэх ёстой байх. МАН-ын хувьд бол намрын чуулганд өөрсдөдөө сайн гэсэн үнэлгээг санаа зовсхийгээд өгөх байх. Учир нь тэд зүгээр сууж байхад л АН-ын дотоод зодоон болоод “Шударга ёс” эвслийн эв түнжингүй алхмууд тэдэнд үр бүтээлтэй улс төр хийх боломж олгосоор байгаа.

 

Ингээд Монголын парламентын намрын чуулган албан ёсоор өнөөдөр хаалтаа хийнэ. Эрхэм элч нар муу нүүрт бичин жилдээ тойрогтоо сайн засал хийж байгаад бүгдээрээ эргээд гарчих санаатай догдолсоор хаврын чуулганаа хааж байна.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/