Өнөөдөр Монголын эдийн засаг дампуурах замаар эргэлт буцалтгүй уруудаж яваа нь хэн бүхэнд илэрхий болжээ. Эрт орой хэзээ нэг цагт өрөө төлж хадахгүйд хүрч ниргэх нь тодорхой. Ингэхээр дефолт гэж юу вэ? Жирийн ард иргэдэд хэрхэн нөлөөлдөг вэ? Судалж байхад илүүдэхгүй болов уу гэж бодох юм.

Э.Амарлин

Өнгөрсөн 200 жилд манай дэлхийн 83 улс дампуурлаа зарлаж байж. Тэдний дунд АНУ, Герман, Япон, Англи гээд хүчирхэг улс орнууд ч багтдаг юм байна. Тухайлбал, АНУ байгуулагдсан цагаасаа хойш 5 удаа дампуурлаа зарласан ба нэг удаа гадаад өрөө, дөрвөн удаа дотоод өрөө төлж чадахгүйд дефолт болж байжээ. Эдгээр дампуурал нь Америкийн банк санхүүгийн сүйрлээс үүдсэн ба эхнийх нь 1790 онд сүүлчийнх нь 1933 онд болжээ.

Герман улс сүүлийн 215 жилд нийтдээ 8 удаа дампуурлаа зарласан байна. Тухайлбал, Дэлхийн 2-р дайны улмаас 1939 болон 1948 онуудад эдийн засаг нь сүйрч байж. Гэвч мөнгөний бодлогоо зөв зүйтэй залж хэрэгжүүлсний үр дүнд дэлхийн хүчирхэг гүрнүүдийн нэг болж чаджээ. Түүнчэн Англи улс нийт 4 удаа дампуурлаа зарласны хамгийн сүүлчийнх нь 1932 онд гэнэ.

Аливаа улс орны эдийн засаг дампуурахад хамгийн түрүүнд суурь тогтолцоо нь сүйрдэг гэнэ. Эрчим хүчний компаниудын үйл ажиллагаа зогсож (тог тасарна), шатахуун түгээгүүр хаагдаж, хүнсний дэлгүүрүүд хоосорч, банкнууд хаалгаа барьж, төрийн албан хаагчдын цалинг тавьж чадахаа больдог гэнэ. Энэ талаар 1999 оны Аргентиний жишээн дээр тайлбарлая.

АРГЕНТИН 1999 ОН

Аргентин дампуурах гэж буй шинж тэмдгийг хамгийн түрүүнд банкирууд нь мэдэрсэн гэдэг. Тэд доллар дүүрэн чемоданаа барьсаар Латин Америкийн Швейцар гэгддэг Уругвайд очиж, банкнаас хадгаламжийн хайрцаг түрээслэн авч мөнгөө хадгалжээ. Энэ олон сая доллар хаанаас ирсэнийг тэднээс хэн ч асуусангүй. Эрх мэдэл, эд баялагтай хүмүүс ч бас Аргентинаас мөнгөө татаж эхлэв. Ердөө ганцхан шөнийн дотор тус улсын хилээр 40 тэрбум доллар давж байсан удаатай.

Аргентиний бизнесмэнүүд мөнгөө гадагшаа гаргасны дараа хямралын хоёр дахь үе эхлэв. Удалгүй тог цахилгаан, бензин шатахуун тасарч, хоол хүнс ховордож, шуудан ажиллахаа больж, өндөр настнуудын тэтгэвэр зогсож, үйлчлүүлэгчдийнхээ хадгаламжийг банкирууд нь цөлмөчихсөн хоосон банкнууд хаалгаа барив. Засгийн газар банкны бүх дансыг 1 жилээр царцааж, иргэдэд долоо хоногт ердөө 250 ам.доллар авахыг зөвшөөрчээ. Ингэснээр банкинд хадгаламжтай байсан бага болон дунд бизнес эрхлэгчдэд хүнд цохилт болж, ажил үйлчилгээ явуулах санхүүгийн боломжгүй болов. Ард иргэд нь бага ч атугай мөнгөө авахын тулд банкны автомат теллер машины (АТМ) өмнө хоног төөрүүлдэг болов.

Хямралын дараачийн үе эхлэхэд иргэдийн хэрэглээ 60 хувиар буурчээ. Хоол хүнсгүй болсон иргэд дэлгүүрүүдийг цөлмөн дээрэмдэж эхлэв. 2001 оны 12 сар гэхэд ард иргэд ба хүчний байгууллагынхны хооронд гарах мөргөлдөөн хэвийн үзэгдэл болж, нийслэл Буэнос Айрэсын төв замын дэргэд гал түймэр тавьдаг болжээ. Ерөнхийлөгч онц байдал зарласан ч байдал улам дордов. Ерөнхийлөгчийн ордны өмнө 40 мянган хүн цуглаж, өдөржин шөнөжин түмпэн сав нүдэв. Нөхцөл байдал хэцүүдэж, хэв журам алдагдахад ерөнхийлөгч Фернандо де ла Руа нисдэг тэргээр зугтаав.

Хямралд орсон эх орноо хаяад нисдэг тэргээр зугатаж буй ерөнхийлөгчийн дүр зураг олон мянган аргентинчуудын ой тойнд үлджээ. Аргентинчууд өнгөрсөн 100 жилд үзсэн хамгийн хүнд санхүүгийн хямралд орсноо зарлав. 2011 оны сүүлч гэхэд Аргентин улс 132 тэрбум долларын гадаад өрийн хүүг цаг тухайд нь төлж чадахгүйд хүрч дефолтдов. Үндэсний мөнгөн тэмдэгт песогийн ханш асар хурдтай унав. Ажилгүйдэл 25 хувь хүрэв. Хувийн компаниудад ч дампуурал нөлөөлөв. Аргентин Айрлайнз онгоцны компани гэхэд хүнд байдалд орж, 2002 онд хэд хэдэн удаагийн олон улсын нислэгээ цуцалж, удалгүй дампуурлаа зарлав.

Ажилгүй, орон гэргүй 30-40 мянган иргэд гудамжаар хог түүж, хоёрдогч түүхий эд цуглуулан тушааж амь залгуулж байв. Бэлэн мөнгө дутагдахын улмаас бартераар эд зүйл наймаалдаг сүлжээ үүсч хөгжив. Аргентинд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг чанаргүй байx гэж түгшсэн зарим улс орнууд бүтээгдэхүүнээс нь авахаас татгалзаж эхлэв. Газар тариалан ч бас хэцүүдэв. АНУ-аас Аргентины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд нэмэлт хязгаарлалт тавьжээ. ТВ-ийн сувгууд хямдыг нь бодож реалити шоу бэлдэж эфирийн цагаа дүүргэх болов. Боловсрол, танин мэдэхүйн бүх нэвтрүүлэг хаагдав.

2003 онд мужийн захирагч Нестор Кирчнер ерөнхийлөгч болтол Аргентин улс хэдхэн долоо хоногийн зайтай 5 ерөнхийлөгчийн нүүр үзэв. Шинэ ерөнхийлөгч тус улсын гадаад өр болох 145 тэрбум долларыг төлж чадахгүй гэдгээ гадаад зээлдэгч нарт мэдэгдэжээ. Аргентин улс гадны зээлдэгч нартаа өрөө төлж чадахгүй, өөрийн иргэдийн өмнө хүлээсэн хариуцлагаа нэн түрүүнд тавина гэж мэдэгдэв. Тухайн үед тус улсын дотоод өр 128 тэрбум доллар хүрч байв.

Дефолтдож дампуурсан Аргентиний нэр хүнд шалдаа бууж, зээл олгох улс орон гэж үгүй болсныг дурьдах илүүц буй заа. Олон улсын зээл ховордож, бондны зах зээлийн хаалга хаагдсан тул Аргентин Хятад зэрэг улсаас зээл тусламж гуйв. Олон улсын зээлийн хүү 3% орчим байдаг бол хятадууд тэднээс хавьгүй өндөр хүүтэй зээл олгосон нь мэдээж. Гэвч Аргентинчууд өөр гарцгүй болсон тул авахаас өөр аргагүй.

Энэ хооронд Аргентиний мөнгөн тэмдэгтийн ханш асар их унаж, бүтээгдэхүүнийх нь үнэ буурсан нь шар буурцаг, улаан буудайн экспорт нэмэгдэхэд нөлөөлөв. Удалгүй Аргентин улсын эдийн засаг бага ч атугай өндийж эхлэв.

Дампуурлын тухай олон улсын хууль гэж байдаггүй. Дампуурсан улс орон бүр өр ширээ хэрхэн төлөх тухай өөрсдөө шийдвэр гаргадаг ажээ. Аргентин улс 2005 болон 2010 онуудад зээлдэгч нартайгаа тохиролцож, өрийнхөө гуравны нэг орчмыг төлөхийг санал болгож, шинэ бонд гаргав. Шинэ бонд нь зээлдсэн 1 доллар тутмын оронд 33 цент төлөх ажээ. Зээлдэгчдийн 92 хувь нь энэ нөхцлийг зөвшөөрсөн ч бусад нь мөнгөө заавал бүтнээр нь эргүүлж авна гэж зүтгээд, зарим нь Аргентиний засгийн газрыг шүүхэд өгчээ.

2014 онд Аргентин улс NML Capital компанийн эзэн тэрбумтан Пол Сингер гэгч америк эрд АНУ-ын дээд шүүхэд ялагдаж, 1.33 тэрбумын зээл + хүү гээд нийтдээ 1.5 тэрбум доллар төлөх болов. Тухайн үед Аргентиний төв банканд 29 тэрбум долларын хуримтлал байсан ч хэрэв өрөө бүтнээр нь төлөөд эхлэвэл шинэ бондны зөвшилцөлд ороогүй зээлдэгчид (нийт зээлдэгчдийн 8%) ойролцоогоор 15 тэрбум долларын өрөө нэхэмжлэн шүүхдэх нөхцөл бүрдэж, Аргентиний валютын сан хоосорно гэдэг үндэслэлээр аргентинчууд төлбөр хийхээс татгалзжээ.

Аргентин 1.5 тэрбумыг Пол Сингерт төлөхийг зөвшөөрсөнгүй. Хариуд нь АНУ-ын дүүргийн шүүгч Томас Гриза гэгч Аргентин улсыг 1.5 тэрбумын өрөө төлж байж шинээр гаргасан бондныхоо хүүг төлөх естой гэдэг шийдвэр гаргав. Улмаар Аргентин 2014 оны 7 сарын 31-нд төлөх байсан шинэ бондны хүүг төлөлгүй хоцроож, дахин дефолтын байдал үүсэв.

Дампуурлаа зарласан улс өрөө төлөхгүй тохиолдолд зээлдэгчид яадаг вэ? Мэдээж нэн түрүүнд Аргентин гаднаас зээл авах гэвэл тэрнийг нь замаас нь авч болох аж. Түүнчлэн, шүүхийн шийдвэр гарснаар тэрбумтан Пол Сингер АНУ-ын газар нутаг дээр буй Аргентиний төрийн өмчийг хурааж авах боломжтой болов. Үүнд төрийн өмчийн онгоц, гадаадад буй усан онгоц, ерөнхийлөгчийн онгоцыг ч хурааж авч болох аж.

Моодийгийн хөрөнгө оруулалтын үнэлгээний байгууллагын гаргадаг үнэлгээгээр өнөөдөр Аргентин улсын эдийн засгийн эргэлт 600 тэрбум доллар хүрч байгаа тул гадаад өр нь төдийлэн ноцтой биш гэж үзэж байна. Гэвч өнөөдөр хүртэл яригдсаар буй гадаад өрөө төлж дуусахаас нааш Аргентин улс таатай нөхцлөөр зээл авах тухай ярилтгүй юм.

Эх сурвалж: golomt.org