Б.ЭНХЗАЯА

Бөхийн түүхэнд “босоо” хэмээх хочтой уран мэхтэй, хүч чадал бялхсан хоёр бөх байсны нэг нь Хантайшир уулын аймгийн Г.Самдан, нөгөө нь Хэнтий уулын аймгийн С.Шагдар нар гэдэг. Харин энэ цагт бол миний л бодлоор О.Балжиннямыг босоо аваргуудын нэг гэж тодотгомоор. Түүнийг дүрсэлвэл урсгал нь үл мэдэгдэх далай, нэг сайхан дүнхгэр уул мэт, үйл хөдлөл нь олон арван дарвуулт онгоцыг урсгалаараа залан, тэртээх тэнгэрийн цэнхэр мандал руу аяархан хийгээд амжилттай түрэх шиг.

Балжаа аваргын спортын амьдрал төгсөшгүй хийгээд тийм дүр зурагтай ажгуу. Үндэсний бөхөөс гадна чөлөөт, жүдо, самбо, сүмо гээд бүхий л төрөлд нэгхэн биеийг хэдэнтээ хувааж, үргэлж оргил өөд тэмүүлж байсан нь бахархмаар. Тэр дотроос монгол үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээнд анх зодоглосон цагаасаа олон гайхалтай, хачирхалтай түүхийн эзэн болсон нэгэн ажээ.

Зочинтойгоо уулзахын өмнө түүний тухай судалгаа хийх нь бидний үүрэг учир одоо үеийн “толь бичиг” болсон “google” ахайтнаас “лавлалаа”. Гавьяат тамирчин, улсын аварга Одвогийн Балжинням 1960 онд Увс аймгийн Наранбулаг суманд мэндэлсэн. 1979 оноос самбо, жүдо бөхийн улсын шигшээ багт орсон. Улсын наадамд 17 удаа шөвгөрч, хоёр удаа үзүүрлэсэн, 1985 оны самбо бөхийн дэлхийн аварга, 1989 оны жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, сонирхогчдын сүмо бөхийн мөнгө хүрэл медальт зэрэг амжилтуудыг дурджээ. Басхүү нэрээ өөрчилсөн гэсэн сонирхолтой өгүүлбэрээр толь бичиг дуусч орхилоо. Нэг ёсондоо О.Балжинням аваргын тухай мэдээлэл жил, жилийн наадмын өмнөх бичил ярилцлагуудаас халиагүй ажээ.

Нэгэнт ийм болохоор уншигчдадаа энэ эрхэм хүний тухай шинэ хуудсыг нээж өгөх үүрэг минийх болсон юм.

ӨЛЗИЙ-ОРШИХООС БАЛЖИННЯМ

Тээр жил 1960 оны хавар мал ид төллөх цагаар Увс аймгийн Өлгий сумын нутаг /Одоогийн Наранбулаг/ Хойгийн өтөг хэмээх газар малчин Одвогийн гуравдахь хүү мэндэлжээ. Анхны хоёр сайхан хүүг бурхан аваад явчихсан учир энэ хүүгээ л хоргоох гэсэндээ Одвог гуай нутгийн зартай мэргэн баян Иргэлд бараалхаж үрийнхээ буян заяаг даатгасан гэдэг. Тэр баян “Санаа зоволтгүй. Нутгийнхаа нэрийг гаргах сайн хүү төрнө. Буцахдаа Аргалант уулынхаа энгэрээс чулуу аваад оч” гэсэн байгаа юм. Хүү ч эсэн мэнд төрж, Өлзий-Орших нэртэй болж. Гэвч төд удалгүй хүүгийн бие бүлээрч, айлгаж эхэлснээс Иргэл баянд дахин айлтгаж Балжинням болгон өөрчилсөн юмсанж. Түүнээс хойш тэднийд хүүхэд тогтож Балжинням хүү хоёр охин дүүтэй болжээ.

Тїїний аав бєх сонирхдог , аймгийн начин цолтой Одвог гэдэг хїн байжээ. Дєрвєн настай О.Балжиням аавын хамт.

 

Тэрээр айлын ганц хүү учир эрх дураараа, дүрсгүйхэн өсчээ. Багаас махлаг, хав дөрвөлжин толгойтой учир бөх болох шинж бүрдсэн хэмээн ааваас нь эхлээд нутгийнхан ихэд бэлгэшээцгээдэг байж. Тэгээд ч авга, нагац хоёр талаас бөхийн удамтайг хэлэх үү. Аав нь л гэхэд ах дүү арванхэдүүлээ. Тэд нь сумынхаа наадамд зодоглож түрүүлдэг, үзүүрлэдэг хүмүүс байв. Харин ээж нь Увс аймгийн Өмнөговь сумын харъяат. Нагац талаас дөрвөдийн бух барилдаанаар барилдаж явсан Манж гээд алдартай бөх байжээ. Хүүгийн аав ч өөрөө бөхөд үнэнхүү хорхойтой хүн байв. Ардын хувьсгалын баяр наадмын бөхийн барилдааныг радиогоор сонсч, оноолт бүрийг нь хуучин монгол бичгээр цаасан дээр цуцалгүй бичиж шимтдэгийг нутгийнхан андахгүй. Жаахан хүү харин аавынхаа нямбай хөтөлсөн монгол бичгийг уншихгүй ч радиогоор аварга бөхчүүдийн урт цол гуншинг сонсохдоо “Ийм л мундаг бөх болох юмсан” гэсэн хүсэл цээжинд нь асна. Энэ л хүсэл ирээдүйн тив, дэлхийн аварга, улсдаа хүндлэгдсэн бөх болох мөрөөдлийнх нь эхлэл байсныг тэр үед хэн мэдэх билээ.

 

АЙМГИЙН НАЧИН ЦОЛЫГ 17-ТОЙДОО ХҮРТЖЭЭ

Увс нутгийн хїї О.Балжиням есдїгээр ангиа аймгийн начин, 10 дугаар ангиа аймгийн заан цолтой тєгсєж байжээ.

 

Хүсэл, зорилго гэдэг энэ бие эрүүл саруул цагт дандаа оргилж байдаг хойно доо. Багаас сэтгэлд нуугдсан хүслээ гүйцээж 13 настайдаа сумын наадмын хүүхдийн барилдаанд зодоглосон нь О.Балжиннямын анхны наадмын дэвжээ байлаа. Тэндээсээ ч урамшиж барилдсаар 17 настайдаа аймгийн чуулга барилдаанд сайн барилдаж начин цолны болзол хангажээ.

1978 он бол түүний хувьд “хувьсгалын жил. Төгсөх аравдугаар ангид байхдаа таван жилийн өмнө сумын наадамд анх удаа барилдаж байсныг бодвол “олимпийн медальтан” болсон байлаа. Аймаг, сумынхаа наадамд сайн барилдаад өөрийгөө хэдийнэ таниулж амжжээ. 1978 онд 18 нас хүрч жүдогийн насанд хүрэгчдийн тэмцээнд оролцохоор нутгийнхаа хилийн дээсийг анх алхаж нийслэл хэмээх том хотод хөл тавьсан гэдэг. Тэр тэмцээнээс хүрэл медаль хүртэж жүдогийн шигшээ багт улаан шугамаар орж амьдралынаа шинэ хуудсыг нээжээ. Ингэж л бөхийн их спортод шимтэж тив дэлхийн аваргын медалийг эх орондоо авчирсан бахдам он жилүүд нь эхэлсэн байна. Одоо тэдний гэрийн хойморт самбогоор дэлхийн цомын гурван удаагийн аварга, жүдогийн дэлхийн аваргын анхны мөнгөн медаль, сонирхогчдын сүмогийн мөнгө, хүрэл медалиуд харагдана. Бүр олон улсын олимпийн хорооноос дурсгал хүртэл ирүүлсэн нь өнгө нэмжээ. Энэ нь эрхэм аварга үндэсний бөхтэйгөө нийлбэл бөхийн спортын 5-6 төрлөөр амжилт гаргасныг илтгэж байх ажээ. Ийм олон төрлийн спортоор таны амжилт гаргасан нууц юунд байна вэ гэж асуухад,

-Манай үндэсний бөх маш олон мэхтэй, шилдэг барилдаантай. Нүцгэн шахуу олон цаг барилдаж чаддаг хүмүүс хувцас, цаг хугацаатай барилдахад амжилт гаргах бүрэн боломжтой. Монгол хүүхэд бүр багаасаа ноцолдож өссөн болохоор мэдрэмжтэй болсон байдаг. Тэр л зүйл бөхийн аль ч төрөлд тэр тусмаа самбо, жүдо, чөлөөтөд үндэсний бөх “эцэг нь” болдог гэж тэрээр хэлж байна.

 

ХУРД СААРУУЛСАН ТОХИОЛ БУЮУ ХЯСЛАНТАЙ БАРИЛДААН

 

Харин одоо өгүүлэх түүх нэн сонин. Түүний өмнөөс яагаад яагаад, учрыг нь олохоор яваагүй хэрэг үү гэж дахин, дахин асуумаар. Хэрэв тэр үед шударга байсан бол энэ хүмүүний амьдралын хүрд арай өөрөөр, хурдтай эргэх байж дээ... Гэхдээ бурхны таалал ийм байсныг яалтай.

Тамирчин хүний амьдрал тэр чигээрээ ялалт хийгээд ялагдал. Ялахын сайхан, ялагдахын нясууныг энгийн биднээс илүү тэд л амсч, битүүхэндээ сэтгэлээ “идэж” явдаг улс. Ийм л зүйлийг анх мэдрүүлсэн явдал 1980 онд болжээ. Ардын хувьсгалын 59 жилийн ойгоор төрийн есөн хөлт цагаан тугийг анх удаа тойрох аз завшаан тохиож, улсын баяр наадмын барилдаанд улсын начин 19 настай залуу зодоглосон гэдэг. Тэр үед заал, танхимын барилдаанд сайн барилддаг, заримдаа шөвгийн дөрөвт хүртэл үлдчихдэг байж. Тиймээс эхний хоёр давааг төвөггүйхэн гүйцээж гурвын даваагаа хүлээжээ. Тэр үед Ө.Тулгаа заан аймгийн арслан, Н.Ганболд, С.Сүхбаатар нар аймгийн заан цолтой үеийн нөхөдтэй нэг зиндаанд учраагаа хүлээж суусан гэдэг. Ө.Тулгаа заан, Н.Ганболд хоёрыг хаядаг болчихсон үе гэж байгаа. Гурвын даваа ч эхэлж. Уламжлал ёсоор том цолтой бөхчүүд аймгийн цолтнуудыг амлаж, хаясаар сүүл мушгих тийш ханджээ. Балжаа аваргын “гарт орчихсон” Ө.Тулгаа, Н.Ганболд нар ч учраа бөхөө унагааж гэнэ. Нэг л мэдэхэд сүүлийн хоёр бөхийг зарлаж гурван даваа өндөрлөх тийшээ ханджээ. Давсан хэрнээ барилдаагүй учрыг лавлатал комиссынхон андуурсан уу, эсвэл зориуд үлдээсэн үү Балжаа аваргын нэрийг хасч, харин түүний хаясан бөхийг Эрдэнэтийн И.Батхуяг начин амлаад өвдөг шороодуулчихсан байлаа. Шуурхай хурал ч болж том асуудал үүсчээ. Тэр үед социализмын хатуу чанга үед бөх сондгойрвол сайд дарга нар загнана хэмээн комиссынхон залуу бөх О.Балжиннямыг гурвын даваанд унаснаар тооцчихсон байв. Хэрэв тэр үед тийм будлиан болоогүй бол анхны наадмаас улсын начин болох боломжтой байсныг тэрээр ярина лээ. Яагаад гэхээр асуудалгүй хаядаг байсан Ө.Тулгаа, Н.Ганболд хоёр нэлээд явж, хоёул тунаад барилдаж Ө.Тулгаа заан болсон гэдэг. Энэ бол түүний босоо үлдсэн эхний түүх.

Анхны наадамдаа өрөөлөөс болж бүтэлгүйтсэнээс болсон уу аз харьж, дараагийн хоёр жилийн наадамд нэг л гундуу орсон гэнэлээ. Энэ тухай тэрээр “Улсын начин Басхүүтэй гурвын даваанд тунаж барилдаад миний баруун хөлийг аваад хөөж яваад дарахад өвдөглөөд би цаана нь очоод унасан. Босоод иртэл Басхүү давсан болоод туг тойроод яваад өгсөн. Уг нь түрүүлж унасан байдаг. Дараа жил нь дөрвийн даваанд улсын харцага Ж.Бортой тунаж барилдаад бид хоёрын барилдаан удааширсан юм. Золгоод зүүн тал дээр морддог юм байна. Сунаж өвдөгдлөөд Ж.Бор унаад өгсөн. Тэр үед Ж.Бор “Алдар”-ын бөх байлаа. Наадмын комиссын дарга генерал хүн байсан. Тэгтэл тэр хүн “Ж.Бор давлаа” гээд зарлачихсан. Тэр үед одоогийнх шиг хэл ам хийдэггүй л байж. Ингэж хоёр наадмаас гомдолтой үлдэж билээ. Начин болох боломжоо хэдэн удаа алдсан даа” гэсэн юм. Энэ ч бас түүний тухайн үедээ босоо байсныг л илтгэж байгаа юм.

Ардын хувьсгалын 70 жилийн ойн баяр наадмаар Улсын гарьд П.Сїхбат наадамд їзїїрлэж, О.Балжинням аварга тїрїїлж байв.

 

 

О.Балжинням: ААВЫГАА АМЬДАД АРСЛАН ЦОЛЫГ АВСАН БОЛ...

Харин бас нэгэн хөгжилтэй ч гэмээр хөгийн ч гэмээр явдал болсон нь 1989 оны ардын хувьсгалын 68 жилийн ойн баяр наадам. Тэр үед зөвхөн улсын наадамд биш зарим томоохон барилдаанд амжилт гаргавал улсын цол өгдөг байсан үе. 1989 оны нэгдүгээр сард болсон бүх ард түмний спартакадад Б.Бат-Эрдэнэ аварга түрүүлж арслан, Балжаа аварга үзүүрлэн заан цол хүртжээ. Энэ дашрамд хэлэхэд Балжаа аваргын ярианд Б.Бат-Эрдэнэ аварга “хадаастай”. Тэр хоёр жүдогийн шигшээ багт байхаас жинхэнэ найзууд болжээ.

Мөн жилийн улсын наадамд шинэхэн цолтой ирээдүйн аваргууд ч зодоглосон юмсанж. Үзүүр түрүүнд хоёр найз үлдэж, Б.Бат-Эрдэнэ түрүүлэн аварга болсон бол О.Балжинням гуай үзүүрлэн арслан цол хүртжээ. Шинэхэн арслан цол тэмдгээ найзууддаа өгч тэд нь баярлан цэнгэж цол гуншинг нь уншиж, Балжиннямыг хувцсаа солих зуур наадмын комиссын нэгэн нөхөр ирж “Цолыг чинь түр авлаа, маргааш буцаагаад өгье” гээд авч оджээ. Гэвч маргааш нь тодорхой шалтгаангүйгээр цол өгөхөө больсон тухай мэдээ түгэж учир явдал нь тодорхойгүйгээр арслан цол аваад хэдхэн минутын дараа хураалгасан гэдэг. Өмнө нь У.Мижиддорж, Ж.Мөнхбат аваргаас эхлээд үзүүрлэсэн цөөнгүй бөх арслан цол хүртсэн юм билээ. Энэ тохиолдолд тэрээр бас л зүгээр өнгөрчээ. Тэр үед бөхийн ёс жудаг ч өндөр байсан биз.

Гэхдээ сэтгэл эмзэглүүлсэн нэгэн явдал болсон нь хар багаас радиогоор наадмын бөхийг зурайтал оноолтоор нь бичээд сонсдог байсан Одвог гуай хүүгээ аймгийнхаа биш улсынхаа хүн ардын өмнө торгон ногоон дэвжээнд уран мэхээ уралдуулж арслан цол хүртдэг жил холын баруун хязгаараас ирж улсын наадам үзсэн юмсанж. Даанч хүү нь арслан цолоо хураалгачихсанд сэтгэл гундуу нутаг буцан дараа жил нь хүнд өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Ийнхүү аавынхаа таалал төгссөний дараа жил О.Балжинням даагаа нэхэн барилдаад түрүүлж арслан цолыг нэр төртэйгөөр авч байлаа. Хэрэв тэр үеийг нь аав нь үзсэн бол доо. Өөрөө бас ингэж харуусна лээ. Ингэж л удаа дараагийн хүнд давааг давж иржээ зочин маань. Гэвч тэрээр шантралгүй монгол түмнийг гайхан бишрүүлж, уран мэхээ уралдуулан барилдсаар улсын наадамд 17 удаа шөвгөрч, нэг удаа түрүүлж, хоёр удаа үзүүрлэсэн, 1991 онд аварга хэмээх өндөр алдрыг хүртсэн билээ.

 

НУТГИЙН ОХИНЫГ ИРЭЭДҮЙН ХАНИА БОЛГОСОН НЬ

Тэрээр эхнэртэйгээ 10 дугаар ангид байхдаа танилцаж, 1982 онд гэр бїл болж байжээ.

Балжинням идэрхэн байхдаа нутгийн бүсгүйтэй амьдрал зохиожээ. Эхнэр Ц.Мягмартайгаа 1979 онд 19 настайдаа танилцаж, гурван жилийн дараа нэг гэрт орсон гэдэг. Тэд таван сайхан хүүхдийн эцэг, эх болсон байна. Хүүхдүүд нь одоо тусдаа гарч, өрх гэр толгойлжээ. Бага хүү нь одоо 17-той аавтайгаа амьдардаг аж.

Аваргын хань Ц.Мягмар Тэс сумын уугуул. Тэрээр цэцэрлэгийн багшийн мэр­гэжил эзэмшиж, нийслэлийн 104 дүгээр цэцэрлэгт олон жил ажиллаж олон түмний үр хүүхдийг соён гэгээрүүлж иржээ. Бөхчүүд төдийгүй тэдний гэр бүлийнхэн О.Балжинням гуайн гэргийг уран гартан гэдгээр нь андахгүй. Ханийнхаа төдийгүй бөхчүүдийн зодог шуудаг, монгол дээлийг урладаг эмэгтэй байж л дээ. Биднийг сурвалжлахаар очиход жаахан охин хаалга нээж, Балжинням аварга том өрөөнийхөө голд биднийг угтсан. Учир нь 34 жил жаргал зовлонгоо хуваалцсан хайрт хань нь өнгөрсөн жил хүнд өвчний улмаас таалал төгссөн юм билээ. Аварга энэ таагүй мэдээг бидэнд дуулгаж, “Хань маань арын бүх ажлыг даагаад үлддэг байж билээ. Тэмцээнд явахад бүх юмыг бэлдээд, тэр үед үүнийг өмс, дараа нь түүнийг өмсөөрэй гээд зөвлөнө. Одоо тэмцээнд явах гэхээр юугаа бэлдэхээ ч мэдэхгүй сууна” гэсэн юм. Тэрээр яриагаа үргэлжлүүлж, “Бөх хүний гэр бүл ямар байх ёстойг хань маань цогцлоож чадсан. Сайхан ч эмэгтэй бай­лаа. Намайг их л баяр­луулсан хүн. Таван сай­хан хүүхдийг маань төрүүлж хүн болгосон хүн дээ. Манай бөхчүүд, шавь нар их хүндэлдэг. Тамирчин үеийн болоод дасгалжуулагч болсноос хойшх бүх амжилт ханьтай минь холбоотой. Гэвч жаргах насан дээрээ намайг орхиод одлоо. Аюулт өвчнөөс түүнийгээ аврах гээд чадсангүй ээ. Хүүхдүүддээ ч захиж байна, та нарт ч хэлье. Эрүүл мэндээ л бодож яваарай” хэмээн яриа нь тасалд­лаа. Хүний амьдрал гэдэг ийм жаргал зовлон хосолж байдаг ажээ.

О.Балжиням: Миний хань надад таван сайхан хїїхэд тєрїїлж єгсєн. Манайх гурван хїї, хоёр охинтой.

 

“АЛДАР”-ЫН АМЖИЛТЫН ЭЗЭН

Тэрээр 1980 онд ДАШТ-ээс анхны мєнгєн медалийг эх орондоо авчирч байсан. Тїїнээс хойш 20 жилийн дараа Хєдєлмєрийн баатар Х.Цагаан-баатар дэлхийн аварга болжээ. Мєн тїїний барилдаж байсан жинд Н.Тївшинбаяр аварга Олимпийн аварга болсонд дасгалжуулагч багшийн хувьд их л бахархаж явдаг аж.

 

 

Спорт бол миний амьдралын салшгүй хэсэг. Бүхий л цаг хугацаанд спортоор амьсгалж байжээ. Эргээд харахад хувь хүний хувьд явсан зам мөрөөрөө бахархаж явдаг. Өөрийнхөө зорилгыг биелүүлж явна аа гэж ардын багш, гавьяат дасгалжуулагч О.Балжинням гуай хэлсэн. Энэ товчхон өгүүлбэрээр амьдралаа тодотгосон хэрэг. Арга ч үгүй юм. Түүний амжилтын гараа зөвхөн үндэсний бөх байгаад дуусахгүй чөлөөт бөхийн түүх ч арвин. 1979 онд 19 настай хүү хотод ирж чөлөөт бөхийн шигшээ багт тамирчнаар орсноос тив дэлхийд улсынхаа далбааг мандуулсаар даруй 13 жил өнгөрч, 1992 онд дасгалжуулагч болжээ. Дасгалжуулагч болсноор түүний гавьяа тасраагүй. Харин улам арвижсан гэж болно. Энэ тухай надаар хэлүүлэлтгүй уншигчид маань мэдэх биз ээ. 1996 оны Атлантын олимпоос түүний шавь Д.Нармандах хүрэл медаль хүртсэн билээ. Гэвч ийм гавьяа байгуулсан хүнийг шигшээ багийн дасгалжуулагчаас халчих­сан гэдэг. Түүний дараа аваргын шантралгүйгээр ажлаа үргэлжлүүлсэн газар бол “Алдар” спорт хороо юм. Түүний дасгалжуулагч байсан он жилүүдийн хамгийн их буюу 14 жилийн хугацаа нь энд л өнгөрсөн юм билээ. 1946 онд байгуулагдсан олон жилийн түүхтэй тус спорт хорооны тамирчид түүнийг даргаар нь очиход зах зээлийн хүнд үеэс болоод талаар нэг тарчихсан байж. Харин О.Балжинням дасгалжуулагч “Алдар”-т ирснээр хуучин тамирчид дээр дахин шинэ баг бүрдүүлж спортын 13 төрлөөр шигшээ баг бүрдүүлж, амжилтуудыг ар араас нь ёстой л нэг хөврүүлж өгсөн гэдэг. Одоо ч түүний заасан чиг, бадраасан галаар яваа “Алдар” спорт хорооноос Монголын төдийгүй тив дэлхийн хүчтэнгүүд төрсөөр байгаа билээ. Дөрвөн жилд нэг удаа болдог бүх ард түмний их наадамд “Алдар”-аас 12 төрлөөр гурван удаа түрүүлжээ.

Харин 2011 онд жүдо бөхийн үндэсний шигшээ багт их аваргыг дахин урьжээ. Тэрээр ирсэн нэг жилийнхээ ойн дээр буюу 2012 оны олимпоос шавь нь медаль авсан бол 2013 онд дэлхийн аваргаас алт, мөнгөн медальтай ирж байлаа. 2014, 2015 онд ч амжилтын буухиа нь үргэлжилсээр яваа юм.

 

САР ШИНЭЭР П.БҮРЭНТӨГС ЭСВЭЛ...

Түүний үндэсний бөхийн болоод жүдо бөх­тэй холбогдсон түүхийг дурсахад ийм. Тэрээр биднийг ярилцсаны дараахан ирэх олимпод олон тамирчдаа сойж, тэднийхээ уяа сойлгыг тааруулахаар Парисийн их дуулгад мордохоор зэхэж байсан билээ. Олимпийн оноо цуглуулахаар жүдо багийн тамирчид энэ удаад өргөн бүрэлдэхүүнтэй эх орноосоо мордсон. Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, С.Ням-Очир, Л.Отгонбаатар, Д.Сумъяа, М.Бундмаа нарын 16 тамирчин тэр тэмцээнд зодоглоно. Тэд сар гаруй хугацаанд цуврал тэмцээнд оролцож оноо цуглуулангаа бэлтгэл сургуулилт хийж, ирэх сарын эхээр эх орондоо ирэх юм билээ. Хэдэн сарын дараа болох олимпод тамирчиддаа томоохон найдлага тавьж байгаагаа гавьяат маань онцолсон. Чадна аа, охид, хөвгүүд маань Олимпийн тэнгэр дор тугаа хэдэнтээ мандуулахыг монголчууд харах заяатай гэж байсан шүү.

Нэгэнт их аваргатай Монгол түмний уламжлалт Сар шинийн баярын өмнө хөөрөлдсөнийх бөхийн барилдааны өнгийг асууж амжлаа. Тэрээр “Бөх хүний хувьд цагаан сарын барилдаан тэр жилийн наадмын өнгийг тодорхойлдог. Хамгийн шударга, үнэнч барилдаан болдог. Мэдээж бэлтгэл сургуулилт хэн сайтай нь амжилт гаргана. Энэ жилийн хувьд П.Бүрэнтөгс, Ө.Бат-Орших, Э.Оюунболд, Ч.Санжаадамба дөрвийн нэг нь түрүүлэх болов уу.П.Бүрэнтөгс, Ө.Бат-Орших хоёр энэ жил бэлтгэл сайн байгаа” хэмээлээ. Нээрээ л тэмцээн, уралдаан гэдэг хэн сайн бэлтгэсэн нь амжилт гаргадаг бичигдээгүй хуультай.

 

“ЭНЭ ЖИЛИЙН НААДМААР ЦОЛОО НЭГ САЙХАН ДУУДУУЛНА”

Балжаа аварга нэгэн үе Увс нуур дэвжээний бөхчүүдийг дасгалжуулж явсан билээ. Тэр үед тус дэвжээний бөхчүүд улсын баяр наадмыг гурван жил дараалан тэргүүлсэн нь бас л Балжаа аваргын гавьяа. Угаас Увс аймаг бөхөөрөө алдартай. Чухам яагаад тэнд ирээдүйн аваргууд төрдгийг нутгийн бөхийн хувьд сонирхоход,

-Олон талын юм бий. Манай нутгийн байгаль, газар нутагтай л холбоотой. Увс, Хяргас нуур, Ханхөхий, Хар­хираа уулсын дунд цаг уурын эрс тэс нөхцлийг давж гарч байгаа ард түмэн хөдөлмөрч, хатуужилтай байдаг юм. Тэд бэлтгэл сургуулилтыг маш шаргуу, тэвчээртэй хийж чаддаг. Энэ бүхэн нийлээд ма­най нутгаас зөвхөн үндэс­ний бөх гэлтгүй самбо, жүдо, чөлөөт бөх гээд олимп, дэл­хийн хэмжээний бөхчүүд төрөх үндэс нь болдог юм гэсэн.

Ингэж ярьсны нь хойно түүнээс саваагүйтээд дахин нэг асуултыг лавшруулж лавалсан юм. Ирэх наадамд зодоглох уу гэж. Аваргын нүд сэргээд ирлээ.

-Энэ жил түүхт ойн жил. 1024 бөх барилдах юм билээ. Энэ жил барилдаад дахиж барилдахгүй байх. Гурвын даваанд цолоо дуудуулъя. Би барууны магнайд гарна шүү дээ. Аварга цол авахын утга учир цолоо дуудуулахад байдаг юм. Улсдаа олон удаа шөвгөрсөн бөхчүүдийн нэг шүү дээ би чинь гэнэ лээ. Нээрээ л монгол үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээнээ хамгийн олон удаа шөвгөрсөн бөхчүүдийн нэг тэр мөнөөсөө мөн. Түүгээрээ бахархахгүй байхын аргагүй шүү дээ.

Нийтлэлийн төгсгөлд их аваргын бөхийн жудгийн тухай үг хэлүүлэх бодол сонирхол татаж байлаа. Тэрээр хэлэхдээ “Монголын эрчүүдийг монгол бөхтэй зүйрлэж явдаг. Монгол үндэстэн, үндэсний бөх уртын дуу, сур харваа гээд өөрийн гэсэн том соёлтой ард түмэн. Энэ соёлоор дамжуулаад монгол түмэн хүмүүждэг. Тэр утгаар бөх хүн түүний дэг жаягийг сахиад явбал яг л монгол эр хүнд байх зан чанарыг эзэмших боломжтой. Малгайгаа яаж тавих, цолны эрэмбэ ямар байх, барилдахын тулд ямар ёс жаяг сахих гээд л. Энэ их өв соёлын дээд эзэн байж цол хүртэнэ гэдэг том амжилт. Түүнийг дааж явах л чухал. Монгол эр хүний жудаг ёс бөхөөр дамжуулаад монгол түмэн бүтээжээ” гэж байлаа. Ийм л бодлоор О.Балжинням аварга бөхийн амьдралаа шүтэж явнам.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин