Шинийн идээ ундааг их идээ, бага идээ гэж эсвэл цагаалга, битүүлэг гэдэг. Их идээ томхон цар тавагт зассан самнаа хавсай, ул (хэвийн боов, самар, сүүл, цоохор боов, саран боорцог, шар, цагаан тос, ааруул, хурууд, бал бурам, чихэр, үэзм, чавга)-аар чимэглэсэн идээг хэлдэг.

Бага идээ гэдэг нь багашаархан тавагт зассан шүүс, буюу өвчүү хонтой шаант, залаатай богтос, дал дөрвөн өндөр зэргийг хэлдэг. Их идээ буюу цагаан сарын тавгийн идээг засахдаа хавсай боов буюу ул боовыг гурав, тав, долоо, ес давхарладаг ёстой. Айл гэр бүл, ураг төрлийн дээдэс болсон өвөг юм уу, эцгийн гэрийн тавгийн идээг долоо давхарлан засдаг. Өвгийн төрлийн идээг долоон давхар, эцгийн гэрийн идээг таван давхар, ураглаж хуримласан хүүгийн гэрийн идээг гурван давхар засна.

Идээг засахдаа цагаан идээний билэгдлийг юу юунаас илүү эрхэмлэх учиртай. Ирсэн зочин эхэнд нь цагаан идээнээс амсах ёстой. Үүний билэгдэл нь орж ирсэн хүн ямар ч санаа өвөртөлж ирсэн бай түүнийг нь цагаанаар тайлж буй хэрэг гэдэг. Мөн хүний хүн болоогүй болон өрх толгойлсон эмэгтэй идээ, шүүс тавихыг цээрлэнэ.

Цагаан сардаа монголчууд бор болон цагаан гэсэн хоёр янзын идээ бэлдэнэ. Бор идээнд:Бүхэл мах, битүү бууз банш, шимийн архи. Цагаан идээнд: Бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг.

Нутаг нутгийн онцлогоор ул боов буюу хэвийн боов, зарим нь ч хавсай хийж, таваг засахдаа ахмадыг хүндэтгэн гурав буюу түүнээс дээш боов давхарлан тавган дээр өрж, дунд нь боорцог хийн дүүргэж дээд тал нь 81 ширхэг ул боовоор засдаг. Тавгын боовыг гурваар өрдөг нь тулгын гурван чулуу болон жаргал зовлон жаргал. Таваар өрдөг нь таван бие махбодь, үе үеэр давхарладаг нь айл гэрийн хэдэн үетэй золгосны шинж буюу билэг тэмдэг. Тухайн өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаа болон хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн гэх мэтээс хамаараад “Тэдэн улыг элээжээ” гэж хүндэтгэн, юм үзэж нүд тайлснаар нь дахин ул элээх билэгдэл болгон нас нэмж, ул боовоороо таваг засдаг байна.

Залуу гэр бүл “Таваар гурван үе” засна

Залуу гэр бүл сууриа таваар засч дээшээ гурван үе явна. Үр хүүхэд төрүүлсэн хүн нэг үеэ, ач зээгээ үзвэл хоёр үеэ, түүнийхээ хүүхдийг үзвэл гуран үеэ үзсэн гэх бөгөөд үүнийг л билэгдэн залуу хүн таваар гурван үе таваг засдаг ёстой ажээ. Жаран наснаас, наян нас хүртэл насалсан хүн таваар таван үе, наян наснаас, зуун нас хүртэл таваар долоон үе, зуун наснаас дээш таваар есөн үе зассан тавгийн идээ тавьдаг уламжлалтай.

Тавгийн идээний дор гурил будаа хийхийг цээрлэнэ

Зассан тавган дотроо дан цагаан идээ байрлуулдаг. Дотор нь гурил, будаа хийхийг цээрлэдэг. Учир нь тойруулж өрсөн ул боов нь сав болдог бөгөөд түүн дотор таны билэгдэл таван бие оршдог. Энэхүү утга учир, мөн чанарыг ариун сайхан, цэвэр цагаан шүү гэж билэгдэж цагаан идээгээр дүүргэдэг байна.

Тавгийн идээн дээр еэвэн биш өрөм тавьдаг

Эрт үеэс уламжлагдан ирсэн ёс журмаар бол тавганы идээн дээр еэвэн тавьдаггүй байжээ. Энэ ёс манжийн эзлэн түрэмгийллийн үед Монголд орж иржээ. Зүй нь бол зассан тавгийн идээний дээр өрөм дэвсэж өгдөг байна. Энэ ёс нь гэрийн эзэн өөрийн тэргүүн, магнайгаа билэгдсэн хэрэг юм. Өөрөөр хэлбэл нүнжигтэй, оюунлаг байхыг илэрхийлж буй юм.

“Ул боов” гэж нэрлэсний учир: Хүн хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчтэйгээ холбогдож, мэдээлэл солилцон, хүч эрч авч явдаг. Хүн хөлөөрөө аливаа нэгэн үйл хэрэг буюу орон зайг ялж, ямар нэгэн орон зайгаас, нөгөө орон зай руу шилжин явдаг. Тиймээс “явах” гэсэн үйлдэл буюу “урагшлах” гэсэн билэгдлийг агуулж “ул боов” гэж нэрлэдэг байна.

Тавгийн идээнд хүрэх ёсон

Ул боовон тавгаа гэрийн эзэндээ засдаг. Ирсэн зочид орж ирүүт гол идээнд хүрэх ёс байдаггүй бөгөөд энэ хориотой. Гол идээнээс гадна цагаан идээний жижиг таваг засдаг. Хамгийн түрүүнд тус жижиг идээнд хүрнэ. барихаас өмнө цагаан идээгээ барих ёсон бий. Цайг буцалгахдаа хар дээр цагааныг нэмдэг учир “ариун цагаан” зүйл гэж үздэггүй. Харин ариун цагааныг билэгдэн цагаан идээг цайнаас түрүүлж барьдаг учиртай. Үүний дараагаар гэрийн эзэн тавгандаа хүрсэн даруйд ирсэн зочин хүртэнэ. Хичнээн ч зочин сэлгэн ирсэн бай гэрийн эзэн зочин бүрээс урьтаж тавагтай идээнээс амсах ёстой.

Тавгийн идээ хураах ёсон

Шинийн гуравны өдөр тавгаа хураана. “Удам судар нь урт удаан үргэлжлэнэ” хэмээн бэлэгдэж тавьсан идээгээ зөвхөн цусан төрлийн хүмүүстээ хүртээнэ.