АТГ-аас жил бүр төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг авдаг. Өнөөдрийн байдлаар ХОМ-ийн бүрдүүлэлт 91.2 хувьтай байна. Нийт 40 мянган хүн АТГ-т мэдүүлэг өгөх ёстойгоос 270 нь төрийн өндөр албан тушаалтан буюу түүнтэй адилтгах зиндааны алба хаагчид байгаа юм.

Харин дээрх өндөр албан тушаалтнуудад УИХ-ын гишүүд багтах бөгөөд одоогоор 47 гишүүн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөд байна.

Албан хаагчдын мэдүүлгийг энэ сарын 15-нд хүртэл хүлээж авах бөгөөд сар шинийн өдрүүдэд тусгай хуваарийн дагуу буюу хоёрдугаар сарын 6, 7 болон 13, 14-ний бямба, ням гаригуудад ажиллана. Мөн цахим бүрдүүлэлтийн www.meduuleg.iaac.mn системийг 24 цагийн турш ажиллуулах ажээ.

Тэгвэл 2014 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт эрх мэдэлтэн, албан тушаалтан хөрөнгөө хэрхэн тайлагнасантай танилций. УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг олны анхаарлыг ихэд татдаг. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, С.Ганбаатар, Г.Баярсайхан, З.Баянсэлэнгэ, Л.Цог, Н.Номтойбаяр, Я.Санжмятав, Х.Тэмүүжин нарын нэг ч компаниас хувь эзэмшдэггүй хэмээн мэдүүлжээ.

Харин 10 тэрбум давсан хөрөнгөтэй гишүүдийн нэрсийг УИХ-ын гишүүн Г.Батхүү 76.8 тэрбум хөрөнгөөр хошуучилж байна. Түүний араас УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 60.5 тэрбумын хөрөнгөтэйгээ мэдүүлсэн бол УИХ-ын гишүүн М.Зоригт 53.1 тэрбум, Лу.Болд 43.7 тэрбум, Д.Сумъяабазар 19.4 тэрбум, Сү.Батболд 18.9 тэрбум, М.Сономпил 13.2 тэрбум, Ж.Энхбаяр 11.2 тэрбум, Б.Наранхүү 11.1 тэрбумын хөрөнгө орлоготой болохоо мэдүүлжээ.

Энэ жил дээрх тоо хэрхэн өсөж хасагдсан талаарх мэдээлэл ирэх дөрөвдүгээр сараас тодорхой болох байх.

Т.Буянаа