Мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргалын ааш зан сүүлийн үед их эвдэрсэн харагдаж байна. Дэвжээн дээр гарч ирж шүдээ хавираад л, шагналынхаа мөнгийг шүүрч авснаа туслах руугаа шидэж ч байх шиг. Хару башёгийн сүүлийн өдөр яав. Түрүү бөхийн шагнал авахдаа уйлж унжсан.

Уг нь ч нулимстайгаа хутгалдахаар сүртэй зүйл болоогүй л дээ. Телевизэд ярилцлага өгөх үеэр нь нэгэн үзэгч “Хакухо чи аварга хүн байж зайлж давахаасаа ичихгүй байна уу” гээд хашхирчихсан юм. Энэ үг аваргын чихэнд очоод юу юугүй өмөлзтөл уйлуулчихсан хэрэг. Сумогийн ертөнцөд аварга хүн зайлж давах ёсгүй гэх дүрэм байхгүй л дээ. Гэхдээ өрсөлдөгчдөө боломж олгон мэх хийн давахыг аварга хүнээс шаарддаг юм. Үүнийг нь буруушаан орилсон үзэгчийн үг Хакухог япон түмний өмнө уйлж улцганууллаа. Энэ мэтээр их аваргын зан ааш ер нь л өөр болоод байна. Үүнийг нь Японы хэвлэлүүд анзаараад шүүмжлэх янзтай болоод явчихлаа. Угтаа их аварга хүн ингэж болохгүй ээ. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэгчээр гэж монгол үг байдгийг санах хэрэгтэй. Асар их утга агуулсан ардынхаа үгийг сана. Үгүй ядаж л япон эрчүүд шиг бай л даа. Бидний сайн мэдэх Кайо, Таканохана, Чиёонофүжи аварга шиг янз бүрийн ааш гаргалгүй түвшин сайхан бай. Тэднийг япончууд элдвээр хэлж байгаагүй гэвэл тэрэн шиг худал зүйлгүй болно. Гэвч тэд бөх хүний тэвчээр гарган дотоод сэтгэлээ ил гаргаад байдаггүй. Ер нь хэн ч, хаана ч, яаж ч явсан усыг нь уувал ёсыг нь дагадаг. Яг одоо Японы нийгмийн дарамт эхлээ ч үгүй байгаа шүү дээ. Хакухогийн хувьд өөрийг нь япон хүн бил үү, монгол бил үү гэж эргэлзтэл нь ёс заншлыг нь дагаж байх ёстой. Япончууд Хакухог япон эхнэр авахад нь бэлгэшээн баярлаж иргэнээ болгоно гээд л байсан. Яахав тэндхийн иргэн болчих л доо. Тэглээ гээд япон хүн болчихгүй, монгол хүн хэвээрээ л байна.

Хакуход сумогийн ертөнцөд ойрын таван жилдээ босоо байх боломжтой сайхан ирээдүй бий. Харин энэ хэдэн жилийн дотор сумод байж болох бүх дээд амжилтыг нь тогтоо. Хэрэв Японы хэвлэлүүд жинхэнэ утгаараа дарамталж эхэлбэл түүнийг дагаад Монголд ч гэсэн хэвлэлийн хийрхэл эхэлнэ. “Тал нутагтаа ир”, “Өмхий япончуудад ингэж дээрэлхүүлээд байхдаа яадаг юм”, “Монгол чинь хүлээж байна” гээд л хийрхэцгээнэ. Асашёорюү Д.Дагвадоржийг яасныг мэдэж байгаа биз дээ. Эх орондоо хүрээд ир, хүрээд ир л гээд байсан. Энэ бол ерөөсөө л хийрхэл, хоосон шүлс юм. Магадгүй хоолноос нь салгах гэсэн оролдлого ч байж мэднэ. Нэг монгол хоолтой байж гэмээнэ түүнийх нь нөлөөн дор хэчнээн олон монголчууд сайхан амьдарч байгаа билээ дээ. Хакухо Японд байснаараа хоёр улсын найрамдлыг баталгаажуулж буй. Харилцааны бас нэгэн гүүр болж байгаа. Тиймээс япон зон олны хүндлэлийг хүлээсэн хэвээрээ байж Монгол, Японы ард түмнийг ойртуулах, найрамдлыг нь улам бүр баталгаажуулах хэрэгтэй. Идэж байгаа хоолоо зүхэх нь дэлхийд байхгүй тэнэг зан. Өөрийнхөө идэж байгаа хоол руу нулимдаг хүн байдаггүй. Энэ монголчууд биднээс л гарах зан шүү.