Сар шинийн баяр жил бүр содон байдаг. Ер нь их шинждэг, ажигладаг баяр юм даа. Ах дүү төрөл төрөгсөд ч нэг дороо цуглан удаан уулзаагүй нэгнээ хэр өөрчлөгдсөн амьдрал ахуй нь дээшилсэн дордсоныг шинжинэ. Дотно нэгэндээ тэгмээр ингэмээр гэсэн саналаа ч эвтэйхэн хэлчихнэ. Хөөрхөн багачуудын өсч томорсоныг бахдана. Хөгшид настнууд амар мэнд золгоод сууж буйд баярлана. Сар шинэ бол бас их нэгддэг баяр юм. Элгэн саднаараа, эх орноороо нэг хүн шиг болж ёс төрөө сахина.

 

Жилийн өнгийг байгал дэлхийтэй холбож харах бол төрийн хэргийг түвшин тогтуун шинжиж хэлэлцэнэ. Идээ ундаа элбэг дэлбэг байхын дээр эрхэлсэн ажил зорьсон санаснаа гүйцээх энерги авах гэж ухаан суусан хүн бүхэн мэрийх Цагаан сар том баяр мөн юм аа.

 

Н.Энхбаяр даргын Элбэгээ ерөнхийлөгчтэй хөөрөг зөрүүлдэг хэсэг нь бууз хүлээх зуурт хөөрөлдсөн зугаатай жиргээ болов. Сар шинэ юм болохоор сайхан талаас нь харж эвийн хүч суурилахын эхлэл ч юм билүү гэж билэгшээх нэгэн байна. Ээлжит жүжиг л байхгүй юу гэж, эд эвлэхээ өнгөрсөн гэж эгдүүцэх хашрууд ч байна.

Энэ хоёр ингэж инээж уулзаагүй хэдэн жил болсон юм бол. Тэр нь монголын улс төрийнхөн хатуу зуулттай, хагаралдаан төлхөлцөөнтэй төдөн жил болсоныг харуулна гэж гомдох аястай шинэлээч нар ч байлаа.

 

Яагаад хоёр улстөрчийн энгүүн хөөрөг зөрүүлсэн нь хүн хүний ам дамжин тэр оройдоо сонин содон болчихов. Улс орон эвээр ямар их дутаж, улс төрийн хагарал, хор ямар их илүүдсэнийг харуулав. Энд хэлэхэд “ямар хүүгээр мануулсанаа эх орон минь хараарай” гэдэг шиг ямар өнгөөр улс төр хийж, яаж иргэдээ цөхрөөж байгаагаа улстөрчид цагаан сараар тархиа сэргээхдээ мэдэрдэг байгаасай.

 

Эх оронд минь 3 өдөр хойморлосон цагаан сар хуучирна. Хүндлэл нигүүлсэл, өөдрөг бодол, өглөг буяны сэтгэл, өлзийтэй үгс, сар шинийн идээ шүүстэй хураагдах мэт байхгүй болчихдог. Бийлэгжүү зочин ирээд буцах шиг гэнэт алга болдог их ёс төр, сар шинийн эрэмбэ хүндлэлийг төрийн гол баганаас аргамжаад үлдэхсэн гэж бодогдоно.

 

Цагаан сараар л бид Монгол хүний хамаг сайхнаараа цогц гоёдог юм байна. Ямар өв соёлтой, оюунлаг ард түмэн болохоо мэдэрч, мэдрүүлж байна. Мөн энэхүү үг үйлийн сайхан цогцоороо ямар ард түмнийг яажшуухан чирч явааг нь улстөрчдөд үгээр бус утгаар нь харуулдаг гэмээр.

 

Эвийг дээдлэх үзэл, эх орондоо хайртай сэтгэл, гал халуун урмаар нь бүтээлч амьдралд хөтөлж залдаг бол Монгол зон зовлон ярьж дорой суухааргүй дотроосоо галтай ард түмэн гэдгээ сар шинийн өнгө түрлэгээрээ тод харуулж байгааг энд хэлэхийг хүслээ.

 

Төгсгөлд ганц өгүүлбэрээр ерөөл талбья даа.

 

Саран хэлбэртэй малгай, ээтэн хоншоортой гутлаар сар шинээр гоёдог шигээ төрт ёс, монгол сайхан жудгаараа төрийн түшээд 4 жилдээ бүтэн гангардаг болох болтугай.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/