Орой үдшийн цагаар хүнд зодуулчих вий, нохой шувуунд бариулчих вий хэмээн эцэг эхчүүд хүүхдээ нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг. Ямар ч эцэг эх охиноо бусдад хүчиндүүлнэ, тэр тусмаа гурвын гурван ламд хүчиндүүлнэ гэж бодоогүй бизээ. Тэгвэл нэг охиныг гурван лам хүчиндсэн хэрэг орон нутагт гарсан байна.

Энэ хэрэг 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хөдөө орон нутагт болсон юм. Монголын бурхны шашин шүтдэг хүн бүрийн очиж сүслэн залбирч байсан хийдийн лам нар хэргийг үйлдсэн. 24-33 насны Н.Г, Э.Д, Б.Ж гэх лам нар энэ хэргийг үйлдсэн байдаг. Н.Г, Э.Д, Б.Ж нарт Эрүүгийн хуулийн 126.2.6. буюу бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон гэх зүйл ангиар 5-10 жилийн ял төлөвлөсөн. Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь заалтыг үндэслэн шүүгдэгч Н.Г-г 3 жил 8 сарын хорих ялаар, шүүгдэгч Э.Д-ыг 3 жил 8 сарын хорих ялаар, Б.Ж-г 3 жил 8 сарын хорих ялаар тус тус шийтгэж, ялыг жирийн дэглэмтэй эдлүүлэхээр анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн байдаг.

Анхан шатны шүүхээс ял авсан лам нар давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргасан байдаг. Давж заалдах шатны шүүх хурлын үеэр ял авсан лам нар гэмшиж байгаагаа хэлж, ялыг хөнгөлж өгөхийг хүссэн бол прокурор тэдний давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх саналтай байгаагаа хэлж байсан. Давж заалдах шатны шүүхээс тэдний хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болжээ.

Энэхүү мэдээллийг бурхны шашны нэр төрд халдах зорилгоор бус буян номын мөр хөөж буй цөөн хүн бузар үйл хийж болзошгүйг сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэв.

Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ гараас гарсан, том болсон гэлтгүй хүүхдээ ганцааранг нь орой үдэш явуулахгүй байх, оройтвол утсаар ярьж тосож байх зэргээр хараа хяналтандаа байлгах хэрэгтэй байна.