Хулгай дээрмийн хэрэг дийлдэхээ больсон бөгөөд хүн чанар, итгэл найдварыг горьдох ч бараг хэрэггүй цаг иржээ. Яагаад ийм байна вэ гэдэг асуултад хүн бүр л нэг хариулт хэлдэг болсон. Тодруулбал дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэнэ.

Энэ нь ч үнэн болж таарч байна. Өөрөөр хэлбэл энэ нийгмийн болохгүй бүхний эхлэл улстөрчдөөс эхлэлтэй гээд хэлчихэд буруудахгүй. Хамгийн эхлээд тэд худал ярьдаг. Өрсөлдөгчөө ялж, эрх мэдлийг гартаа авахын тулд байж болох ямарч хамаагүй аргыг хэрэглэчихэж байгаа юм. Бас болоогүй өөрсдийнхөө эрх мэдлийн хүрээнд татвар төлөгчдийн мөнгийг дур мэдэн зарцуулж, хувьдаа хүртэл завшдаг олон жишээ бий. Ер нь муухайгаар хэлэхэд ард түмнийг шантаажилж, барьцаа маягаар санал авах башир аргыг эртнээс бэлдсээр байна. Ганцхан жишээ дуулгахад хамтын тэтгэвэрийн тухай хууль батлуулсан байдаг. Энэхүү хуулийн хэрэгжиж эхлэх хугацаа нь 2017 оны нэгдүгээр сарын нэгэн гэж байгаа. Үнэхээр л тэд хамтын тэтгэвэр өгөхийг хүссэн бол эртхэн батлуулаад 2016 оноос өгөөд эхэлчихэж болох байлаа. Хууль хэрэгжихийг горьдож хүлээсэн хүн ч цөөнгүй бий байх.

Гэхдээ хамгийн хэцүү нь 2017 он буюу тухайн үеийн Засгийн газар нь аль намын ямар бүрэлдэхүүн байх вэ гэдэг асуудал гарна. Эрх баригч намуудын нэр хүнд унасан ард олныг элгээр нь мөлхүүлсэн өнөө цагт түүнийг төсөөлөхөд ч бэрх байна. Уг нь бол АН сонгуулийн мөрийн хөтөлбөрөө бодож ийм заль зохиосон нь тодорхой. Одоо сонгууль дөхөөд ирэхээр хэдэн төгрөгөөр барьцаалан ард түмнийг шахаанд оруулдаг нарийн аргаа хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл тэд манай намыг сонговол хамтын тэтгэврийн хуулийн дагуу хөгшид та бүхэн мөнгө авна гэж хэлэх нь байна. Нохойд яс хаяж өгөөд хуурч байгаа мэт хэдхэн төгрөг амлаад, тархийг нь эргүүлж, санал авдаг увайгүй аргаа энэ удаа давтана гэсэн үг.

Ер нь мөгө амладаг хэнд ч итгэж болохгүй гэдгийг манайхан одоо ойлгочих хэрэгтэй байгаа юм. МАН-ынхан хүртэл олон нийтэд хэрэгтэй ч байсан хамаагүй сөрөг хүчнийхээ бүх зүйлийг эсэргүүцсэн дүр үзүүлж, ямарч хамаагүй аргаар олон нийтээс оноо авах гэж улайран дайрдаг.

Мөн Г.Шийлэгдамба авлигын хэргээр хоригдсоноос хойш МАХН-ын доторх дарангуйлал ил гарах шиг боллоо. Тэрбээр хэлэхдээ Н.Энхбаярын дарамт шахалтан дор намын санхүүжилт босгохын тулд ийнхүү мөнгө авсан хэмээдэг. Н.Энхбаяр дарга нь би түүнээс ямар ч мөнгө аваагүй гэж байна. Бас Ц.Оюунбаатар ярихдаа “Г.Шийлэгдамба надаар намын ерөнхий нарийн бичгийн дарга, сайдын суудлаасаа татгалзах бичигт гарын үсэг зуруулсан гэж ярьсан байна. Харин “Би зураагүй” гэв. Ямартай ч Сайдын суудал бөгөөд улстөрд дэвших ганц арга мөнгө байдаг гэдгийг тэдний ярианаас ойлгож болохоор байна. Мөн үүнийг улстөрд мөнгөтэй айлын эрх хүүхдүүд орсон байгаагаас харж болно. Мөнгөөр орж, мөнгөний төлөө ажилладаг бүлэглэл гээд ойлгочихож бас болох нь. Тэгэхээр тэдний хэн нь худал хэлж хэн нь үнэн ярьдаг болохыг мэдэх арга бараг алга. Тиймээс нүдэнд үзэгдэж гарт баригдах зүйлд итгэх бөгөөд хэлдэг биш хийдэгч нь найдаж, сүлжээ болтлоо өргөжсөн Улстөрийн энэ их бүлэглэлүүдээс салсан цагт эх орны хөгжил гольдролдоо орох учиртай ажээ.

Н.Ганаа