“Усны нөөц, хөгжлийн бодлого” номын зохиогч, техникийн ухааны доктор, Антарктид судлалын нийгэмлэгийн гишүүн, “Усны Ассоциаци” ТББ-ын тэргүүн Д.Батмөнхтэй ярилцлаа. Тэрбээр саяхан эх орноо төлөөлөн Антарктид тивд амжилттай ажиллаад ирсэн юм.

-Та бол эрдэмтэн, судлаач хүн. Энэ утгаараа Антарктид яваад судалгаа, эрэл хайгуул хийгээд ирнэ гэдэг бахархал мөн үү?

-Үнэхээр хүнд бөгөөд хэцүү даалгавар л даа. Энэ бол яах аргагүй Монгол хүний бахархал мөн. Монгол Улс 2015 оны гуравдугаар сард “Антарктидын тухай гэрээ”-нд нэгдэн орсон 53 дахь орон болсноос хойш анх удаа миний бие судлаач, эрдэмтэн гэсэн статустай олон улсын Антарктид судлалын багт ажилласан. Энэхүү гэрээнд манай улс нэгдэн орсноор Антарктид тивд өөрийн судалгааны багийг илгээх, судалгааны станцаа тэнд байршуулах боломж бүрдэж байгаа. Уг гэрээ нь Өмнөд өргөргийн 60 градусаас урагш орших нутаг дэвсгэрт үйлчлэх зохицуулалттай. Гэрээнд нэгдэн орсон аль ч улс орон тус нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхтэй юм.

 

-Антарктид судлалыг Монголд Улсад ямар байгууллага хариуцан ажилладаг вэ?

-Би дээр цухас дурдсан, Монгол Улс Антарктидын гэрээнд нэгдэн орсон гэж. Гэрээнд нэгдэн орсноос хойш энэ асуудлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам хариуцаж эхэлсэн. Сая миний явсан нь энэ яамны ажлын нэг хэсэг байсан. Миний бие Болгар Улсын Антарктид судлалын 24 дүгээр багийн бүрэлдэхүүнд ажиллах бүхий л ажлыг Болгар Улс дахь Монгол Улсын элчин сайдын яам зохион байгуулсан. Судалгааны багийн болон судлаач миний хэрхэн ажиллаж буй мэдээллийг Гадаад харилцааны яаманд байнга хүргүүлж байдаг. Монгол дахь Антарктид судлалын нийгэмлэг энэ асуудлыг мөн л хариуцаж ирсэн. Өдгөө ч энэ байгууллага Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж байна. Эл асуудалд олон байгууллага хамтран ажилладаг. Тухайлбал, “Усны Ассоциаци” ТББ-аас хоёр судлаач Антарктид тивд амжилттай ажиллалаа.

 

-Антарктидын уул ус, ургамал амьтан, цаг агаарыг судална гэдэг шууд бус утгаараа хүн амьдарч, хот тосгон байгуулж болох эсэхийг л хэлээд байна уу?

-Шууд утгаараа Антарктид тивд хот тосгон байгуулах тухай асуудал огт байхгүй. Гэрээгээр ч үүнийг зохицуулаагүй. Зөвхөн судалгаа шижилгээний ажил явуулахаар заасан байдаг. Антарктидын цаг агаар, хөрс, ургамал амьтныг судлах нь эх дэлхийгээ хамгаалах тухай асуудал юм. Антарктид тивийг Өмнөд далай хүрээлэн оршдог. Өмнөд далай бусад далайтай нийлдэг. Өөрөөр хэлбэл, далайн урсгалууд халуун болон хүйтэн усыг дэлхий даяар байнга шилжүүлэн түгээдэг. Тухайлбал, эквадор орчим дахь бүлээн ус экватораас өмнөд болон умард туйл руу байнга шилжиж байдаг. Далайн ус нь дулаан болон хүйтэн агаар, хур тунадасыг эх газарт хүргэдэг. Энэхүү шилжилт хөдөлгөөн дэлхийн гадаргын халуун болоод уур амьсгалыг зохицуулах үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс дэлхийн өмнөд болон хойд туйлыг судлах нь цаг агаарын өөрчлөлтийг хянах ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд Антарктид тивд их хэмжээний цас орж байгааг судлаачид тогтоосон. Энэ нь цаг агаарын дулааралтай холбоотой бөгөөд дэлхий даяар зуны улиралд хэт халах, өвлийн улиралд хэт их цас орж хүйтрэх үзэгдэл ажиглагдах болсон. Уг үзэгдэл 2015 оны сүүл, 2016 оны эхний сард ихээр ажиглагдаж байгаа. Олон улсын хэвлэлүүдэд энэ тухай мэдээлэл нэлээд их гарч байна.

 

-Цэвэр усны гачигдлаас болж дэлхий дээр жил тутам олон мянган хүн амь насаа алддаг. Гэтэл дэлхийн цэвэр усны нөөцийн 90 гаруй хувь Антарктидад байдаг. Үүнийг хүн төрөлхтөн өдөр тутмын хэрэгцээндээ хэрэглэх боломж бий юу?

-Манай дэлхий арвин их усны нөөцтэй ч цэвэр усны нөөцөөр харьцангуй бага. Цэвэр усны нөөцийн ихэнх нь Антарктид тивд мөс, цасан хэлбэрээр хуримтлагдаж байдаг бол нөгөө хэсэг нь эх газрын мөнх цаст уул, нурууд, цэвдэг хөрс, гол мөрөн, газар доорх уст давхаргад оршдог. Энэхүү бага хэмжээний усны нөөцийг маш их хэмжээгээр бохирдуулж байгаад асуудлын гол нь оршиж байгаа юм. Тэр битгий хэл Антарктид тивд эх газрын бохирдол хүрэх болсон. Антарктид тив дэх арвин их усны нөөцийг хүн унд ахуйдаа хэрэглэж болох олон жишээг хэлж болно. Энэ тив дэх ус, агаар, хөрс, ургамалд ямар нэгэн төрлийн бохирдол байхгүй учраас хүн тэнд амьдрах өргөн боломж бий. Хүн байгальд дасан зохицох тийм л амьдрал Антарктидад бий. Антарктидын ус бол үнэхээр цэвэр, тунгалаг хүний биед сайн нөлөөтэй гэдгийг олон орны эрдэмтэд баталсан байдаг. Дэлхий дээрх хамгийн сайн чанарын ус гэж үздэг. Манай хуучуулын хэлдгээр тэр тив дэх усыг хүний амьсгаа хүрээгүй мөнхийн ус гэж хэлэхэд болох юм шигээ.

 

-Антарктидад цэвэр уснаас гадна олон төрлийн ашигт малтмал бий гэдгийг мэдэх болсон. Хэзээ нэгэн цагт ашиглаж эхлэх байх. Энэ хугацааг ойролцоогоор 100 жил гэж үзэж болох уу?

-Тус тивд олон төрлийн ашигт малтмалын хүдэр, тухайлбал төмрийн хүдэр, алт илэрсэн бөгөөд Транс Антарктидын нуруу нүүрсний арвин их нөөцтэй. Энэ бүс нутаг байгалийн маш хүнд нөхцөлтэй тул эдгээр ашигт малтмалыг ойрын хугцаанд ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиг багатай гэж эрдэмтэд үздэг. Таны хэлж байгаа 100 жил гэсэн тоог хэлэхэд хэцүү. Ямарч тохиолдолд энэ тив дэх ашигт малтмалыг ашиглах зайлшгүй шаардлага хүн төрөлхтөнд тулгарч байгаа. Хэзээ гэдгийг цаг хугацаа л харуулах байх. Энд ашигт малтмалаас гадна хоол хүнсний арвин их баялаг байдаг. Ганцхан жишээ, Өмнөд далайд сам хорхой гэдэг амьтан маш их бий. Антарктидын сам хорхойн био масс дэлхийн хүн амын тооноос их гэдгийг эрдэмтэд баталсан.

 

-Монгол Улсын судалгааны баазыг Антарктидад ойрын нэгээс хоёр жилийн дотор байгуулна гээд байгаа. Албан ёсны бус ч Монгол Улс Антарктид тивд газартай болно гэж үзэж болох уу?

-Монгол Улс даяаршлын эрин үед олон улсын харилцаа, хамтын ажиллагаанд улам идэвхтэй оролцож, манай улсад үр ашиг шинээр бий болгох, хүн төрөлхтний нийтлэг өмчөөс хувь хүртэх ирээдүйн өрсөлдөөнөөс хоцрохгүй байх зорилгоор манай улс “Антарктидын тухай гэрээ”-нд нэгдэн орсон байдаг. Энэ гэрээнд нэгдэн орсноор Монгол улс Антарктид тивд өөрийн судалгааны баазыг байгуулах бүрэн эрхтэй болж байгаа юм. Мэдээж хэрэг судалгааны бааз байгуулах газрын асуудал чухал. Антарктид тивд судалгааны бааз байгуулах газар нь хэд хэдэн шаардлага хангасан байх ёстой байдаг. Нэгдүгээрт, байрлалын хувьд далайгаас хол бус, хоёрдугаарт, ундны усны эх үүсвэртэй, гуравдугаарт, цас харьцангуй бага унадаг, дөрөвдүгээрт, олон улсын баазтай ойр байх зэрэг үндсэн шаардлагууд тавигддаг. Харин тус тивд Монгол Улсын судалгааны бааз байгуулах газрыг олж тогтоох, тэнд судалгаа явуулах ажлыг доктор А.Батболд, профессор Л.Дүгэржав, Д.Ганбаатар, Х.Пүрэвбаатар нар хийсэн. Монголын бааз байгуулах газрыг Ливингстоны аралд, Болгар Улсын судалгааны баазаас 800 гаруй метр, Испанийн баазаас хоёр километр зайд тогтоосон. Харин судлаач миний бие 2015 оны арванхоёрдугаар сард Антарктид тивийн Ливингстоны аралд ажиллах хугацаандаа Ливингстоны аралд байрлах Монгол Улсын бааз байгуулах газрын судалгааг нарийвчлан тогтоох судалгааны ажлыг Болгарын судлаач, эрдэмтдийн хамт орчин үеийн багаж төхөөрөмж, программ хангамж ашиглан нарийвчлан тогтоосон. Тодруулбал, судалгааны ажлын үр дүнд Монгол Улсын бааз байгуулах газрын хил заагийг тогтоосон бөгөөд газрын өндөр нам, байрлалын зураг, хэмжээ, эргэн тойрны болон бүх талын видео зураглал хийсэн болно. Бид Антарктидад албан ёсоор бааз байгуулах газартай болсон. Үүнийг Болгар болон Испанийн баазынхан бүрэн зөвшөөрч байгаа. Одоо тэнд газартай юу, үгүй гэж эргэлзэх хэрэггүй Монгол Улс Антарктид тивд газартай гэж ойлгож болно.

 

 

-Судалгааны баазтай болохын ашиг тус их үү?

-Мэдээж их шүү дээ. Өөрийн гэсэн баазаа байгуулснаар төрөл бүрийн судалгаа хийх, бусад орны эрдэмтэдтэй мэдээлэл солилцох гээд олон зүйл бий. Түүгээр ч зогсохгүй дэлхийн цаг агаарын өөрчлөлт, хүн төрөлхтний ирээдүйн цэвэр усны болон байгалийн нөөцийг судлахад өөрсдийн хувь нэмрийг оруулахаас гадна танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой. Хамгийн чухал нь Монгол хүн Антарктид судлалд хувь нэмрээ оруулах өргөн боломж нээгдэж байна. Үүнийг бид цаг алдахгүй ашиглах хэрэгтэй, Антарктидын гэрээний үүргээ ч манай улс сайн биелүүлж бусад оронтой хамтарч ажиллах уламжлалаа хадгалах нь чухал юм.

 

-Судалгааны бааз байгуулах төсөл Засгийн газарт өргөн баригдаж амжсан уу?

-Миний бие тус тивд Монгол Улсын бааз байгуулах боломжийн тухай тайланг Антарктид судлалын нийгэмлэгээр дамжуулан Гадаад харилцааны яаманд хүргүүлсэн. Бидний төлөвлөж байгаагаар Монгол Улсын баазыг жил бүрийн арванхоёрдугаар сараас гуравдугаар сар хүртэл, гурван сарын туршид ажиллуулах юм. Баазад нэг жилд тав хүртэл тооны судлаачийг ажиллуулах боломжтой байхаар зохион байгуулах шаарлагатай гэж үзсэн. Хөрөнгө мөнгөний хувьд урьдчилсан байдлаар 250.0 мянган америк доллар шаардлагатай гэсэн тооцоо гарч байгаа. Энэ мөнгө санхүүгийн асуудлыг Засгийн газраас болон хувийн хэвшлийн байгууллагуудаас шийдээд өгвөл баазыг хоёр жилийн хугацаанд барьж ажиллуулах боломжтой. Антарктидад ажилласан манай судлаачид энэ талаар хөрш орны баазын мэргэжилтнүүдтэй ярьж, зөвлөлдсөн байдаг.

 

-Нууц биш бол Антарктид Та дахин, хэзээ явах вэ?

-Би үүнийг ёстой хэлж мэдэхгүй байна. Энэ тухай багахан тайлбар хэлсний дараа та бүхэн өөрсдөө тунгаан бодно биз ээ. Антарктид тивд хүн удаан хугацаагаар амьдрах боломж бага. Өвлийн улиралд, Өмнөд далайн ихэнх хэсэг хөлдөх ба Антарктидын эргэн тойронд далайн мөсний нийт талбай 7-8 дахин нэмэгдэж хөлддөг. Далайн усны хөлдөлт, цаг агаарын хүйтрэлттэй холбоотой өвлийн улиралд ихэнх улсын бааз ажилладаггүй. Жишээ нь, Ливингстоны арал дахь Болгар Улсын бааз жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлээс дараа оны хоёрдугаар сарын сүүл хүртэл ажилладаг. Дурдсан хугацаанд Антарктид тивд зун болж далайн эргийн орчимд бага хэмжээний гэсэлт явагдаж, эрэгт хүрэх боломжтой үе тохиодог. Энэ үеийг ашиглан олон орны судлаачид Антарктид тивд ажилладаг. Зуны улирал болж байгаа учраас энд шөнө харанхуй болдоггүй. Нөгөөтэйгүүр Антарктид тивд ажиллах судлаачид ихэнхдээ хязгаарлагдмал орчинд ажиллаж, амьдарна.

 

-Хязгаарлагдмал орчин гэхээр юу гэж ойлгож болох вэ?

-Хязгаарлагдмал орчин гэдэгт байгаль орчин, цаг агаарын нөхцөл, мөн түүнчлэн орон байрны хангамж нөхцөлийг хэлнэ. Байгаль орчны хувьд байнгын цастай, цас, мөсөн уулуудтай, хөвдөг мөсөн уулуудтай далайгаар хүрээлэгдсэн байдаг. Цаг агаарын байдал огцом өөрчлөгддөг. Гэнэт хүчтэй шуурдаг, хэрэв баазаас хол явж байгаа бол төөрөх аюул их. Явах зам хязгаарлагдмал тул их хэмжээний цасан нурангид унах, дарагдах эрсдэл байдаг. Антарктид тивд ажиллах аль ч түвшний судлаач сэтгэл зүйгээ удирдах өндөр чадвартай байх хэрэгтэй. Хязгаарлагдмал орчинд хүний сэтгэл зүйд ихээхэн өөрчлөлт гардаг. Тиймээс ажиллах чадвараа алдах, бие бялдрын хувьд тавгүйдэх зэрэг олон зүйл тохиолдож болно. Энэ талаар сайтар бэлтгэл хийж сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй болдог. Ер нь энэ тивд ажиллах хүнд үндсэн гурван шаардлага тавьдаг гэж болно. Нэгдүгээр, шаардлага бол англи болон бусад хэлний өндөр боловсролтой байх, хоёрдугаарт, бие бялдрын хөгжил сайтай, эрүүл чийрэг байх, гуравдугаарт, сэтгэл зүйн хувьд маш тайван байх чадвар зэрэг юм. Эдгээр шаардлагуудаас хамгийн чухал нь аливаа хүн сэтгэл зүйгээ удирдах чадварыг маш сайн эзэмших ёстой байдаг.

 

-Антарктид тив далайгаар хүрээлэгддэг. Тэгэхээр далайг амжилттай гатлах явдал чухал биз?

-Тийм ээ. Далайг гатлах хүндхэн даваа байдаг. Өмнөд далайг гатална гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл, ихэнх тохиолдолд Антарктид хүрэхэд Андын нуруун дахь Номхон далай, Атлантын далайг холбосон Магелланы хоолойг даван Өмнөд далай, Атлантын болон Номхон далайн уулзвар болох Дрейкийн хоолойг гаталдаг. Энэ хоолой нь хамгийн ширүүн далайн давалгаатай бөгөөд бүлээн болон хүйтэн усны уулзвар юм. Дрейкийн хоолой Өмнөд Америкийн өмнөд үзүүр болох Хорн хошуу ба Антарктидын хойгийн хойд үзүүр хооронд оршдог. Дрейкийн хоолойг усан онгоцоор гатлах явдал байнгын түгшүүртэй байдаг. Ялангуяа цаг агаар тааламжгүй үед маш ширүүн давалгаа үүсдэг бөгөөд энэ нь судлаачид болон аялагч нарт далайн өвчин тусах аюул байнга дагуулдаг. Ийм ч учраас хөлөг онгоцны ахмад Дрейкийн хоолойг амжилттай давсны баталгаа болгож хүн бүрт гэрчилгээ олгодог. Энэ нь ямар их бартаа саадтай замыг туулсан болохыг баталдаг олон улсад нэр хүндтэй гэрчилгээ юм. Дашрамд сонирхуулахад, Монголоос Антарктид хүрээд буцаж ирэхэд ойролцоогоор жар орчим мянган километр зам туулдаг. Дэлхийн эх газраас бүрэн тасарч, далайд доод тал нь зургаа хононо гээд бод доо. Ер нь тоочоод байвал хүндрэл бэрхшээл их бий. Ийм нөхцөлд дахин явахад хувь хүнээс маш их эрч хүч, тэсвэр тэвчээр шаардагдах юм. Гэхдээ ард нь гарах л ёстой.

Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

О.Номин