Хүний газарт ганцаараа зүтгэхийн зовлон хэцүүг энэ замыг туулж үзсэн хүн л мэдрэнэ. Энэ асуудал бол хоёр талтай. Зарим нь Монголчуудаасаа аль болох хол байхыг хичээдэг. Ууж идээд дарвиад байхгүй ажлаа хөгөөд амар гэдэг. Нөгөө талдаа хүнд гэнэтийн асуудал тохиолдоход хаана хандахаа мэдэхгүй, туслах таних мэдэх хүнгүй. Дээшээ тэнгэр хол болох үе бий. Тийм болохоор дотнын сайн найз нөхөд, хамт олонтой байх хэрэгтэй.

 

 

 

Хааяа нийлж цуглараад бие биендээ тусладаг, мэдээлэл солилцдог, чөлөөт цагаа хамтдаа зөв сайхан аялж зугаалж өнгөрүүлдэг, олон нийтийн сайн санааны үйл аян өрнүүлдэг нэгэн хамт олон болсон найзууд байдаг. Тэрүүхэндээ бие биенээ дэмжиж зовлон жаргалаа хувцаалцаж ажил төрөлд хамт гардаг нэг төрлийн хамт олны нэгж гэж ч болохоор.

 

Үүний нэг гэж болох Солонгос улсын нэг дүүрэгт байх “Ү- ИЛ” хууль зүйн товчооны Монггол талын төлөөлөгч орчуулагч А.Сарангуа ба түүний хамт олны тухай энд товч орууллаа. Цаашид түүний нэрийг товчлон Сараа гэж бичлээ.

 

Сараа бол Солонгост 17 жил болсон. Хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй ба үед Солонгос орныг анх зорьсон багийнхны нэг. Бид хоёр олон жилийн өмнө ажлын шугамаар танилцаж байсан. Би тэр үед Солонгост нэврүүлэг хийж явж таарсан юм. Тэгэхэд Үжинбү гэх газраас нэг эмэгтэй утсыг минь олчихсон залгаж “ Энд нэг Монгол чинь хүний газар ухаангүй шаналж зовж хэвтэж байна. Бид нар Монголруугаа буцаая ч гээд зардал мөнгийг нь дийлэхгүй болоод. Төр биш юм аа гэхэд сайхан сэтгэлт хүмүүст дуулгамаар байна. Та нэг ирээд сурвалжлаад өгчихөөч ” гэж нэлээн бухимдалтай ярьсан нь Монголчуудад тусалдаг нэгэн ТББ-ын тэргүүн А.Сарангуа байсан юм.

 

Тэр яриад байсан залуу ажиллаж байгаад учир битүүлэг байдлаар өндрөөс унасан байдалтай олдоод ухаан орохгүй удаж шаналсан нэгэн байлаа. Биднийг байдлыг сурвалжлахаар очиход ухаангүй хагас жил болчихсон эмнэлэг үйлчилгээний төлбөр нь талийчихсан. Эхнэр нь хүүхэдтэйгээ ирээд сахиад суучихсан үнэхээр хүнд зураглал угтаж авсан юм. Хамт ажиллаж байсан юунаас болоод ийм болсоныг хэлж мэдэх Монгол залуучууд нь бүгд ажлаасаа гараад сураг алдарсан байлаа. Дөнгөж 37 нас хүрч байсан хөөрхий залуу тэгээд ухаан орохгүй байсаар эх орондоо ирж нас барсан. Намайг тэр залуугийн тухай олон нийтэд мэдээлж сурвалжлахаар очиход Сараа бүх асуудалд нь явж хууль цагдаа бүх хөөцөлдөлгөөг дуусгаад мухардаад байна гэсээр сууж байсан юм. Энэ бол бараг 8 жилийн өмнө болсон уулзалт байлаа.

 

А.Сарангуа сүүлийн жилүүдэд Солонгосын байгууллагатай хамтран хуулийн товчоонд төлөөлөгч, орчуулагчын ажлыг албан ёсоор эрхэлдэг болжээ. Нэг өдөр түүнтэй хамт эмнэлэг дээр уулзалдлаа. Нэг залуутай хамт ирээд хаашаа явахыг нь сайн зааж өгөөд саллаа. Юун залуу болохыг асуувал 3 сарын визтэй ирээд үйлдвэрт ажиллаж байгаад машинд гараа хавчуулж баруун гарынхаа 3 хурууг тайруулсан байгаа нөхөр гэнэ. Мөн л хуулийн зөвлөгөө өгч хөөцөлдөлгөө болж ажиллаж байсан үйлдвэрээс нь 30-д сая вонн гаргуулахаар болсон. Одоо эмнэлгээс гараад мөнгөө авахаар хүлээж байгаа юм гэлээ.

 

Бид хоёр залуугаас салж эмнэлэг дээр ирлээ . Хоёр залуухан Монгол бүсгүй тэнд биднийг хүлээж байх. Нэг нь түрдэг тэрэгтэй байлаа. Хоёулаа залуухан 30 гарч л яваа насныхан.

Хоёр бусгүй нэг нь авто машины осолд нөгөө нь ажлын байрны осол буюу хоёр давхар орчмоос доошоо унасан гэнэ. Хоёулаа “харласан” гэсэн тодотголтой байлаа.

Осолд орсон бүсгүй аарцаг нь задарч цус алдаж бараг үхээд байхад нь эмнэлэг бараадуулж өгчээ. Солонгост эмнэлэг “бараадна” гэдэг зүгээр нэг эмчилгээ анхан шатны тусламж аваад салчих хэрэг биш. Гадаад иргэний хувьд даатгал, эмнэлгийн төлбөр, хохирол мөнгөө авах гээд олон асуудал давхар үүсдэг байна. Тэр дундаа харласан хууль бус оршин сууж буй тохиолдолд эмнэлгийн үйлчилгээ авах маш асуудалтай байж таарна. Сараа болон түүний анхаарал туслалцаанд байгаа хоёр бүсгүйдээс ойр зуур зүйл асууж суутал эмнэлгээс гарч байгаа гэх гуравдагч хүүхэн бас гараад ирлээ. Мөн л авто осолд орсон гэнэ. Гэхдээ зам гарах гэж яваад машинд мөргүүлжээ. Бас л хүнд гэмтэл авсан. 2 сар эмнэлэгт байсан гэнэ.

 

“Энэ хүний маань эмчилгээ дууссан. Эмчилгээний визийг нь авч өгсөн. Одоо гэртээ хонуулаад маргааш байдаг газарлуу нь буцаана даа” гэж Сараа урамтай нь аргагүй ярилаа. Энд түүний нэг том тус бол эмчилгээний зардлыг шийдүүлэх буруутай талаас зардал мөнгийг нь гаргуулахаас гадна хараар байдаг тэдэнд эмчилгээний виз авч өгчээ. Энэ нь бас тийм амар ажил биш бололтой. Ер нь бол хараар байсан хүн эмчилгээний виз авч чадсан тохиолдолд Монголруу нэг очоод эргээд Солонгост ирэх боломжтой байдаг байна. Олон жил виз байхгүйн улмаас аав ээж ах дүүтэйгээ уулзаж чадахгүй байсан хүмүүсийн хувьд бол энэ үнэхээр том боломж гэж болохоор.

 

Нөгөө тэрэгтэй бүсгүйн хувьд бол сонсоход тун хүнд л түүх өгүүлж байлаа. Нөхөр нь хууль бус визгүй,жолооны эрхийн үнэмлэхгүй. Мөн дээр нь согтуу байхдаа машин барьж яваад осол гаргажээ. Нэгэнт манай талын нөхрийн 100 хувь буруу байсан тул эмчилгээний зардал мөнгө нөгөө талаас авах талаар бол бараг боломжгүй байж. Гэвч хажууд нь сууж явсан хохирогч гэдгээр нь Сараагийн хуулийн компанийн зүгээс асуудал тавьж зарга үүсгэсээр ямарч байсан эмчилгээний зардлыг гаргуулахаар болжээ.

 

Бид гурав эмнэлэгт үлдсэн хоёрт хань болж нэлээн суугаад гарлаа.

Сараагийн өдөр тутмын ажил бол ямар нэг асуудалд орсон Монголчуудын асуудлыг хөөцөлдөх, эмнэлэг даатгал эрх нь зөрчигдсөн асуудлыг өмгөөлөх. Заримд нь хонох байр, хийх ажил олж өгөх зэргээр ундардаг гэж байлаа. Монгол орондоо очихоор хүнд суртал асар их байдаг болохоор ер нь сэтгэл дундуур буцдагаа хэлэв. Нэг хайртай эмэгтэй дүүгээ алдсан бөгөөд мөн л манай эмнэлгийн үйлчилгээ тусламжийн сул хангалтгүй байдлаас болсон талаар ярьж дүүтэйгээ хамгийн сүүлд утсаар ярьсанаа дурсан харууслаа.

 

Түүний ярианаас гаднаа амьдрал хэвийн мэт үргэлжлэх Солонгосын энэ саарал тэнгэр дор Монголчуудад минь тохиолддог асуудал бэрхшээл мөн ч их байдгийг олж харах шиг л болов. Бас ийм нөхцөлд энд байх хугацаандаа өөрийн найз нөхдийн хүрээлэл баг хамт олонтой байх нь тун чухал юм гэдгийг ойлголоо.

 

Энд цаг заваараа цуглаж уулздаг нэг үе тэнгийхнээс бүрдсэн нэлээд олон залуучууд байх бөгөөд тэд боломжтой үедээ мөнгө хандив цуглуулж ядарсан нэгэндээ сэтгэлийн тус дэм үзүүлдэг гэнэ. Мөн урт амралттай үедээ багаараа цуглаж аялаж газар орон үзэх зэргээр идэвхтэй өнгөрүүлцгээдэг юм байна.

 

 

Энэ уулзалтаас хэд хоногийн дараа би тэдний багтай нийлж цанын баазад нэг өдрийг өнгөрүүллээ. 10-д залуучууд байв. Энэ өдөр давхар баяр тохиосон тэдний хамт олны нэг Ц.Цэнгэнжавын гэр бүлийн хүн Ч.Сансартуяагын төрсөн өдөр тохиожээ.

Цанын баазаасаа ирээд тэднийд уригдлаа.

 

Хүний газар гэр бүлийн галаа асааж яваа залуус хосууд сэтгэлээсээ зочдоо дайллаа. Эндээс халуун дотно үдүүлэхдээ нэг зүйлийг тун сайн ойлгосон бөгөөд үүнийгээ л хэлэх гэж энэ урт бичлэгийг өрнүүллээ.

Та энэ оронд ажиллаж амьдрахаар зорьж ирсэн бол бүтээлч сэтгэлгээтэй мэдээлэл сайтай байхыг хичээгээрэй. Найз нөхөд холбоо сүлбээ сайтай болоорой. Хамгийн гол нь ядарсан тэвдсэн нэг Монголдоо боломж гарвал тусалж байгаарай. “Ганц хүн гал болдоггүй” гэсэн ардын сайхан үг зөвхөн ханьтай гэр бүлтэй болохыг хэлээгүй. Хүн хүндээ дэм болж хамтдаа байж, итгэлтэй эрч хүчтэй амьдрахыг хэлсэн байх.

 

Зарим тохиолдолд цааш харж зангаа өөрчлөх ч нэгэн таарч болно. Хүний газар “Хүний чанар” танигддаг. Та нэг цул болсон хамт олны нэг байх хэрэгтэй. Магадгүй та харийн нутагт гэнэтийн ямарч бэрхшээлтэй тулгарч болно. Одоо ч танд Солонгост ямар нэг асуудал тулгарсан бол 010-7455-8983 утсаар үнэгүй хуулийн зөвлөгөө авч болох юм билээ.

Хэтэвчний ард хадгалсан мөнгө байх ч хүн хүний дэмээр дутах үе байдаг. Ийм үед ард чинь амь нэгт Монголчууд, хамт олон байхыг мэдэрч байвал хүн өөртөө улам итгэлтэй болох биз.

 

 

Өвлийн олимпын

Өвлийн олимпын "баг"

Ц.Маргадэрдэнэ охин

Ц.Маргадэрдэнэ охин

Төрсөн өдрийн зочид

Төрсөн өдрийн зочид

 

 

 

Д. Баяраа. Сөүл хот

www.shuud.mn