Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын намрын чуулган хаалтаа хийсэн. Энэ чуулган ажлын 90 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын болон дэд хороод давхардсан тоогоор 131 удаа хуралдаж, нийт 412 хууль, 65 тогтоол хэлэлцэн баталлаа. Эдгээрийн дотор бие даасан хууль 26, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 347, хууль хүчингүй болгох тухай хууль 28, олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах, нэгдэн орох тухай хууль 11 байна.

 

Намрын чуулганы үр дүнгийн талаар УИХ-ын гишүүд ингэж ярьж байна. Ингээд тэдний байр, суурийг хүргэе.

 

УИХ-ын дарга З.Энхболд: Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай, Хамтын тэтгэврийн тухай, Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай, Сонгуулийн тухай, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай зэрэг бие даасан чухал хуулиудыг баталлаа. Хувь хүний орлогын албан татварын тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай, Төрийн албаны тухай зэрэг хуулиудад холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулжээ. Сонгуулийн хуулийг шинэчлэн баталснаар Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотой харилцааг нэг хуулиар зохицуулж, эдгээр сонгуулийг нэг ижил хугацаанд явуулж байхаар тогтоож, үндсэн зарчим, журмыг нэг мөр тодорхойлж өглөө. Ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг хамгаалах, шударга ёсыг тогтооход голлох үүрэг гүйцэтгэдэг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталж, Эрүүгийн хуулийн зарим зүйл, заалтыг олон улсын гэрээ, конвенцийн заалтад нийцүүлж, ялын хатуу хайрцагласан бодлогыг шинээр авч үзэн, уян хатан болгож, ялыг сонгон хэрэглэх боломжийг нэмэгдүүллээ. Түүнчлэн, ялтай байдал, гэмт хэргийн ангилал, урьд ял шийтгэгдсэн, давтан үйлдсэн зэрэг хүний эрх зүйн байдлыг дордуулж байсан зохицуулалтыг халж, нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах, ял нь гарцаагүй, үр нөлөөтэй байх зарчмыг тусгаж, зарим үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүйгээр захиргааны хариуцлага хүлээлгэхээр тогтоосон нь чухал ач холбогдолтой шинэчлэл боллоо. Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг Улсын Их Хурлын тогтоолоор баталж Тариалангийн тухай хуулийг баталлаа. Манай нийт өрхийн гуравны нэг нь, хүн амын тэн хагас нь хөдөө аж ахуйн салбарт хамаардаг тул энэ салбарын хөгжилд бид онцгой анхаарал тавих ёстой.

 

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал: За яах вэ, тоон талаас нь аваад үзвэл чамлахааргүй л үзүүлэлт гарах байх. Их ч хуралдсан, олон ч хууль хэлэлцэж баталлаа. Харин чанар чансаа талаас нь авч үзвэл арай өөр үзүүлэлт гарах нь тодорхой. Миний харж байгаагаар Монгол Улсын санхүү, эдийн засаг, ойрын үеийнх нь төлөв байдал бол нэг их баярлаж гялайгаад байх юм үнэндээ ажиглагдахгүй байгаа. Эдийн засгийнхаа бодит байдалд ул суурьтай үнэлэлт дүгнэлт өгсөн, бодлогын чанартай зүйл бага орж ирсэнд сэтгэл дундуур байна. За яах вэ, 2016 оныхоо төсвийг хэлэлцэж баталлаа. Ингэж батлахдаа тодотгосон өнгө аястайгаар зардлаа нэг их наядаар бууруулж баталсан нь өөрөө эргээд 2016 оныхоо хөгжлийн ерөнхий дүр төрхийг тодорхойлж чадах уу, үгүй юу гэдэг нь их эргэлзээтэй болчихож байгаа юм. Нөгөөтэйгүүр аливаа хөгжлийн эх үүсвэр болдог хуримтлал гэдэг зүйл, ялангуяа дотоодын хуримтлалыг нэмэгдүүлэх талаар 2016 оны төсөв ямар ч хариу өгөөгүй. Дараагийн нэг том асуудал бол эдийн засгийн хөгжлийн гол эх үүсвэр нь дотоодын эх үүсвэр байдаг л даа. Гэтэл гадаад эх үүсвэрт хэтэрхий найдаад явах нь яавч зөв зүйтэй зүйл биш гэдгийг 2015 оны үйл явдлууд харууллаа шүү дээ. Хамгийн гол нь УИХ-ын намрын чуулганы үеэр Засгийн газар ч, УИХ-ын гишүүд ч энэ асуудлыг сайтар ойлгож, сургамж авсан нь л энэ чуулганы гол ач холбогдол болох шиг боллоо. Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж гарч ирчихээд эдийн засгийн хямралыг багасах, бууруулах талаар ямар ч цэгцтэй бодлого гаргаж тавьж чадахгүй байна. Ямар ч бодлого тодорхойлж чадахгүй байна. Дараа нь хэрэгжүүлэх чиглэлд 2015 онд үнэндээ юу ч хийгдээгүй. Зүгээр л улсын төсвөө хоёр удаа тодотгож, хоёр их наядын хасалт хийснээс өөр юм Ч.Сайханбилэгийн Засгийн газар хийсэнгүй. Засгийн газар нь ямар ч мэдлэггүй, чадваргүй байгаа нь асар их мөнгө түгжих бас нэгэн гол үндэс болж байна. Монголбанктайгаа хамтарч ажиллаж үнэндээ чадахгүй байна. Н.Золжаргал ганцаараа тэнд хэчнээн чармайгаад ямар ч үр дүн алга.

 

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг намрын чуулганаар баталлаа. Өөрөөр хэлбэл, тус бодлогыг тогтвортой тууштай хэрэгжүүлэх, хэрэгжүүлж чадахгүй бол хариуцлага тооцох, үнэлэлт дүгнэлт өгөх шинэ хуультай боллоо. Урьд нь ийм хууль байгаагүй учраас төрийн бодлого тогтвортой бус тодорхойгүй, уялдаагүй байсан. Одоо бол төрийн бодлого тодорхой болж хоорондоо уялдаа холбоотой болж байна. Үүнийг баталсан нь намрын чуулганы гол үр дүнгүүдийн нэг байлаа. Мэдээж бусад хуулийг баталсан. МАН-ын хувьд тодорхой үр дүнгүүдийг гаргаж чадсан. Тухайлбал, олон жил ярьсан малчны зээлийн хүүг бууруулах, ахмадын тэтгэврийн хүүг бууруулах, бензин шатахууны үнийг бууруулах шаардлагыг ажил хэрэг болголоо. Энэ чуулганы хугацаанд шатахууны үнэ буурснаас гадна улсын хэмжээнд ижил үнэтэй болж чадлаа. Уг ажил МАН-ын бүлгийн гишүүдийн санал, санаачлага байсан. Мөн малчны зээлийн хүү буурах нөхцөл бололцоо бүрдэж байгаа нь бидний зүгээс ард иргэддээ барьж буй Цагаан сарын бэлэг юм. Миний хувьд найман жил УИХ-д ажиллаж байна. Энэ хугацаанд Бүсийн нэмэгдлийн тухай хуулийг батлуулахаар олон жил ажилласан. Тэр ажил маань намрын чуулганаар ажил хэрэг боллоо. 2016 он бол Сонгуулийн жил. Тиймээс иргэд зөв, хариуцлагатай сонголтоо хийгээрэй. Хэр зөв сонголт хийхээс шалтгаалж та бүхний амьдрал сайн, сайхан болох эсэх нь шалтгаална. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

УИХ-ын гишүүн А.Бакей: 2015 оны намрын ээлжит чуулган үр дүнтэй болсон гэж хэлж болно. Хэдийгээр улс төрийн нөхцөл байдал таатай биш байсан ч гол хуулиудыг баталж гаргасан. Жишээ нь, Сонгуулийн тухай хуулийг тийм ч амар хялбар батлахааргүй байсан. Гэхдээ УИХ-д суудалтай нам эвслийн бүлгүүд тохиролцоонд хүрсэний үндсэн дээр баталж гаргасан.

 

 

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: Ээлжит бус чуулган зарлахаар яригдаж байгаа зүйл бий. Мэдээж ажлаа амжуулаагүй учраас ээлжит бус чуулган зарлаж байгаа шүү дээ. Амжуулаагүй байсан шалтгаан нь саяын баахан хий хоосон улстөржилт, УИХ дээр болсон процессууд илхэн нотолж байгаа. Хэн ажлуудыг саатуулаад байгаа юм, хэн нь ажиллуулах гэж зүтгээд байгаа юм гээд бүх асуудал тодорхой харагдаж байна. Яагаад гэвэл УИХ-ын тухайн чуулганы үед хэлэлцэгдэх хууль эрхзүйн бүх бичиг баримт урьдчилаад гардаг. Жишээ нь, хаврын чуулган эхэллээ гэхэд 100 асуудал хэлэлцэхээр болж, тэрнийгээ долоо хоног бүртээ төлөвлөөд явдаг. Энэ асуудап юунаас болж гацдаг вэ гэхээр аль нэг нам завсарлага авах юм уу ирц бүрдүүлэхгүй байх зэрэг янз бүрийн асуудлаас болж хойшлогддог. Эсвэл нэг хууль дээр хэтэрхий удаан маргах, эсвэл өөрсдийнхөө сонирхлыг оруулах гэж зүтгэснээс болоод гацдаг явдал маш их гарч байгаа учраас цаг хугацаандаа багтахгүй болж байна. Засгийн газрыг огцруулахтай холбоотой мөн Цэцтэй холбоотой зэрэг янз бүрийн асуудлуудаас болж авсан завсарлагаануудаас үүдэн төлөгдөж байсан ажлууд бүгд хойш сунасан.

Т.Хулан

http://www.24tsag.mn