Төрийн өмчийн хорооны эрхэлж байсан чиг үүрэг Сангийн яаманд шилжсэн боловч ажиллах орон тоо, төсөв нь батлагдаагүй, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын төрийн төлөөллийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй байгааг харгалзан Төрийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар баталсан.

Төрийн өмчийн хороог татан буулгах, чиг үүргийг шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Сангийн яам, Хууль зүйн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн хороо, Архивын ерөнхий газрын бүрэлдэхүүнтэйгээр байгуулах, Төрийн өмчийн хороог татан буулгах ажлын хэсгийн удирдамжийг баталж, ажлын явцад хяналт тавих болон Төрийн өмчийн хороог татан буулгах, төрийн өмчийн хувьчлал, дуудлагын худалдаа, төрийн өмчийн төлөөлөл, төрийн өмчийн бүртгэл, тооллого зэрэг асуудлыг хариуцсан зарим ажилтныг чиг үүргийн дагуу Сангийн яаманд шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж дүнг маргааш буюу энэ сарын 15-нд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт танилцуулахыг даалгасан юм.

Мөн Төрийн өмчийн хорооны чиг үүрэг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжиж байгаатай холбогдуулан чиг үүргийг тасралтгүй, давхардалгүй, хийдэл гаргалгүй зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Болорт Ерөнхий сайд үүрэг болгосон юм.

Тэгэхээр маргааш Төрийн өмчийн хорооны татан буулгах ажлын хэсэг ажлаа танилцуулах үүрэгт хугацаа дуусаж байгаа ажээ.

Т.Буянаа