Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Увс, Завханы нутгаар цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр, шинийн 3-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи шуургатай, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.

2016 оны 02 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 24-29 градус, Увс нуур болон Их нуурууд, Дархадын хотгороор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Дарьгангын тал нутгаар 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 0-2 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.